Шууд Chart

“Рио 2016” олимпийн наадмын 3 дахь өдрийн тойм

2016-08-09 06:40:42

“Рио 2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын гурав дахь өдрийн тоглолт байт харваа, жүдо, бокс, элсний волейбол, хүндийн өргөлт, усан сэлэлт, уран сайхны гимнастик зэрэг төрлүүдээр явагдлаа.

Тэмцээний гурав дахь өдөр манай улсын тамирчдын хувьд:

  • Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хасагдах шатанд Ж.Гантөгс
  • Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Г.Одбаяр
  • Эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 57 кг-ийн жинд Д.Сумьяа
  • Боксын 49 кг-ийн жинд Г.Ган-Эрдэнэ нар тус тус өрсөлдлөө.

Энэ өдөр монголын тамирчид маань тэмцээндээ хэрхэн оролцсон талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

Рио 2016: Д.Сумьяа олимпийн анхны медалийг авчирлаа

"Рио 2016” олимпийн наадмын эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Доржсүрэнгийн Сумьяа одтой сайхан барилдаж, оноолт таарсан учраа бөхчүүдээ ээлж дараалан давсаар алтан медалийн төлөө Бразилийн тамирчин Рафаэла Силватай барилдан ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр тэрбээр Риогийн олимпид оролцож буй манай улсын тамирчдаас анхны медалийг зүүсэн юм. Ийнхүү Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаг Бразилийн тэнгэрт мандлаа.

Д.Сумьяагийн хувьд ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын дундаас анх удаагаа олимпоос медаль хүртсэн тамирчин болж байгаа билээ.

Рио 2016: Ж.Гантөгс хагас шигшээд шалгарч чадсангүй

Байт харвааны эрэгтэй ганцаарчилсан харвааны урьдчилсан буюу чансаа тогтоох харваа наймдугаар сарын 5-ны өдөр болсон. Өнөөдөр явагдсан хасагдах шатны харваанд Ж.Гантөгс цааш өрсөлдөх эрхээ авч чадсангүй.

Ж.Гантөгс Тайландын тамирчин В.Тамвонгд 5 сетийн дараагаар 7:3-аар хожигдсноор тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Урьдчилсан шатанд ОУХМ Ж.Гантөгс 664 оноогоор 24-т бичигдсэн.

 

РИО 2016: Г.Одбаяр тэмцээнээ өндөрлүүллээ

Энэ өдөр жүдо бөхийн 73 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Ганбаатарын Одбаяр гурав дахь даваандаа АНУ-ын жүдоч Николас Дельпополотой учраа таарсан. Хоёр жүдочийн аль аль нь хоёр торгууль авч барилдааны үндсэн цаг дууссан. Харин нэмэлт цагт Г.Одбаяр өрсөлдөгчдөө вазари үнэлгээгээр ялагдал хүлээсэн. Ингэснээр Г.Одбаяр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

РИО2016: Г.Ган-Эрдэнэ тэмцээнээ дуусгалаа

 

ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ энэ өдөр эхний тоглолтоо хийсэн. Тэрбээр эхний даваанд гоц мөргөж, дараагийн даваанд Эквадорын Куйпо Пилатакситай тоглож 3:0-ээр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Монгол төрийн далбаа Риогийн тэнгэрт дахин дахин мандах болтугай.


“Рио 2016” олимпийн наадмын 3 дахь өдрийн тойм  
Үзсэн: 1664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй