Шууд Chart

Шантаажны төсөв буюу одоо бүгдээрээ хаачих вэ?!

2013-11-14 14:39:24

Одоо гишүүнээ халах гэж байгаа Р.Амаржаргалыг 2000 онд Ерөнхий сайдын албаа өгч байхад манай төсвийн орлого 295 тэрбум төгрөг байв. Монгол улсын 2014 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,655,158.6 сая төгрөгөөр баталсугай” гэж байна. Төсвийн орлого өдгөө 15 дахин өсчээ.

Гэтэл манай хүн ам энэ хугацаанд 15 хувь л өссөн. Амьжиргаа сайжраагүй, хүн амд үзүүлэх төрийн үйлчилгээ доголдолтой хэвээрээ, хүн амын өсөлтөөс үүдсэн төсвийн ачаалал 15 дахин нэмэгдээгүй нь тодорхой атал аанай л их наядаар алдагдалтай төсөв батлуулах болчихоод байна.

Мөн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,572,536.0 сая төгрөгөөр баталсугай” гэжээ. Зөвхөн алдагдал нь л 920 шахам тэрбум буюу ердөө 13 жилийн өмнөх бүхэл бүтэн жилийн төсвийн орлогоос даруй 3 дахин их байна.

Манай Засгийн газар алдагдлаа ДНБ-ий 2 хувьд барьж байна гэлцэн хөлсөө арчих юм. “ДНБ өссөн болохоор алдагдал дагаад өсч таарна, бид алдагдлыг хуульд заасан зохистой хэмжээнд барьж байгаа” гэсэн сайхан жижүүрийн хариулт хэлэх байх л даа. Тэгвэл ДНБ-ий өсөлтийн хэмжээгээр ард иргэдийн амьдрал өссөн үү гэж асуухад хариулж чадах хүн гарахгүй. Социализмын үед ч тооноос чанар чухал гэдэг байсан.

Саяхан Засгийн газар 2013 оны төсвийн тодотголын тухай хуулийг батлуулахаар оруулж ирлээ. “...Энэ оны төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,289.1 тэрбум төгрөг болж, батлагдсан төсвөөс 799.2 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 6,629.8 тэрбум төгрөг болж батлагдсан төсвөөс 814.8 тэрбум төгрөгөөр тус тус буурч нийт алдагдал 340.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж...” байна. “...Экспортын бууралтаас хамааралтайгаар төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 146.5 тэрбум төгрөгөөр бууруулан тооцлоо”... “...Нүүрсний зах зээлийн үнэ тэнцвэржүүлсэн үнээс буурч тонн тутам 50.7-94.3 ам.долларт хүрсний улмаас “Тогтворжуулалтын сан”-д нүүрснээс төвлөрүүлэхээр төлөвлөсөн 66.0 тэрбум төгрөгийн орлого энэ онд буурах төлөвтэй байна. Мөн зэсийн зах зээлийн үнэ энэ оны эхний 8 сарын байдлаар 7,508.9 ам.доллар буюу төлөвлөсөн дүнгээс 8 хувиар буурснаас шалтгаалан зэсээс төвлөрүүлэхээр тооцсон орлого энэ онд буурахаар байна” гэх мэт үгс дурайна.

Олон тоог нь анзаарахаа больё. Шалтгаан нь чухал. Төсвийн орлого буурсан шалтгаан нь нүүрс, зэсийн зах зээлийн үнэ буурсанд л байгаа юм байна. Манай сангийн яаманд дандаа алдаж тооцдог мэргэжилтнүүд суудгаас энэ бүхэн болоогүй юм. Тэд УИХ-ынхаа тэнэг мулгууг хоорондоо шивнэлдэн “нохойн ам”-аа нийлүүлж суудаг байх даа гэж бодохоор өөрөөсөө ичмээр. Асуудлын гол нь Сангийн яаманд (Засгийн газарт) бус УИХ-д байгаа юм.  Сүүлийн найман жилд яг төсөв батлагдах үеэр л Засгийн газрыг огцруулах асуудал босч ирдэг архаг хуучтай болсныг анзаарсан уу? Тэгвэл яг үүний ард бүх жүжиг болдог.

