
Спорт бол өөрчлөлтийн эхлэл хэмээн олимпийн анхны дүрвэгсдийн багийн дасгалжуулагч Жеральдо Бернардес "Спортын хүчийг дутуу үнэлж болохгүй. Дэлхийг өөрчлөх хүч энд бий. Спорттой холбогдсоноор хүн нэр төр, хариуцлагаа ухамсарлах нь нэмэгдэж, илүү ёс зүйтэй, шударга болдог" гэж ярьжээ.
Дүрвэгч тамирчдын багт зориулсан ОУОХ-ны хэвлэлийн бага хуралд мөн тус багийн зохицуулагч Софи Эдингтон, багийн ахлагч Изабела Мазао нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Дүрвэгч тамирчдын багийн ахлагч Изабела Мазао "Эдгээр тамирчдын амжилт дэлхий нийтийн анхаарлыг дүрвэгсдийн асуудалд илүү нухацтай хандуулна гэж найдаж байна. Энэ бол зөвхөн олимпийн наадам биш. Харин хүн төрөлхтнийг нэгтгэх, эв нэгдлийн илэрхийлэл, сайн сайхныг түгээх тавцан учир бид энэ боломжийг алдаж болохгүй" гэжээ.
Бразилд гурван жил амьдарч буй Ардчилсан Конго улсын дүрвэгч жүдоч Йоланде Мабика, Попле Мисенга нар дасгалжуулагч Бернардесийг эцгээ хэмээн хүндэлж явдгаа ярьсан байна. Жилийн өмнө Бернардес тэднийг жүдо рүү буцаан оруулж, олимпод оролцох замыг нь засчээ.
Йоланде Мабика 70 кг жинд зодоглож Израйлын Линда Болдерт дийлдсэн. Тэрбээр хэвлэлийн бага хурал дээр Португалиар олимпийн аяллынхаа тухай ярихдаа "Миний дараагийн зорилго "Токио-2020". Гэр бүл, ойр дотны хүмүүсээсээ хол байхад спорт л миний авралын гарц байлаа. Цаашдаа ч байх болно. Энэ бол миний амьдралын чиг шугам" гэжээ.
Попле Мисенга наадмын нээлтийн ёслол болон Кариоча аренад өөрийг нь хөгжөөн дэмжигчид хэрхэн халуун дотноор угтаж авсныг сэтгэл хөдлөн ярьсан байна. Тэрбээр "Хэдий би дэлхийн аваргад ялагдаж тэмцээнээс хасагдсан ч гэсэн ялснаас ялгаагүй санагдсан. Цааш урагшлах хүслийг минь бадраасан гэхэд болно" гэжээ.
Эх сурвалж: Монголын үндэсний олимпийн хороо
Дүрвэгч тамирчид: Спорт дэлхийг өөрчлөх хүчтэй | ||
Үзсэн: 1059 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.