
Хүн төрөлхтний их баяр цэнгэл 31 дэх удаагийн зуны олимпийн наадам эхлэхэд 9 хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан Олон Улсын Олимпийн Хорооны дарга Томас Бах Бразилийн Рио Де Жанейро хотод айлчилж, зуны олимпийн наадмын бэлтгэл ажилтай эцсийн байдлаар танилцлаа.
Тэрээр юуны түрүүнд тамирчдын амьдарч, байрлах олимпийн хотхонтой танилцсан байна. Ноён Томас Бахыг олимпийн хотхонтой танилцах үеэр энд олон орны тамирчид хүрэлцэн ирээд байсан тул олимпийн холбооны тэргүүн тэдэнтэй нүүр тулан уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсчээ. Риогийн зуны олимпын наадмын бэлтгэл ажлыг ноён Томас Бахд танилцуулах үүргийг Рио Де Жанейро хотын дарга Эдуардо Пэйс, 31 дэх удаагийн зуны олимпийг зохион байгуулах хорооны дарга Карлос Артур Нузман нар хүлээжээ. Хэдийгээр зуны олимпийн бэлтгэл ажлын ихэнх нь дууссан ч, хэд хэдэн байгууламжууд одоог хүртэл бэлэн болоогүй байгаа аж.
Тиймээс ОУОХ дуусаагүй ажлуудыг олимпийн наадмын нээлтийн ажиллагаанаас өмнө яаралтай дуусгаж, хүлээлгэн өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Одоо Рио Де Жанейро хотод улс орнуудын шигшээ тамирчид олноороо хүрэлцэн ирж байгаа бөгөөд ирсэн тамирчдын ихэнх нь бэлтгэл сургуулилтдаа гараад байна. Түүнээс гадна олимпийн хотхоны хажууд байрлах тэнгис их хэмжээний бохирдолтой байгаа учраас агаарт таагүй үнэр гарч байгааг ирсэн тамирчид цохон тэмдэглэжээ. Үүний хариуд Бразилийн тал тэнгисийг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн болохоо зарлалаа. Шалгалтын төгсгөлд ноён Томас Бах үлдсэн ажлуудаа түргэн, чанартай дуусгах хэрэгтэйг сануулаад, зуны олимпод сэтгэл гарган бэлдсэн Бразилийн ард түмэнд талархал илэрхийлсэн байна.
Томас Бах зуны олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцлаа | ||
Үзсэн: 1092 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.