
Хятадын алдарт зохиолч Зян Руны “Чонон сүлд” романаас сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” кино энэ сарын 4-нд нээлтээ хийсэн. “Чонон сүлд” киног Хятадын кино групп 38 сая ам.доллараар санхүүжүүлсэн бөгөөд Францын кино найруулагч Jean-Jacques Annaud тус киног найруулжээ.
"Чонон сүлд" уран сайхны киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу болон Монголын жүжигчин Р.Анхням нар тоглосон байна. Жүжигчин Р.Анхням хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монголд гарах эрхээ худалдаж авлаа. Гуравдугаар сараас кино театруудаар гарч эхлэх байх" гэж байсан. Тэгвэл тэрхүү хүсэн хүлээсэн мөч ирэх баасан гарагт тохиож, Монгол дахь нээлт Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад 17 цагт нэгэн зэрэг болж, Монголын үзэгчид энэ киног Цахар буюу Өвөр монгол аялгаар хүлээн авч үзэх ажээ.
Тус киног Монголд албан ёсны эрхтэй гаргах гэрээг “Гэгээ паблишн” компани болон жүжигчин Р.Анхням нар киноны оюуны өмчийн эрхийг эзэмшигчидтэй хамтран байгуулж, үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр "Монгол Контент" ХХК, ивээн тэтгэгчээр "Ард" санхүүгийн групп ажиллаж байгаа юм.
Киноны нээлтийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр жүжигчин, СТА Р.Анхням:
-Жүжигчид ажлаа хийх явцад даарч хөрөх, шөнө нойргүй хонох бол энүүхэнд. Үүнийг би хүндрэл гэж үздэггүй. Жүжигчин хүн бүрт ийм зүйл тохиолддог. Харин энэ кинонд тоглоход хүндрэлтэй тал юу байв гэвэл буруу тоглох вий, үндэстнийхээ талаар сөрөг сэтгэгдэл үлдээх вий, монгол үзэгчид маань үзээд эвгүй сэтгэгдэл төрөх вий гэж л болгоомжилж байлаа. Үүнд л их анхаарсан. Найруулагчид гэр хэрхэн барих вэ гэх мэт монгол зан заншлын талаар зөвлөгөө өгөхөөр хоёр Өвөр монгол хүн ажилласан л даа. Дараагийн уран бүтээлийн хувьд хятадын уран бүтээлчидтэй гэрээ хэлэлцээ хийх шатандаа явж байна.
Та бүхэн жүжигчин Р.Анхнямын манай GoGo.Cafe ярилцлагын буланд өгсөн ярилцлагыг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
“Чонон сүлд” кино ирэх баасан гарагт үзэгчдийн хүртээл болно | ||
Үзсэн: 2445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.