Шууд Chart

Хорватын багийн ахлагч яаралтай эх орондоо буцжээ

2016-06-14 11:51:31

Өчигдөр эхний тоглолтондоо ялалт авч чадсан Хорватын багийн хувьд нэгэн муу мэдээ байгаа нь тус улсын шигшээ багийн ахлагч Дарио Срнагийн  аав насан өөд болсон шалтгаанаар Украины “Шахтер Донецк” багт хүчин зүтгэдэг Дарио Срна яаралтай эх орон руугаа буцжээ. Харвотын шигшээ баг эхний тоглолтондоо Туркийг хагас хамгаалагч Лука Модричийг эхний хагаст хийсэн гоолын ачаар буулгаж авсны дараа багийн дасгалжуулагч уг мэдээг Дарио Срнад дуулгасан байна. Тэрээр эргэлзэх зүйлгүй тоглолтын дараа шууд гэртээ харих шийдвэр гаргажээ.

Хорватын багийн ахлагчийн аав Узеира Срнагийн хувьд олон жил хүнд өвчний улмаас шаналсан тул түүний нас барсан явдал нь гэр бүлд нь төдийлөн хүнд цохилт болоогүй байх хэмээн найдаж байгаа хүмүүс цөөнгүй байна. Мөн Хорватын шигшээ багийн гишүүд өөрсдийн багийн ахлагчтайгаа сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж өөрсдийн Инстаграм хуудсанд “Ахлагчаа бид тантай хамт” гэсэн мэдээлэл байрлуулжээ. Хорватын баг энэ сарын 17-ны өдөр Чехийн багтай дараагийн тоглолтоо хийхээр бэлдэж байгаа.

Багийн бие бүрэлдэхүүн өөрийн ахлагчаа тэр тоглолтоос өмнө ирнэ хэмээн найдаж байгаа ч энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй юм. Хорватын багийн ахлагч шигшээ багаа орхин явсан шийдвэрийг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь ар гэрт нь уй гашуу тохиолдсон тул зайлшгүй явах хэрэгтэй байсан гэдгийг дэмжиж байгаа бол цөөнгүй хүмүүс багийн ахлагч хариуцлагатай тэмцээний үеэр шигшээ багаа орхин явах эрхгүй гэдгийг онцолж байгаа юм. Ямартай ч Хорватын шигшээ баг дараагийн тоглолтондоо багийн ахлагчгүй оролцох өндөр магадлалтай байна. Дарио Срна амжиж эргэн ирсэн ч сэтгэлзүйн хувьд сайн тоглох бололцоогүй байх боломжтой тул нэг хоёр тоглолт өнжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж буй судлаачид ч цөөнгүй байгаа гэнэ.

Нийтэлсэн: О.Хатанбаатар

Хорватын багийн ахлагч яаралтай эх орондоо буцжээ  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй