Шууд Chart

“Рио 2016” олимпийн наадмын тав дахь өдрийн тойм

2016-08-11 07:35:40

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадмын тав дахь өдрийн тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлсэн 207 орны 11 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Тав дахь өдөр тамирчид байт харваа, бокс, сагсан бөмбөг, ширээний теннис, хүндийн өргөлт зэрэг төрөлд өрсөлдлөө.

Монгол Улсын тамирчдын хувьд:

  1. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Отгонбаатар

Л.Отгонбаатар эхний тойрогтоо Дэлхийн Мастерын хүрэл медальт, Голландын шилдэг залуу тамирчин Ноел Вантендыг цэвэр яллаа.  Барилдаан 2 минут 03 секунд үргэлжилсэн.

Хоёрдугаар тойрогт "Лондон-2012" олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Эшли Гонзалес дөрвөн торгуул авснаар манай тамирчин ялалт байгуулсан юм.

Л.Отгонбаатар дараагийн тойрогт Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Гүржийн алдарт жүдоч Варлам Ливертелианитай хүч үзэж Л.Отгонбаатар торгуулиар ялагдаж дагах барилдаан хийхээр болсон.

Үргэлжлүүлэн дагах барилдаанд Азербайжаны бөх Маммадали Мехдиевийг ялж хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон боловч хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын жүдоч Чен Шинжаод юүко үнэлгээгээр дийлдэн, V байрт шалгарлаа.

  1. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн тэмцээнд Ц.Наранжаргал

Олимпийн тав дахь өдөр олимпийн дэвжээнд -70 кг-д 24 тамирчин өрсөлдлөө. Ц.Наранжаргал эхний тойрогт Гүржийн Эстер Стамтай барилдаж базари үнэлгээгээр ялагдал хүлээлээ. Ийнхүү Ц.Наранжаргал тэмцээнээ дуусгасан юм.  Эстер Стам нь 1987 онд төрсөн. Тэрээр 15 насандаа Европын аварга болж байсан.  ЕАШТ-д хоёр алтан медаль, ДАШТ-д гурван алт, долоон хүрэл медальтай тамирчин юм.

 

  1. Боксын 56 кг-ын жинд Э.Цэндбаатар

Зуны олимпийн XXXI наадмын боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд эхний тулаанаа манай улсын тамирчин ОУХМ Э.Цэндбаатар Кенийн тамирчин Бенсон Байчарутай хийлээ.  Манай тамирчин Бүх Африкийн аварга  хашир туршлагатай тамирчныг гурван үеийн туршид  илт давуугаар буулган авснаар эхний ялалтаа  байгууллаа.

  1. Боксын 64 кг-ын жинд Б.Чинзориг

Олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд манай улсын тамирчин Б.Чинзориг Катарын боксчинтой тулалдаж  эхний ялалтаа авлаа. Чинзориг бокс сонирхогчдынхоо итгэлийг алдалгүй хурц дайчин тоглолтыг үзүүлснээр ийнхүү Риогийн олимпийн эхний ялалтаа  байгуулсан юм.  Хөх өмсгөлтэй тоглосон Чинзоригийг цэнгэлдэх дүүрэн үзэгчид дэмжиж байлаа.

 

  1. Хүндийн өргөлт Эмэгтэйчүүдийн 69 кг-ын жингийн тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг 

Монголын ард түмний хүлээлтийг үүсгээд байсан спортын төрөл бол Риогийн зуны XXXI олимпийн хүндийн өргөлтийн  эмэгтэйчүүдийн 69 кг-ын жингийн тэмцээн байсан билээ. A хэсэгт бөмбөрцгийн хамгийн шилдэг 10 тамирчин медалийн төлөө өрсөлдсөн энэ тэмцээнд манай тамирчин М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 237 кг-ыг өргөж Монголын тамирчдаас олимпийн түүхэнд байгаагүй өндөр амжилтыг үзүүлэн 8-р байрт бичигдсэнээр энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ. Уг жингийн тэмцээн маш өрсөлдөөнтэйгээр үргэлжилж медалын эзэд тодорсон. Бүгд Найрамдах Хятад ард улсын тамирчин Сян Янмей тэмцээнийг  тэргүүлж, алтан медалийн эзэн боллоо.  Харин Казакстаны тамирчин Жазира Жаппаркул мөнгөн медаль хүртэж, хүрэл медалийг Египтийн тамирчин Сара Ахмед хүртсэнээр энэ удаагийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд хүндийн өргөлтийн тэмцээн өндөрлөсөн юм.


“Рио 2016” олимпийн наадмын тав дахь өдрийн тойм  
Үзсэн: 2610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [103.212.119.xxx] 2016-08-11 17:52
sain bna

Бидэнтэй нэгдээрэй