
Саяхан явуулсан Олон Улсын Спортын арбитрийн шүүхийн шалгалтаар ОХУ-ын баг тамирчид 2013 оноос хойш системтэйгээр сэргээшийн төрлийн бодис хэрэглэдэг нь тогтоогдсоноор тус улсын шигшээ багийг Риогийн олимпын наадамд оролцуулахгүй байх асуудал яригдаж эхэлсэн.
Тэгвэл өчигдөр Олон Улсын Олимпын Хороо ОХУ-ын тамирчдыг Рио Де Жанэйрогийн зуны олимпод оролцохыг зөвшөөрч байгаа болохоо албан ёсоор зарлалаа. Гэхдээ тус улсын шигшээ баг олимпийн наадамд оролцохын тулд хэд хэдэн шалгуурыг давах ёстой болоод байна. Эхний ээлжинд сэргээшийн төрлийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон бүх тамирчдын Риогийн олимпод оролцох эрхийг хассан байна.
Түүнээс гадна Оросын шигшээ багийнхан олимпийн наадамд оролцохын тулд өөрийн оронд допингийн шинжилгээнд орохоос гадна олон улсын допингийн төвийн шинжилгээнд давхар хамрагдах шаардлагатай болжээ. Мөн Олон улсын олимпийн хорооны гаргасан хамгийн гол шийдвэр нь спортын холбогдох холбоод Оросын баг тамирчдыг Риогийн олимпод оролцуулах эсэхээ бие даан шийдэх боломжийг олгосон явдал боллоо. Хамгийн түрүүнд дэлхийн хөнгөн атлетикийн холбоо Оросын баг тамирчдыг олимпийн наадмын хөнгөн атлетикийн уралдаан тэмцээнүүдэд оролцуулахгүй гэдгээ албан ёсоор зарласан байна.
Дэлхийд олон улсын спортын 27-н холбоо байдаг. Одоо үлдсэн 26 холбоо нь ойрын 10 хоногт багтаан өөрийн шийдвэрийг гаргана. Оросын олимпийн холбооны ерөнхийлөгч Александр Жуков Олон улсын олимпийн хорооны шийдвэрт талархалтай хандаж байгаа хэдий ч, спортын холбоод бие даан шийдвэр гаргах болсон явдалд бага зэрэг дурамжхан байгаагаа илэрхийллээ. Учир нь засгийн газар нь дэмжиж, сэргээш системтэй хэрэглэж ирсэн нь нотлогдсон Оросын тамирчдыг олимпод оролцуулахгүй байх хүсэлтэй улс орнууд цөөнгүй байгаа юм.
ОХУ-ын тамирчдыг Риогийн олимпод оролцохыг зөвшөөрлөө | ||
Үзсэн: 779 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.