Шууд Chart

Монголын уран бүтээлчид Германд бүтээлээ дэлгэнэ

2015-06-02 11:52:29

ХБНГУ-ын Шлезвиг-Гольштейн мужид зохион байгуулагддаг “NordArt-International Art Exhibition” үзэсгэлэн энэ сарын зургааны өдөр 17 дахь жилийнхээ албан ёсны нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэнд Монголын 34 уран бүтээлчийн 100 гаруй уран бүтээл дэлгэн тавигдах бөгөөд нээлтэнд БСШУ-ын Сайд Л.Гантөмөр бусад албаны хүмүүсийн хамт оролцох юм байна. Учир нь энэ удаагийн Монголын уран бүтээлчдийн павильон нь БСШУ-ын сайдын ивээл дор болж байгаагаас гадна үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсыг “Онцлох орон”-оор онцлон зарлаж буйгаа илэрхийлжээ.

ХБНГУ-ын Бюделсдорф хотноо жил бүр уламжлал болдог үзэсгэлэнд оролцохоор 2015 онд 99 орны 2932 уран бүтээлчид оролцох хүсэлтээ гаргаснаас нийт 50 гаруй орны 250 уран бүтээлчид сонгогджээ. Дашрамд өгүүлэхэд “NordArt” нь 17 жилийн түүхтэй, Европын томоохон нэр хүндтэй  дүрслэх урлагийн үзэсгэлэнд тооцогддог. Түүнчлэн 2014 онд 101 орны 3000 орчим уран бүтээлч oролцох хүсэлт гаргаснаас нийт 55 орны 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг зургадугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 12-ны хооронд үзэсгэлэнгийн талбай болон цэцэрлэгт хүрээлэнд дэлгэж 70 мянга орчим үзэгчдэд толилуулжээ.
 
 
Mөн “NordArt“ үзэсгэлэнгийн үеэр Европын орнууд ялангуяа Испани, Дани, Голланд, Герман, Скандинавын орнуудaac кураторууд болон галеристууд нь шинэ залуу, авъяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, цаашид тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор хүрэлцэн ирдэг байна. “NordArt-2015” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ оны 10 дугаар сарын дөрөвний өдрийг хүртэл үргэлжлэх ажээ.
 

Монголын уран бүтээлчид Германд бүтээлээ дэлгэнэ  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй