Шууд Chart

Ирэх онд “NordArt-International Art Exhibition” үзэсгэлэн зохиогдоно

2014-12-17 14:07:10

ХБНГУ-ын Шлезвиг-Гольштейн мужид зохион байгуулагддаг “NordArt-International Art Exhibition” үзэсгэлэн ирэх 2015 оны зургадугаар сарын 06-нaac аравдугаар сарын 05-ны хооронд болно. Тус үзэсгэлэнгийн хүрээнд Монголын уран бүтээлчдэд зориулан тусгай павильон гаргахаар төлөвлөжээ.
    
“NordArt-International Art Exhibition” үзэсгэлэнд оролцож бүтээлээ дэлгэх зураач уран бүтээлчдийг сонгон шалгаруулах шалгаруулалт ХБНГУ-д болох юм. Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох уран бүтээлч нь уран зураг, баримал, инстоляц, видео болон фото арт төрлөөр нэн орчин үеийн урлагийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд туурвиж ирсэн туршлагатай байх шаардлагатай гэнэ.
 
Уран бүтээлчийн санал болгож буй бүтээл нь утга агуулга, зохиомж, ашигласан материал, гүйцэтгэлийн хувьд өөрийн гэсэн хэллэг, онцлох төрхтэй, давтагдашгүй шинэлэг байхаас гадна үзэл санааны хувьд монгол хүн, Монгол орон, дэлхий нийтэд тавигдаж буй чухал асуудлуудыг хөндсөн байх нь давуу тал болох юм.

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид nordartmongolianart@gmail.com  цахим шуудангийн хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой аж.  “NordArt” нь 16 жилийн түүхтэй, Европын томоохон дүрслэх урлагийн үзэсгэлэнд тооцогддог бөгөөд 2014 онд 101 орны 3000 орчим уран бүтээлч oролцох хүсэлт гаргаснаас нийт 55 орны 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг зургадугаар сарын 14-ний өдрөөс аравдугаар сарын 12-ны хооронд үзэсгэлэнгийн талбай болон цэцэрлэгт хүрээлэнд дэлгэж 70 мянга орчим үзэгчдэд толилуулжээ.
 
Mөн „NordArt“ үзэсгэлэнгийн үеэр Европын орнууд ялангуяа Испани, Дани, Голланд, Герман, Скандинавын орнуудaac кураторууд болон галеристууд нь шинэ залуу, авъяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, цаашид тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор хүрэлцэн ирдэг байна.


Ирэх онд “NordArt-International Art Exhibition” үзэсгэлэн зохиогдоно  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй