Шууд Chart

“Есөн хүслийн цацал” уран бүтээлийн тоглолт боллоо

2015-03-06 11:30:53

ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан А.Бямбатөгс, Х.Бямбахишиг нарын “Есөн хүслийн цацал” уран бүтээлийн тоглолтоо МҮЭСТОрдонд хийлээ. Энэхүү тоглолтод “Аягат биелгээ”, “Холбоо аялгуу”, “Монгол бүсгүй”, “Гурван найз”, “Елхэндэг”,  зэрэг олон бүжгийг бүжигчин бүсгүйчүүд маань гоцлож болон хослон бүжиглэж, бүжгийн урлагийн гайхамшгийг мэдрүүлэв. 

ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин, СТА А.Бямбатөгс нь 1997 оноос өнөөг хүртэл ЦДБЭЧ-ын бүжигчнээр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 300 гаруй бүжгийн бүтээлд оролцож, СТА С.Тараагийн хөгжим “Чингис хаан” рок дуурийн Удган, УГЗ Р.Ганбатын хөгжим, УГЖ Л.Ганчимэгийн дэглэсэн “Нэр төр” бүжгэн жүжгийн Удвалын найз, “Хааны удамт Монгол эгшиглэн” ардын урлагийн цомнол бүтээлүүд зэрэг олон томоохон бүтээлд Гоцлол бүжигчнээр оролцон тоглосон манай шилдэг бүжигчдийн нэг юм. ЦДБЭЧ-ын брэнд бүтээлийн нэг болох “Цэрэг бүжгийн чуулбар” болон “Украйн”, “Эх орон дуудаж байна”, “Морьтон монгол” зэрэг бүжгүүдэд хүнд хэлбэрийн трюк хийн ялгаран бүжиглэдэг.

ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин, СТА Х.Бямбахишиг нь өмнө нь Монгол Улсын Циркт бүжигчнээр ажиллаж байгаад 2000 оноос тус чуулгад ажиллаж байгаа бөгөөд төрийн болон ойн ёслолд зориулсан хүндэтгэлийн тоглолтууд, “Бүжиг бүжиг”, “Шидрүүн бүжгийн гайхамшиг”, “Цэрэг танаа” уран бүтээлүүдэд гоцлол бүжигчнээр ажиллажээ.

Эдгээр уран бүтээлчид нь БНАСАУ-ын “Хаврын баяр” олон улсын урлагийн наадам, ОХУ, БНХАУ, Турк, Бельги, ХБНГУ, Тайвань зэрэг улсуудад очиж уран бүтээлээ сонирхуулсан бөгөөд хоёулаа ЦДБЭЧ-ын “Шинэ уран бүтээл-Шилдэг уран бүтээлч шалгаруулах уралдаан”-ы тэргүүн байрыг эзэлж байсан уран бүтээлчид юм. Мөн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, эзэн Богд Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан Ази тивд анх удаа бүтээн туурвисан С.Тараагийн хөгжим “Чингис хаан” рок дуурьт оногдсон дүрээ чадварлаг бүтээн оролцсон юм.


“Есөн хүслийн цацал” уран бүтээлийн тоглолт боллоо  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй