
Өнөө өглөө Хоккайдо арал дээгүүр хөөргөсөн Хойд Солонгосын пуужингийн туршилтыг зүгээр өнгөрөөхгүй гэж Япон, АНУ-ын талаас илэрхийлж байна.
Тодруулбал, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээний тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхийг уриалаад байна.
Энэтхэг дэх айлчлалаасаа дөнгөж ирээд байсан Ерөнхий сайд Шинзо Абэ “Хойд Солонгос энхийн шийдвэрт хүрэх олон улсын хичээл зүтгэлийг үл хэрэгсэж байна” гээд, Япон улс энэ мэт үйлдлийг хүлцэн дуугүй өнгөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн олон улсын хамтын нийгэмлэгийнхэн нэгдэж, Хойд Солонгосын өдөөн хатгалгыг яллан буруутгасан тодорхой мессэж өгөх ёстой гэжээ. Шинзо Абэ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах хүсэлт тавьж байна.
Тэгвэл АНУ Хойд Солонгост үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг БНХАУ болон ОХУ-аас хүсч байна. Торуулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тилерсон, бүх улс үндэстнүүдийг, тэр дундаа БНХАУ, ОХУ-ыг өнөө өглөө хийсэн туршилтынх нь хариуд Хойд Солонгост үзүүлэх дарам шахалтаа чангатгахыг хүссэн байна.
Рекс Тилерсон “Бид Ким-ийн дэглэмийн эсрэг шинэ арга хэмжээ авахыг бүх улс үндэстнүүдээс хүсч байна. БНХАУ Хойд Солонгосыг газрын тосоор хангадаг бол ОХУ Хойд Солонгосын ажиллах хүчийг хамгийн ихээр авч ажиллуулдаг. Тиймээс БНХАУ, ОХУ хоёр Хойд Солонгосын ил цагаан үйлдэлд тэвчээргүй зангаа харуулах ёстой” гэж хэлжээ.
Мөн тэрбээр даваа гарагт баталсан НҮБ-ын хориг хязгаарлалтын шийдвэр нь олон улсын хамтын нийгэмлэгийнхний авч хэрэгжүүлэх ёстой “наад захын хэрэг, том зүйл биш” гээд Хойд Солонгос эдийн засаг, дипломатын хувьд маш хүнд байдалд орж, ганцаардах болно гэдгийг сануулсан байна.
Өчигдөр Европын холбоо, Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгаж байгаагаа мэдэгдсэн. Тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нэмэлт хоригтой нийцүүлэн, нэмэлт арга хэмжээ авч байна гэж мэдээлжээ.
Тухайлбал, Европын холбооны удирдлагуудын хэлснээр холбооноос Хойд Солонгосын нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга далайн хүнс зэрэг бүтээгдэхүүнд худалдааны хориг тавьж буй юм байна. Энэ хүрээнд Европын холбооны гишүүн орнууд, Хойд Солонгосын иргэдэд ажил олгохгүй байх ёстой аж.
Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээний тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхийг уриалав | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.