
БНСУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны харьяа KOCIS байгууллагын урилгаар Сөүл, Бусан, Куанжу хотоор 7 хоног аялж, ажиллана гэсэн төлөвлөгөөтэйгээр зураглаач Г.Байгалмаа бид хоёр Сөүл хотын Инчон олон улсын нисэх буудалд буулаа. Халууны болоод борооны улирал нь эхлээгүй цаг агаар тааламжтай тавдугаар сарын сүүлийн өдрүүдэд ирсэн нь зөв цаг байсан аж.
Хөтөч бүсгүйн “Та хэдэн жилийн өмнө Солонгост ирж байсан бэ, тэр үеэс юу өөрчлөгдсөн байна, яагаад, юу нь, яагаад вэ хө гэсэн асуултаар бүчүүлж дуусаад түүнээс хамгийн сүүлийн үеийн сонирхолтой салбараа танилцуулаач гэж хүслээ. Хариуд нь бидэнд олон улсын арга хэмжээ Event зохион байгуулдаг салбарын талаар бүтэн 3 өдрийн хөтөлбөр бэлдэж өгсөн юм. Хурал хуй хийх юу нь сайхан, юу нь сонирхолтой байна аа хэмээн дурамжхан бодсон энэ асуултандаа хангалттай олон хариулт авснаа доор сийрүүлье.
2014 оны дөрөвдүгээр сард олон улсын бизнес дүүрэг шинээр хөгжүүлнэ гэж Сөүл хот зарлажээ. Энэ бол Гангнам дахь COEX төвөөс эхлээд Jamsil спорт цогцолбор хүртэлх Сөүлийн бүхий л томоохон байгууламж, өндөр үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал, эмнэлгүүдийг нэгтгэсэн 720.000 метр2 талбай бүхий Сөүл хотын шинэ өнгө төрх болох газар. Хотынхоо энэ хэсгийг шинэ дүүрэг хэмээн зарлаж “дахин төрүүлэх” болсон шалтгаан нь Сөүлийн зүүн өмнөд хэсэгт бизнес, спорт, соёл урлаг энтертайнмент бүхнийг багтаасан “MICE industry” байгуулж энэхүү глобал бизнесээ олон улсын анхааралд гаргах зорилготой.
MICE industry /Meeting, Incentives, Convention, Exhibition and Event/
Олон улсын хэмжээний томоохон хурал, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, түүнийг дагасан аялал жуулчлал хөгжүүлэх, Солонгосын соёл, Солонгос брэндийг таниулах цогц бодлогоо “MICE industry” гэж нэрлэжээ. Сөүл хот хурал зохион байгуулдаг дэлхийн хотууд дотроос 5-д ордог. Маш сайн дэд бүтэц, маркетинг, аялал жуулчлалын тусгай хөтөлбөр зэрэг нь давуу тал болж өгч байна. Сөүл хотын захиргаа олон улсын хурал, үзэсгэлэн зохиодог энэ салбараа тун сайшааж дэмждэг. Нэг хурал зохион байгуулах эрх авах зардалд 100 сая орчим вон зарлагадна. Үзэсгэлэн зохион байгуулах эрх 50 сая гэх мэт.
COEX /Convention and Exhibition Center/ бол олон улсын хурал, үзэсгэлэн болдог олон соёлын нэгдэл болсон газар. 2000 онд Ази, Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ын уулзалт зохион байгуулж байсан. 2002 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дараа нь Их 20-ын уулзалт, Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт зохион байгуулж дэлхийн лидерүүд нэг дор цуглажээ. Түүнээс гадна жил бүр 50 орчим тооны олон улсын арга хэмжээ болж байна. 200 орчим үзэсгэлэн гардаг. Энэ бол дэлхийн хүмүүс бие биетэйгээ холбоо тогтоох газар болжээ.
Сөүл хотын аялал жуулчлалын хэлтсийн менежер Мюнг Хи энэ тухай ярихдаа “Олон улсын арга хэмжээ үзэсгэлэн зохион байгуулдаг салбарын ирээдүй маш өөдрөг харагдаж байгаа. Зөвхөн эдийн засгийн ашгаас гадна олон сайн үр дагавар бий. Олон улсын хурал арга хэмжээний үеэр дэлхийн хэмжээний лидерүүд нэг дор цугладаг. Ингэснээр Сөүл хотын нэр хүнд, имиж нэмэгддэг. Хоёрдугаарт, маш их мэдлэг мэдээлэл хуваалцаж байдаг. Энэ нь Сөүл хотыг улам инноватив шинийг санаачлагч хот болгож байна. Энэ утгаараа “MICE industry” бол Сөүл хотын гол цөм юм” гэлээ.
Хурал дагасан Хан мөрний аялал жуулчлал
Өмнөд Солонгост “MICE industry”-г даган хамгийн их хөгжиж байгаа салбар бол аялал жуулчлал. Томоохон арга хэмжээнд оролцохоор ирсэн зочдын тоо Өмнөд Солонгост ирж байгаа бусад жуулчдаас 1.8 дахин их байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгө их үрдэг, жуулчдын хамгийн таатай хэсэг ихээр ирдэг гэсэн үг. Улс бүр, аяллын компани бүхэн ийм зочид хүлээн авахыг хүсдэг биз. Тийм ч учраас энэ бол зорилтот бүлэг.
Ганцхан жишээ дурдахад зорилтот бүлгийн жуулчид буюу хурлын төлөөлөгчид ирэх үеэр гар утас болон гар утасны дугаарын худалдаа 52 хувиар нэмэгддэг аж. Ажлын байр 5 дахин нэмэгдэж IT салбараасаа ч илүү гарч байсан тохиолдол бий гэж байна.
Солонгост аялал жуулчлал сайтар хөгжсөн газрын нэг бол Бусан хот.
Солонгост аялал жуулчлал сайтар хөгжсөн газрын нэг бол Бусан хот. АПЕК буюу Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт 2005 онд энд зохиогдсон. Хаврын улиралд Camillia хэмээх бяцхан цэцгээр битүү бүрхэгддэг учраас энэ арлыг цэцэгний нэрээр нэрлэж “дэлхийн дарга нарт” зориулан тохижуулжээ. Одоо жуулчдын ирэх дуртай газар. Далайн боомт, тэнгисийн эрэг, үзэсгэлэнт арал, Солонгос үндэсний хувцас, хоолны соёл бүгд энд бий. Бас K-drama K-pop K-industry. Солонгосчууд юуг, хэрхэн тренд болгож түгээн дэлгэрүүлэх вэ гэдгийг мэддэг болсон ард түмэн аж.
Солонгос дэлхийн хүмүүс бие биетэйгээ холбоо тогтоох газар | ||
Үзсэн: 3775 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.