
Өнгөрсөн даваа гарагт Канадын Торонто хотод ОХУ-ын тамирчид зохион байгууллалтайгаар сэргээшийн төрлийн бодис хэрэглэхийг засгийн газар нь дэмждэг гэсэн Олон Улсын Спортын Арбитрын шүүхийн дүгнэлт гарсан. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын баг тамирчдыг энэ зуны Риогийн олимпод оролцуулахгүй байж болзошгүй гэдгээ ОУОХ зарлаад байгаа юм. Тэгвэл лхагва гарагт Оросын олимпийн хорооны тэргүүн Александр Жуков энэ талаар өөрийн орны байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрээр энэ удаагийн зуны олимпод оролцох Оросын 387 тамирчин сүүлийн 6 сарын турш гадны орны допингийн эсрэг төвийн хяналтанд байгаа болохыг цохон тэмдэглээд, гэм буруугүй эдгээр тамирчдын олимпод оролцох эрхийг хасах нь зүй бус хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн өөр тамирчдын гэм буруутай үйлдлээс болж шударга тамирчид хохирон үлдэх ёсгүй гэдгийг олон улсын олимпийн хороонд сануулсан байна.
Дашрамд дурьдахад 2014 оны Сочигийн өвлийн олимпод оролцож медаль авсан ОХУ-ын ихэнх тамирчид сэргээшийн төрлийн бодис системтэй хэрэглэж байсан нь Олон Улсын Спортыг Арбитрын шүүхээр нотлогдоод байгаа. Үүнтэй холбогдуулан Олон Улсын хөнгөн атлетикийн холбоо Оросын хөнгөний атлетикийн тамирчдыг Риогийн олимпод оролцуулахгүй байх шийдвэр гаргасан.
Олон улсын олимпын хороо энэ асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд ОХУ-ын зуны олимпийн багийг бүхэлд нь хасах асуудлыг давхар хөндөж байна. Хэрвээ Оросын засгийн газар тамирчдаа сэргээш хэрэглэхийг зөвшөөрч, дэмждэг байсан нь батлагдвал манай хойд хөршийн тамирчид энэ зуны олимпод оролцохгүй болох магадлал өндөр байгаа юм.
ОХУ допинг хэрэглээгүй тамирчдыг олимпод оролцуулахыг уриаллаа | ||
Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.