
Монголын хөгжмийн урлагийн түүхэн баримт, сонин хэвлэлд гарсан нийтлэлүүд, мөн Цэргийн чуулгаас төрөн гарсан алдар гавьяатнуудын намтар, уран бүтээл болон "Эх орны цэрэг" яруу найргийн наадмын шилмэл шүлгийн түүвэр бүхий таван цуврал номын баяр өнөөдөр Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хурлын танхимд боллоо.
“Монголын сонинд нийтлэгдсэн хөгжмийн тухай баримт сэлт” нэг, хоёрдугаар боть, “Цэргийн чуулгынхан” нэг, хоёрдугаар дэвтэр цуврал номуудад манай ахмад, дунд, залуу үеийн сэтгүүлчдийн бичсэн Монголын хөгжмийн урлагийн түүхэнд холбогдох түүхэн баримт бүхий нийтлэлүүд, уран бүтээлч, алдартнуудтай хийсэн ярилцлагууд орсон бол “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын шүлгүүд” номд нь 1989 оноос эхтэй 26 жилийн түүхтэй “Эх орны цэрэг” наадмын жил жилийн шилмэл шүлгүүдээс түүвэрлэн оруулсан болно.
Уншигч олон эдгээр номуудаас XX зууны Монголын их урлагийн түүхийг авьяас билгээрээ бүтээлцсэн нэрт хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Э.Чойдог нараас эхтэй Б.Шарав, Н.Жанцанноров нараар уламжилсан Монголын хөгжим хэмээх их айлын түүхээс гадна урлагийн талаар бичдэг үе, үеийн сэтгүүлчдийн бичлэгийн арга барил, тэдний бүтээлүүдтэй танилцах боломжтой юм. Энэ утгаараа дээрх номууд эрдэмтэн судлаач, эгэл жирийн уншигч аль алиных нь хүсэл сонирхолд нийцэж байна.
Эдгээр таван цуврал ном нь ЦДБЭЧ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх, бэлтгэл хурандаа Р.Равдандорж, ахмад Р.Өнөржаргал тэргүүтэй маш олон хүний хөдөлмөр зүтгэл, уйгагүй ажиллагаа, судалгаа шинжилгээний дүнд бүтжээ.
Номын баярт Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир, яруу найрагч П.Батнайрамдал нарын урлаг соёлын төлөөлөгчид, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагууд хүрэлцэн ирлээ.
Цэргийн чуулга таван цуврал ном бүтээлээ | ||
Үзсэн: 673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.