
“Болор цом”-ын эзэн яруу найрагч Авгаржин Жа.Баяржаргалын арван найм дахь ном “Дүрст чимгийн хас хүрдэн” нэртэйгээр хэвлэгдэн гарч, өчигдөр Монголын зохиолчдын хороон дээр номын баринтаг задлах ёслол боллоо. Энэхүү шинэ бүтээл “Дорнын хан хурмастын аймаг”, “Дорнын Цэцэн хурмастын аймаг”, “Дорнын тунгалаг мөрний аймаг” хэмээх гурван чуулбар шүлгүүдээс бүрдэж байгаа бөгөөд яруу найрагч Ардын уран зохиолч Т.Галсан, гавж лам Т.Булган, Ардын уран зохиолч П.Бадарч, гавж Ө.Гүндсамбуу, яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг нар ариутган шүүжээ. Нийтдээ 1000 гаруй шад шүлгээс бүтсэн энэ номонд монгол хэлний 6000 гаруй үгийг ашиглаж, уран яруу, утга төгөлдөр бүтээл болжээ гэдгийг ариутган шүүсэн эрхмүүд бэлхнээ хүлээн зөвшөөрч байгаа юм.
Түүний бүтээлийг уншсан нэгэн эрхэм “ Номыг анхлан уншихад ганган чамин үгсийн цуглуулга мэт мэдрэмж төрнө. Хоёронтоо уншихад эх хэлний яруу утгын төсөөлөл бий болно. Харин гурав дахь удаад нь эрхэмсэг үгс, оюунт сэтгэл, машид өөрийсөг мэт санагдаж, бүтээлийн жинхэнэ чанад тийш өнгийх боломж нээгдэнэ. Төгс үгийн сан бүхий шүлэг найргийг мэдэрхүй дор тэр л гайхамшигт хэлц үгстэйгээ адилхан сонин өөр орчин, өөр орон зайд ороод явчих мэт сэтгэгдэл эрхгүй төрнө” хэмээн өгүүлжээ.
Тэгвэл Ардын уран зохиолч П.Бадарч “Жа.Баяржаргалын энэхүү бүтээлийг “Яахын аргагүй монгол найрагчийн бичсэн Монгол шүлэг юм. Хэлээ мартаж, хэлбэрээ алдаж яваа энэ цагийн бидэнд монгол яруу найргынхаа хэл, хэмнэл, айзам, туурвил зүйг уламжлан хадгалж, улмаар ухааруулан сэнхрүүлсэн нь нэн бахархалтай. Ерөөс яруу найраг гэдэг үгийг эзэмдэхийн урлаг хийгээд гүн бодрол чанад сэтгэлийн нууцад оршихуйгаа үгэнд шигтгэхийн уран чадвар. Тийн чадсанд Жа.Баяржаргалдаа баярлалаа” гэсэн юм.
Харин Гавж лам Булган “Эл чуулбарт ёгт нэрийг түгээмэл хэрэглэжээ. Хэдийгээр дөрвөн мөртэй ч утгыг арвин хураажээ. Шүлгийн гарчиг,утгын хувьд тун чухал. Түүнтэй уялдан дөрвөн шад тайлагдана. Ёгт үгс түгээмэл ахул зарим уншигч үл ухахын шалтгаанаар түвд хөрвүүлгийн хуулбар мэт санагдаж мэдэх. Тэгж хандах нь эндүүрэл авай” гэжээ.
Харин Ардын уран зохиолч Тангадын Галсан “Түүний шүлэг шинэ мянганы шинэ Монголын олз юм.Сэдэв нь Монгол, сэтгэл нь Монгол найрагч гэдгийг олон шүлгүүд нь батлах буйзаа” хэмээжээ. Ийнхүү “Болор цом”-ын эзэн яруу найрагч Авгаржин Жа.Баяржаргалын “Дүрст чимгийн хас хүрдэн” нэртэй нэгэн шинэ бүтээл уншигч таны гарт хүрэхэд бэлэн болоод байна. Эрхэм уншигч танд “Дүрст чимгийн хас хүрдэн” номонд орсон бүтээлээс толилуулъя.
ЦАГААТГАЛ
Хувилгаан нутгийн дөрвөн чанарыг сэлүүн баригч
Хутаг хишгийг нэмэн бадраах гал голомт дүрэлзүүр
Хайр бүтээлийн хөгийг гавшгай түргэнээ найрсуулан
Харцнаа туйлын зохист түмэн бодисыг шатаан хураав.
МЯНГАН НАВЧ
Аюул тахлын хор хүйтэн сэьшээ дэгдүүлээд
Арцны үнэр төгөлдөр ногоолин уулнаа сульдан унана
Анхил мянган навчис зүрхлэн цохилох цармаар
Амдагч жаврын найрсалд ус мөрний харгиа чимээлнэ
НАМРЫН САР
Дээлийн захны өлөн хир хүзүү хайрахуй дор
Дэлний дулааныг бөхний бүлээнээс илүүтэй санана
Хав харанхуйн гүнд хээр морины тургилаа дарж
Хатсан өвсний хугарах чимээ юутай тод сонсогдоно
“Дүрст чимгийн хас хүрдэн” баринтаг задлав | ||
Үзсэн: 1042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.