
“Рио-2016” олимпийн наадамд усан спортын төрөлд манай улсын хоёр тамирчин оролцоно. Рио-Де-Жанейро хотноо ажиллаж буй “Монголын мэдээ” сувгийн редактор Г.Отгонжаргалын илгээсэн мэдээг та бүхэнд хүргэе. Тэрбээр МУССХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхмандахтай ярилцсан байна.
-Монголын тамирчид олимпид хэд дэх удаагаа оролцож байна вэ?
-2000 оноос хойш манайх тав дахь удаагаа олимпид орж байна. 2000 онд нэг эрэгтэй, нэг эмэгтэй, 2004 онд нэг эрэгтэй, 2008 онд нэг эрэгтэй, нэг эмэгтэй, 2012 онд нэг эрэгтэй нэг эмэгтэй тамирчин оролцож байсан бол энэ удаагийн олимпид мөн адил нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцоно. Тодруулбал, олон улсын усан сэлэлтийн дүрмийн дагуу “Рио-2016”-д нийт усан сэлэлтээр 902 тамирчин орж байна. Тэдний 600 гаруй нь эрхээ авсан буюу A, B цагаа биелүүлсэн тамирчид байна. Харин 200 гаруй тамирчин урилгаар оролцож байгаа юм. Өмнөх дэлхийн аваргын тэмцээнд тухайн орны тамирчин оролцсон байх, мөн A, B цагтай ойрхон байх гэсэн шалгуураар урилга өгдөг. Тиймээс “Рио-2016”-д усан сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрлөөр ОУХМ Б.Дөлгөөн, МУСМ Б.Есүй нарт олимпид оролцох урилга ирсэн.
“Рио-2016”-д усан сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд өрсөлдөх ОУХМ Б.Дөлгөөн, МУСМ Б.Есүй нартай уулзлаа.
-Анх удаа олимпийн наадамд оролцох гэж байна уу?
Б.Дөлгөөн: -Тийм ээ. Бид хоёр хоёулаа анх удаа олимпид оролцох гэж байна.
-Сэтгэгдэл хэр өндөр байна вэ?
Б.Дөлгөөн: -Сэтгэгдэл маш өндөр байна. Олон жил хүсч мөрөөдсөн тэмцээндээ оролцох гэж байна шүү дээ.
-МУСМ Б.Есүйгийн хувьд Монголоосоо төдийгүй олимпд оролцож байгаа тамирчдаас хамгийн залуу нь. Дэлхийн шилдэг тамирчидтай мөр зэрэгцэн уралдах гэж байна. Бэлтгэл сургуулилт хэр байна вэ?
Б.Есүй: -Бэлтгэл сургуулилт маш сайн хангагдсан. Олимпид оролцож байгаадаа маш их баяртай байгаа.
-Өмнө нь ямар, ямар томоохон уралдаан, тэмцээнд орж байсан бэ?
Б.Есүй: -Азийн наадам, Дэлхийн аварга, Дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцож байсан.
-Энд ирээд олон найз нөхөдтэй болж байна уу?
Б.Есүй: -Тийм ээ. Хүмүүс нь ер нь их нөхөрсөг, эелдэг юм байна.
-Дэлхийн шилдэг тамирчидтай нэг усан санд бэлтгэл сургуулилт хийхэд юу бодогддог вэ?
Б.Есүй: -Маш гоё мэдрэмж төрдөг. Дэлхийн шилдэг тамирчидтай хамт уралдана гэдэг бол маш том завшаан, туршлага гэж бодож байгаа.
-ОУХМ Б.Дөлгөөний хувьд олон уралдаан, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байсан туршлагатай. Энэ удаагийн тэмцээн чиний бодлоор хэрхэн явагдах бол?
Б.Дөлгөөн: -Олимп гэдэг утгаараа их өөр байдаг юм байна. Олимпид дэлхийн бүх шилдэг тамирчин оролцож байгаагаараа онцлогтой. Энэ жилийн олимпийн наадамд олон рекорд эвдэгдэх байх гэж бодож байна.
-Та хоёртоо амжилт хүсье.
Та бүхэн наймдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд “Монголын мэдээ" сувгаар усан спортын төрлүүдийг үзэж, Монголынхоо тамирчдыг дэмжээрэй.
Усан сэлэлтийн төрөлд ОУХМ Б.Дөлгөөн, МУСМ Б.Есүй нар өрсөлдөнө | ||
Үзсэн: 3604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.