
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр жил бүр уламжлал ёсоор Холбооны хуралд хүргүүлдэг илгээлтээ хүргэлээ. Ерөнхийлөгчийн илгээлт улстөрийн элитэд хандсан дохио болохоос гадна улс орноо ойрын ирээдүйд хөгжүүлэх үндсэн чиглэлийн багц даалгавар болдог. Иймээс Оросын улстөрийн хүрээнийхэн Ерөнхийлөгчийн илгээлтийг засгийн эрхийн салаа мөчир болгоны төлөөлөгчдөд хандсан үйл ажиллагааны заавар мэтээр хүлээн авдаг. Путин Холбооны хуралд хандсан үгээ терроризмтай тэмцэх асуудлаар эхэлнэ гэдэгт хэн ч эргэлзээгүй.
Путин ч үүгээр эхэлсэн. Гэхдээ Путин энэ асуудлаар ямар шулуун, ил тод, илэн далангүй ярьсан нь Оросын улстөрчдийн гайхлыг төрүүллээ. Путин Туркийн хувьд ямар ч хоёрдмол байр сууринаас хандаагүй, “ар нууруу руу хутга шааж” байгаа бол урвагч, терроризмыг дэмжигч гэдгийг шууд л хэлсэн. Оросын Ерөнхийлөгч олон улсын нөхцөл байдал, терроризмтай хийж байгаа тэмцлийг дүгнэж шударга, ил тод, товч бөгөөд тодорхой үнэлэлт хийсэн, тэгээд ч Орос улсын энэ шат дараалсан бодлого сүүлийн үед олон улсын хүрээнд улам их дэмжлэг авч байна.
Путин Туркийн эрх баригчдад нэлээд хатуухан анхааруулга өглөө. Тэрбээр “Ийм урвалтыг бид хэзээ ч мартахгүй гэдгийг хэлсэн” гэж онцолсон. Путин ийнхүү Туркийн эрх баригчдыг буруушаахдаа Туркийн дээд шатны удирдлагыг ард түмнээс нь салгаж, Орос улс Туркийн ард түмэнтэй хэзээд халуун дулаан, найрсаг харилцаатай байж ирсэн гэдгийг онцолж, Туркийн ард түмэн маш их ажилсаг гэдгийг хэлсэн.
Ерөнхийлөгч Путин ОХУ-аас Туркийн эсрэг тогтоосон хориг арга хэмжээний талаар хэлэхдээ, энэ хориг “зөвхөн огурцы, помидороор” хязгаарлахгүй гэсэн нь оросуудын Турк улс Сирид Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний төлөөх жинхэнэ хариу хориг арга хэмжээ тогтоосноор дуусахгүй гэдгийг харуулж байна. Туркийн эрх баригчид хэт даврагч “Исламын улс” бүлэгтэй нефтийн наймаа хийдэг. Ингэснээр терроризмыг санхүүжүүлэх хэрэгт шууд оролцож байна гэх мэтээр цацагдсан мэдээлэл бол хоёр орны хооронд бий болсон зөрчилдөөнийг “өдөөхөд” хэрэглэсэн зүйл огт биш, одоо энэ мэдээллийг өрнөдийн орнууд, үүгээр ч зогсохгүй дэлхий даяар нэлээд ул суурьтай судалж үзэх нь тодорхой. Путин илгээлтдээ “Хэн ч Орос улстай хүч түрэн ярьж болохгүй.
Орос улс өдөөн хатгалга бүрт зохих ёсны хариуг нь барихад хэзээд бэлэн гэдгийг онцолсон. “Турк яагаад бидэнд ингэж хандсаныг Аллах л мэдэх байх. Магадгүй Аллах өөрөө Туркийн эрх баригчдыг гэсгээхээр болж, тэднийг ой ухаангүй болгосон бололтой” гэж Оросын Ерөнхийлөгч Туркийн сэдвийг хөндөснийхөө дараа хэлсэн. Путин Аллахын талаар ярихдаа гараараа үл мэдэх зангаа хийсэн. Тэрбээр нэг бол гараа дээш нь өргөхийг завдсан, эсвэл оновчтой үг хэлсэн гэдгээ ойлгомогцоо ийм зангаа хийсэн байх талтай. Ямар ч байсан танхимд хуран цуглагсад Путиныг Аллахын талаар хэлэхэд хоёр ч удаа алга нижигнүүлэн ташсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Ерөнхийлөгчийн илгээлт гэдэг бол нэг ёсондоо Ерөнхийлөгчийн бүтэн жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан. Зарим улстөр судлаач Путины энэ илгээлтийг сонгуулийн өмнөх сурталчилгаа гэж үзэж байна. Орост парламентын сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн ч гэлээ Путины энэ удаагийн илгээлтийг сонгуулийн өмнөх сурталчилгаа гэж үзэж огт болохгүй. Ямар ч байсан Путины Холбооны хуралд хүргэсэн энэ илгээлт Орос улсын гадаад, дотоод бодлого зөв зүгт явж байгааг дахин нотлон харууллаа.
Оросын Ерөнхийлөгч жил болгоны илгээлтдээ улс орныхоо эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх асуудлыг хөнддөг. Энэ жил ч гэсэн ийм байлаа. Энэ оны онцлог гэвэл үр ашиггүй зүгээр байгаа газар нутгаа эргэлтэд оруулах асуудал дэвшүүлсэн нь олны анхаарлыг маш ихээр татсан. Орос улсад бут сөөг, зэрлэг ургамлаар дүүрсэн 10-аад сая га газар байна. Үүнийг үр дүнтэй ашиглаж чадвал Украйнаас үүдэж Орос улсын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг орлохуйц нөөц бүрдүүлэх боломжтой. Тэр ч байтугай импортыг хүртэл орлох боломж бий болох юм.
Энэ 10 сая гаруй га газар бол Орос улсын баялаг. Энэ их газар нутгийг тариалангийн талбай болгох юм бол хэдэн арван сая тонн үр тариа хураан авна. Ингэснээр мал аж ахуйгаа бүрэн тэжээх боломж бүрдэнэ. Цаашлаад хүн ардаа ямар ч эрсдэлгүй тэжээх боломж бий болох юм. Путин энэ жилийн илгээлтдээ бизнесийн салбарт багагүй анхаарал хандуулж, утга учиргүй олон давхар хяналт шалгалтыг нимгэлэх үүрэг өглөө. Путины энэ үг бизнес эрхлэгчдийн зүгээс дэмжлэг авч байна. Халамжийн болон нийгмийн салбарт ч гэсэн Орос улсад хийх зүйл маш их байна.
Ерөнхийлөгч энэ бүгдэд анхаарал хандуулж, шийдэж болох асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж байх үүрэг өглөө. Хэдийгээр дотооддоо шийдэх асуудал зөндөө байсан ч гэлээ Путин терроризмтай тэмцэх асуудлыг байн байн эргэн хөндөж байв. Орос улсын хувьд олон улсын аюулгүй байдал, терроризмтай тэмцэх нь эн тэргүүнд шийдэх ёстой асуудал байх ёстой гэдгийг давтан хэлж байлаа. Ямар ч л байсан Ерөнхийлөгч Владимир Путин энэ илгээлтдээ оросуудад байнга сонор сэрэмжтэй байж, шинэ оны өмнө ажлаа үргэлжлүүлэхийг уриалсан юм.
В.Путин Холбооны хуралд жил тутмын илгээлтээ хүргэлээ | ||
Үзсэн: 2113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.