Шууд Chart

Аавын минь хүсэл биелнэ гэж сэтгүүлч би залбирму...

2014-10-28 16:41:15

Сэтгүүлч бидний  ажлын өдөр ээдрээтэй асуудлын учгийг хөөхөөр эрэл хайгуулд гарахаас эхэлнэ.  Өнөөдрийн хийх сэдэв ч харин санаанд  буугаагүй зүйл байлаа. Хорт хавдар.... Тэр бүр барьж аваагүй л сэдэв байна. .... Ажил хойно  чиглэл маш тодорхой учраас шууд  Хавдар судлалын үндэсний төвийг зорилоо. Эмнэлгийн хаалга татахуй дор “Цацраг туяа” гэсэн  тод улаан бичгийг олж хараад  тогонд цохиулсан мэт алмай амьтан, хэдий удаан зогссоноо ч мэдсэнгүй.  Энгэр тушаа утасны хонх дуугарахад л сая нэг сэхээ авч буйгаа мэдэрлээ...  ЦАЦРАГ ТУЯА... 

Энэ үг надад үхлээс ялгаагүй сонсогддог байлаа. Энэ талын эмнэлэг домлогтой мэдээллээс  жаахан хол жийрхэж захлаад явсан маань  балчир багадаа амссан зовлон шаналалаас үүдэлтэй байж мэдэх юм.  Бараг л мартагдах шахсан  аавыгаа би энэ мөчид дурслаа. Таагүй   дурсамжууд  сэтгэлийн минь  шархыг  үл хайхран  эргээ халин  давах голын урсгал  шиг багтаж ядан хөвөрлөө. Хөөрхий  аав минь хориод жилийн өмнө  ходоодоо  эмчлүүлэх гэж энд ирсэн юм.  Тэгээд л нялх балчир хүүгээ орхиод эл орчлонгоос  холын хол яваад өгсөн юм. Би энэ тухай  бодож зогслоо.  Хожим  би энэ  эмнэлгийг олох юмсан гэж боддог байсан ч халирч зүрхшээгээд больчихсон юм даа.

Манайх  жирийн л нэг хөдөөгийн малчин айл. Аав минь  нэгдлийн мал малладаг байлаа.  Миний л мэдэхээр  архи дарс уугаад байхгүй.  Хаяахан нэг хүртэнэ.  Ер нь ховорхон доо.  Сар шинээр ах дүү нар нь идээний дээж гээд шилтэй цэнхэрийг ёс мэт авчирна. Түүнийг нь нандигнах гэж жигтэйхэн авдрын мухар руу л хийгээд байна.  Хаа нэг холын зочин айлчлах, сар шинийн өргөн баяраар л мөнөөх  шилтэй цэнхэр задарна, аав минь ганц нэг хундага тогтооно. Сэтгэлээ нээж баярлаж байгаа нь тэр.  Энэ үед  миний баярлах гэж тоймгүй. “ Алив миний хүү аавдаа ир... “ гээд  намайг ойр ойрхон дуудаж, духан дээр минь  үнэрлээд  өвөр дээрээ эрхлүүлнэ.

Аавын минь үнэрийгээ... Тийм гэхийн аргагүй, цаанаа л нэг өег зөөлөн, сайхан мэдрэмж төрдөгсөн... Хүний амьдрал тааварлашгүй байх юм. Намайг дунд ангид ордог жил  ээж минь бурхан болж  аав бид хоёр  өнчирч хоцорлоо. Ингээд л аав минь ухаан суугаагүй балчир үрээ  бөөцийлж, гэрийн гаднах доторхийг яаж нэг юм болгоод байсан юм, эргээд бодоход   нэг л бүдэг бадагхан. Эр ганц хүн, амьдралын нугачаанд зүдэрч л яваа биз хөөрхий. Би бага болохоор зуны дэлгэрт тоглож наадаад, бусад улиралд сургуулийн мөр хөөгөөд алга болно. Аав минь адуу  мал гээд гэрийн бараа ер  харахгүй. Миний аав ер өвчин хэлж байгаагүй санагддаг.  Хаяахан  ээж  таван салаа түүж гэр дээр хатаана. Аавынх нь  ходоод эвгүйрхээд байгаа юм гэдэгсэн.

Ээжээс хойш аав минь таван салаа... энэ тэр болж өөрийгөө тойлсон уу даа... би ч анзааргагүй  явж дээ. Гэтэл нэг өдөр аав минь   бие нэг л аривгүй   гээд  хот явж үзүүлэхээр  боллоо. Тухайн үед хоол идэхдээ зовиурладаг байж билээ. Би  аавыгаа  их л хол явах нь гэж таамаглахаас цаашгүй  Улаанбаатарын тухай төсөөлөл ч надад байсангүй. Удахгүй эргээд ирнэ ээ гээд явсан хүн чинь сар боллоо. Хоног хойшлох бүрийд л сэтгэл бэтгэрч, хөтөл даван алсарсан замыг ёстой л элэгдтэл л ширтсэн дээ би.  Надад ааваас минь өөр хүлээх хүн үгүй билээ.. Гэтэл удтал хүлээлгэсэн аав минь ирж миний магнай тэнийлээ. Хүнээр сугадуулсан хэр нь  хөл дээрээ арай ядан тогтох  аав минь муухан инээмсэглэсээр машинаас бууж ирлээ. Хол ойрын айл хөрш ах дүү нар аавын минь мэндийг мэдэж, хотын сонин сонсохоор цуглаад иржээ. Аав минь“... ай бас айхтар өвчин юмаа.  Сайхан хүмүүсийн буянд  бишгүй л явж үзүүллээ. Хагалж огтлуулах юм байхаа...

Энэ биеийн байгаа царай  яаж ч дийлэв гэж. Бүртийтэл хоцорсон энэ муудаа сэтгэл хорогдоод өөрийгөө л аваад ирлээ шүү дээ   гээд  намайг тэврэн үнсэж билээ. Энэ бол 1993 оны намар байлаа. Тэр жил ямар урт намар болов оо. Аав минь хэцүү нэрт өвчний улмаас  мөн ч их зовсондоо. Нүдэн дээр минь өдөр, хоногоор дордсоор өлсөж харангадаж л өөд болсондоо.  Хэвтэрт орсон аав минь үе үе намайг дэргэдээ дуудаж  “Эрт мэдэж дуулсансан бол арга чарга хайх байж дээ” ... Аав нь хожимдож  миний хүү эрдэм номтой хүн болоорой.  Сурсан мэдсэн зүйлээ бусдад байнга хэлж яваарай аав шиг нь харанхуй хүмүүс өчнөөн бий. Адаглаад миний хүүд буян болно гэж захисансан. Ааваасаа хойш би 20 жилийг ардаа үдэж.  Хувь төөрөг юм байлгүй дээ, би сэтгүүлч  мэргэжил эзэмшиж, аавынхаа бичгийн хүн болоорой гэсэн  хүслийг нь бага ч атугай гүйцээхсэн гэж залбирч явна.

Магадгүй энэ  хүсэл минь намайг өнөөдөр, энэ эмнэлгийн үүдийг зорилготой татах зориг нэмсэн байж мэднэ. Аавынхаа  зовж шаналсан шалтгааныг олж  мэдэх нь одоо л чухал.  Миний анхны уулзсан хүн ХСҮТ-ийн их эмч Түвшингэрэл байлаа. 

