Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Дональд Трамп оролцоно

2017-09-18 12:40:49

АНУ Умард Солонгосын асуудлыг энхийн замаар шийдэхийг эрмэлзэж байгаа ч дипломат хүчин арга мухардвал цэргийн хүч ашиглахад бэлэн байгаа гэдгийг АНУ-ын Төрийн нарийг бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдлээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Солонгосын хойгийн асуудлыг намжаахад бүсийн холбоотнуудаас гадна олон улсын оролцоо чухал” гэдгийг онцлоод “Умард Солонгосын дэглэмийн эсрэг бид бүсийн холбоотнууд болох Өмнөд Солонгос болон Японыг түшиглэнэ. Бид өөрсдийн үнэ цэнийг хамгаалж, аюулгүй байдлаа хангахын тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй хамтарч, олон улсын нэгдмэл байдлыг бий болгоно. Хэдий тийм боловч Умард Солонгосын асуудал олон улсад заналхийлж байна. Тиймээс үүний эсрэг бүх улс үндэстнүүд нэгдэх хэрэгтэй” гэсэн юм.

Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэн Интэй утсаар холбогдож Умард Солонгосын асуудлыг хэлэлцсэн байна. Үүний үр дүнд талууд Пхеньяаны эсрэг үзүүлэх шахалтаа чангатгах тал дээр санал нэгджээ.

Үүнээс гадна энэ долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга, хэлэлцүүлэг албан ёсоор эхэлж байна. Энэ жил хэлэлцэх асуудлуудын нэн тэргүүнд  Солонгосын хойгийн асуудал яригдахаар төлөвлөгдөж байна. Ерөнхий Ассамблейн чуулган нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд тангараг өргөх ёслолоос хойших анхны олон улсын чанартай томоохон үйл явдалд тооцогдож байна.

Тиймээс НҮБ-ын талаар хэд хэдэн удаа шүүмжлэлт байр суурь илэрхийлж байсан Дональд Трамп энэ удаад олон улсын асуудлаар ялангуяа Умард Солонгосын талаар ямар мэдэгдэл хийх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Дональд Трамп оролцоно  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй