
Их Британийн хөгжимчин, зохион бүтээгч Судха Хепертал Африк тивийг хөгжмийн ачаар гэрэлтүүлэх болно хэмээн мэдэгдээд байна. Түүний зохион бүтээсэн хөгжмийг тоглосноор эрчим хүч үйлдвэрлэж болохоос гадна энэ эрчим хүчээ ашиглаад бага оврын техникүүдийг цэнэглэх боломжтой юм.
Африк тивийн хувьд нийт хүн амынх нь 68 хувь буюу 625 сая хүн ямар нэгэн цахилгааны эх үүсвэргүй амьдардаг байна. Тиймээс зохион бүтээгч Судха Хетерпал өөрийн “Спарк” нэртэй цахилгаан үйлдвэрлэх чадвартай хөгжмийг бүтээж Африк тивийн орнуудад бэлэглэхээр шийджээ. Тэрээр урьд нь хөгжмийн салбарт 20 гаруй ажилласан бөгөөд “Спайс герлс”, “Дидо” зэрэг нэртэй уран бүтээлчдийн тоглолтуудыг зохион байгуулж, удирдаж байжээ. Том тайзан дээр дуучдын гаргадаг эрч хүч, урам зоригийг эрчим хүч болговол хэдий хэр хэмжээний цахилгаан гарах бол гэсэн хошин бодлоос түүний цахилгаан гаргагч “Спарк” хөгжим үүсчээ. Хүчин чадлын хувьд түүний хөгжмийг 12 минут тоглох нь 1 цаг гэрлийн чийдэнг ажиллуулж чадахуйц хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг байна.
Түүнээс гадна түүний хөгжмөөр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг гар утас цэнэглэхэд ашиглаж болж байгаа нь томоохон компаниудын сонирхлыг татаад байгаа юм. Ухаалаг гар утас хүн төрөлхтний байнгын хэрэгцээ болсон учраас хүмүүс маш олон цагийг гар утсаараа тоглоом тоглож, олон нийтийн сүлжээ ашиглаж өнгөрөөх болсон. Үүнтэй холбоотойгоор ухаалаг гар утасны цэнэг туйлын хурдан дуусч байгаа нь нэмэлт цэнэглэгч, батерей худалдан авахад хүргэж байна. Тэглээ ч гэсэн хамгийн чухал үед гар утасны цэнэг дуусдаг талаар гомдол дэлхий дахин буурахгүй байгаа юм. Тэгвэл энэ шинэ технологийг бага зэрэг сайжруулж чадсан тохиолдолд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж хөгжим тоглох зуураа гар утсаа цэнэглээд байх боломжтой болно. Түүнээс гадна эрчим хүчний байнгын эх үүсвэргүй газар оронд аялж байгаа хүмүүст ийм цэнэглэгч чухал ач холбогдолтой байна гэдэгт судлаачид итгэлтэй байгаа юм.
Хөгжим Африк тивийг гэрэлтүүлнэ | ||
Үзсэн: 1138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.