Монголд зонхилон тохиолдох  хорт  хавдрын өвчлөлийн хоёрт нь  ходоодны хорт хавдар ордог гэнэ. Олон жилийн дунджаас үзэхэд  100 мянган хүний 32 хүн энэ өвчнөөр өвдсөн байна. Нийт өвчлөлийн 70 гаруй хувь нь хожуу үе шатандаа илэрч байна. Өвчлөлтийн  хувьд Увс аймагт  82, Говь-Алтай аймагт 51,  Дархан уул, Сүхбаатар аймгуудад тус бүр 41 хүн өвдсөн тухай  статистик мэдээллийг  ч надад үзүүллээ. Хорт хавдраар өөд бологсдын ихэнх хувийг  эрэгтэйчүүд эзлэж байгаа нь ноцтой хэрэг. Ийм өндөр хувьтай байх гэж... Яагаад энэ вэ? Ходоодны  хорт хавдар гэж яг юуг хэлээд байна  Гол шалтгаан нь юу вэ?

Хорт хавдар гэдэг нь эсийн гаж хөгжил хязгааргүй өсч үржихийг хэлнэ. Иргэд хэт их өлсөх бас идэх, дээр нь утсан, шарсан, давсалсан бүтээгдэхүүн архи, дарс мөн  хүнсэндээ давс их хэрэглэх нь  ходоодын хорт хавдар үүсэхэд  нөлөөлдөг болохыг дуулгалаа. Шалтгаан  ердөө л  биднээс, хувь хүн өөрсдөөс нь болж  байна. Адаглаад л өвдсөн үедээ эмчийн жороор эмчилгээ хийлгэчихдэг, идэх, уухаа тохируулж хэрэглээд сурчихвал эрсдэлд орохгүй гэлээ. Маш энгийн юм байна шүү дээ. Ердөө л энэ бүхэн  хорт хавдрын гол шалтгаан гэж үү?

Нэг л итгэж өгөхгүй оргиод байх чинь. Ийм хялбархан юмсан уу. Энэ эргэлзээг тайлах учиртай. Эндээс гараад  Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээр орлоо.  Энэ төрлийн өвчний халуун цэг дээр нь ажиллаж байгаа эмч  нэгийг хэлнэ гэж бодсоных. Асууж сурагласаар тус нэгдлийн хавдрын эмч Хишгээтэй уулзлаа. Өнөө л өдөржин хоол ундгүй гүйж байгаад үдэш гэнэт иддэг нь гол шалтгаан болж байгааг  дахин дахин санууллаа. Бодоод байх нь ээ, нээрэн л бид өнөөдөр ингэж л хооллож  байна.

Өөрийгөө зөвтгөх гэхнээ өнөөх л цаг наргүй ажил албатайгаа  холбоно.  Тэр бүр өөрсдийн эрүүл мэндийн төлөө анзаардаггүй бололтой.  За тэгээд өвдлөө гэж бодъё.  Мэргэжлийн эмчид хандах нь ховор. Юун түрүүнд ажил гэрийнхээ ойролцоох эмийн сан руу гүйнэ дээ. Хар таамгаар ингэж хичнээн явах вэ... Эмчээс ч асуугаад орхилоо.  Хавдрын эхний шатанд ходоод өвдөхөд   мэргэжлийн эмчид хандалгүй өвчин намдаах эм ууж  явсаар үсэрхийлээд эмчилгээ авах боломжгүй болсон хойно ирж байгаа харамсмаар тохиолдол олон байгааг тэрээр хэллээ. Бид бас л бодох л асуудал.             

Эрчүүд илүү өвчлөмтгий болсон. Тэгсэн атлаа эмнэлэгт очих гэж тэр бүр яарахгүй... Хүүхэд адил айгаад байдаг гэвэл дорд үзсэн хэрэг болох биз. Архи, дарс хэрэглэхдээ айгаагүй мөртөө, ходоодыг нь дурандъя гэхээр хулхи нь бууна.. Болж л өгвөл  шалтаг шалтгаан хэлээд  ард нь л үлдэж хоцорно. Энэ бүхэн эргээд та биднийг эрсдэлд оруулж байгааг Хишгээ эмч анхааруулаад   намайг  эмчлүүлэгчдийн өрөөгөөр ороод гарахыг зөвлөлөө.  Ингээд  түүний  хяналтад  эмчилгээ хийлгэж байгаа  Өвөрхангай аймгийн харьяат Дорж гуайтай  танилцаж цөөн хором ярилцах завшаан олдлоо. 

