
Аугаа Их ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээ энэ өдрүүдэд ОХУ-д болж байна. Харин манай улсын хувьд дайны жилүүдэд “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтөд туслах өргөн хөдөлгөөн орон даяар өрнөж, энэ хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцсон юм. Хөдөлмөрч ард түмний халуун сэтгэлийн хандиваар бэлгийн цуваануудыг бүрдүүлэн, шилдэг сайн агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулан Улаан армид бэлэглэсэн нь Берлинийг хүртэл тулалдаж ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэсэн.
Энэхүү түүхэн ялалтын баярыг угтаж Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр буюу ялалтын баярын өдөр БХЯ, ЗХЖШ болон ОХУ, Казакстан, Беларусь улсын Элчин сайдууд 11.00 цагт Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд, 11.30 цагт Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
Харин Чингисийн талбайд 14.00 цагаас эхлэн баярын арга хэмжээ үргэлжилнэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалыг шууд нэвтрүүлгээр иргэдэд хүргэх боломжийг олгох юм. Шууд нэвтрүүлэг МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар дамжин иргэдэд хүрнэ. Шууд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генералын Ж.Бадамбазар, БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Г.Лүндэн нар ажиллах юм байна.
Цэргийн ёслолын жагсаал Москва хотын цагаар 10.00, Улаанбаатар хотын цагаар 16.00 цагт эхэлнэ. Шууд нэвтрүүлгээс өмнө иргэд цэргийн хээрийн хоол идэж, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн ялалтын баярын тухай түүвэр тоглолтыг үзэх боломжтой. Харин 19.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулна.
Ялалтын баярын өдрөөр ямар арга хэмжээ болох вэ? | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.