Тэрээр олон жил тээврийн жолооч хийсэн дээ ах нь гэх. Холын замд хоолтой хоолгүй, даарч хөрч их  явжээ.  За тэгээд юм юмнаас  л болсон байх.  Юутай ч ходоодны хорт хавдар  аюулт өвчнөөс салгаж өгсөн  энэ  сайхан эмч нартаа баярлаж явдаг хүндээ ах нь  ходоодоо авахуулаад таван жил болж байна гэлээ.

Таван сайхан хүүхдийн аав Дорж  өдгөө цагаан  нөмрөгтэй бурхдад баярлаж явдгаа хэллээ. Аргагүйдээ үхэл, амьдралын заагт тэд  дахин түүнд амьдрал бэлэглэсэн юм хойно. Миний сэтгэл ч  эл ярилцлагын дараа нэг л өөдрөг сайхан болчихлоо.  Надад учирсан шиг гашуудал түүний гэр бүлд тохиолдоогүйд бас ийм сайхан боломж тэдэнд олдсонд баярлаж байлаа. Халуун яриа өрнүүлсэн тэдэнд талархлаа илэрхийлэн гараад, хонгилоор хэд алхтал “Хеликобактерийн шинжилгээ” гэсэн самбар нүдэнд тусаж байна..  Хеликобактер ... нэг л танил  мөртлөө мэдэх зүйл хомсхон юмаа. Яагаад эргэж лавлаж болохгүй гэж. Түвшингэрэл эмч рүү утас цохилоо. Хеликобактер  нь  хүний  ходоодны салст бүрхүүлд  амьдарч ходоод, 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян  гэж тайлбарлалаа. Хеликобактер  нь дутуу угаасан аяга таваг халбага сэрээгээр халдварладаг байна.  Мөн эцэг, эхчүүд хүүхдэдээ хоол  унд өгөхдөө амнаас өгдөг жишээ олон байдаг. Энэ нь бас л  нэг эрсдлийг дагуулж байгааг анхаарах хэрэгтэйг тэрээр санууллаа. Хувь хүний хувьд өнөөдрөөс эхлэн эрүүл амьдрахын тулд мөрдлөг болгон хэвшүүлвэл зохилтой олон хүчин зүйл байна аа  байна. Энэ талын мэдээллийн эргээд харж байх нь ээ Хавдар судлалын үндэсний төв   МҮОНРТ-тэй хамтран  “Хамтдаа хавдрыг бууруулж чадна"  үндэсний  аяныг  зохион  байгуулаад уджээ.

Энэ аяны  эхний жилд гэхэд  20  мянган хүнийг үзлэгт хамруулж 19 хувь нь хортой есөн хувь нь  хортой болон хоргүй хавдар   54 хувь нь  суурь өвчтэй болохыг оношложээ.  100 гаруй мэс ажилбарыг орон нутагт амжилттай  хийсэн  байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр тэдний амь нас аврагдсаар байна. Энэ мэдээлэл надад шинэ биш байлаа. Учир нь энэ мэдээллийн үнэ цэнийг тухайн үедээ сайтар тунгаан бодож үзээгүй хайхрамжгүй орхисонд л байна. Энэ нь  өвчлөл  надаас холуур гэж гоомой бодсон хэрэг л дээ. Аав минь   урт холын замд  мордохын өмнөхөн намайг дуудаж  “Хаашаа ч явсан  хүүдээ  аав нь дандаа ирдэг дээ ...  Энэ удаад ирэхгүй л болов уу?  Хатуужилтай байж  захиасыг минь сайн санаж яваарай.

Намайг газарт шингэх үед  миний хүү аавыгаа өвлөн үлдэх болно.  Тиймээс эр хүн шиг  эрс шулуухан  эргэж харалгүй алхаарай.  Ойрын 10 жилдээ энэ газрыг зорих  хэрэггүй. Сэтгэлд чинь аандаа буухын цагт миний хүү ирнэ биз  дээ  гэж билээ. Мөн өөрийг нь амирласан өдрийг нь  хэзээ ч  дурсахгүй байхыг надад  сануулж, нулимс дуслуулан толгой гудайлгахыг цээрлэсэн юмдаг.  Хүүхэд байсан болоод тэр үү?  учрыг нь ухалгүй  битүүхэндээ хэлсэн үгэнд нь  гоморхож билээ. Харин хожмоо  эрх танхи өссөн намайг хатуужиг гэж ийнхүү хандсан болохыг мэдэрч билээ.

Тэр цагаас хойш 20 жил өнгөрчээ. Хүү нь захиасыг тань биелүүлэх гэж хичээж л явна. Харамсахгүй амьдраг гэж надад  дурсахыг  хориглосон  энэ  өдрийг харин ч хүү нь бусдад  хайртай хүмүүсээ хамгаалах өдөр байгаасай гэж  хүслээ. Эцэст нь  уншигч танд, чимээгүй мөлхөх аюул заналхийллээс аврах, энэ аян өдгөө ч  үргэлжилж байгааг  дахин дуулгая.  Эмч нарынхаа хэлснийг давтаад орхие. Өөрийнхөө болон  гэр бүлийнхээ  төлөө  хавдрыг эрт оношлох  шинжилгээнд  заавал хамрагдаарай.  Тэгвэл таны төлөө гэсэн тэдний чармайлт  миний  бэлтгэсэн  мэдээллийн үнэ цэнэ тодорно. Өргөн олонд сурсан мэдсэнээ дуулгаж байхыг захисан  аавын минь хүсэл биелнэ гэж  сэтгүүлч би залбирму.  Айл бүрт элэг бүтэн амьдрал гийж, аз жаргал цогцлоно оо.  Амгалан орштугай.  

Нийтэлсэн: Д.Бат -Орших

Аавын минь хүсэл биелнэ гэж сэтгүүлч би залбирму...   
Үзсэн: 2278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-11-19 18:15
Saihan niitlel bichsen bna, Harin sorog setgegdel bichdeg humuust nuuren deer ni heleh zorig baina uu. Bodvol setgegdel geechiin tsaana nuugdaj hun muulah muuhai gej aav eej ni heleegui l yum shig bna. Ineedtei yumaa
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-11-03 20:18
Бусдаар өрөвдүүлэх гэсэн арга нь бололтой. Нүүрэн дээр инээж, бусдыгаа араар нь матдаг хөгийн эр дээ чи...
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-11-03 20:16
Үнэн хэлсэн байна. Үе үеийн дарга нарт зулгуйдаж, хамт олноо муулж явдаг хүн. Үнэнийг нь хэлсэн байна. Үнэн ч шударга хүн болоорой гэж эцэг нь захиагүй юм байх даа
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-11-02 22:45
Mash saihan niitlel boljee olon saihan niitlel bicheerei tand amjilt hvsie
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-11-02 11:56
Darga nart xov zooj,xool olj iddeg xoorxiiloltei amitan daa xoorxii
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-10-31 10:35
Таалагдлаа. Аав минь бас ийм өвчнөөр ертөнцийн мөнх бусийг үзүүлсэн дээ. Ум амгалан болтугай. Хүн бүр эрүүл байхын төлөө хичээх болтугай.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-10-29 15:21
Сайхан нийтлэл болжээ.
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2014-10-28 17:49
Энэ сэтгүүлчтэй холбоо барих хэрэг байна. Утас хаяг бий болов уу

Бидэнтэй нэгдээрэй