Засгийн газар төсвийн төсөл оруулж ирмэгц УИХ-ын гишүүдийн дуу чангарч, Засгийн газар муу ажилласныг гайхаж эхэлдэг нь улсынхаа эдийн засгийг мэдээд санаа зовдогт биш, ерөөсөө л “шантааж” хийж буй царай нь тэр юмсанж. Инфляцийг хөөргөдлөө гэж шүүмжилж шүүмжилчихээд гарч ирээд эдийн засагч нөхрөөсөө “Чи хө, инфляци гэж яг юу болохыг нэг сайхан энгийн тайлбарлаад өгөөч” гэдэг гишүүн хүртэл байсан юм билээ.

Засгийн газрыг шүүмжилж эхэлснээр төсвийн хэлэлцүүлгийн эхэнд Засгийн газар юу юугүй уначих гээд байгаа мэт сэтгэгдэл олон нийтэд төрдөг. Манай хэвлэлийнхэн дараагийн Ерөнхий сайдыг Далай ламын ...дугаар дүрийг тодруулахаас дутахгүй төлөгдөн байх зуур төсвийн хэлэлцүүлгүүд хойшилж эхэлдэг. Өнөө хурц хэлтэй гишүүдийн тоо цөөрсөөр эцэстээ “Хонь нь бүтэн чоно нь цатгалан” гэгчээр Засаг ч унахгүй, төсөв ч батлагдана.  

Үр дүнд нь улсынхаа эдийн засагт санаа зовж заамдалцсаны эцэст төсвийн орлого ч, зарлага ч найгүй өснө. Яагаад гэвэл гишүүд Засгийн газрыг унагана гэж айлгаж байгаад тойрог бүртээ тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгө оруулалт яаж ийгээд тусгуулчихдаг юм л даа. Төсвийн хэлэлцүүлэг хойшлоход гишүүд ажилгүй болдоггүй, “Их тэнгэрт” тав зургаан хүн дундаа ганц юм задалсан шигээ өнөөх төсвийг чинь найруулж хувааж сууна даа. Алаагүй баавгайн арьсыг хувааж байгаа нь тэр.

Тодорхой хэлбэл хөрөнгө оруулалтыг төсөвт ихээр суулгаснаар зарлага нь төлөвлөсөн орлогоос нь хэдэн зуун тэрбумаар давчихна. Гэтэл ийм хэмжээний орлого орохгүй ээ гэдгийг Сангийн яамны мэргэжилтнүүд тооцоод төсвийн төсөл зохиогоод оруулаад ирчихсэн шүү дээ. Жишээ нь өнгөрсөн жил төсөвлөсөн орлого яадаг ч байгаад 146 тэрбумаар сох дутсаныг тодотголоор цайрууллаа.

Нэгэнт гишүүд засгаа шантаажилж байгаад зарлага цаасан дээр өссөн тул заавал орлого олж байж төсвийг баланслуулах ёстой. Тэгэхгүй бол алдагдал нөгөө ДНБ-ий хоёр байтугай хувь болно. Ингээд хамгийн хялбар арга бол зэс, нүүрсний үнийг зүгээр л өсгөж тооцоод төсвөө нэг муу “нохой ам” нийлүүлчихэж байгаа юм.

Сангийн яамныхан ч ажлаа муу хийгээд байгаа юм биш. Төсөв батлагдах нь өөрөө хугацаатай ажил, тэгээд ч 76 гишүүний тойрог бүртээ авсан тэрбум тэрбум төгрөгийг төсөв батлах сүүлийн моментод буюу хагас сарын хугацаанд тэд хаанаасаа олох вэ дээ, хөөрхий. Бүтэн жил ноцолдож боловсруулсан төсвөө долоо хоногт задлаад дахиж төлөвлөх үү? Тэглээ гээд олох мөнгө нь угаасаа байхгүй юм чинь ирэх оны зэс нүүрсний үнийг өсгөөд салсан нь дээр, үүндээ ч Сангийн яам дассан байх.

Одоо хар даа. 2013 оны төсвийг батлахдаа зэсийн үнэ тухайн үед 6330 орчим доллар байхад л “2014 онд 8252 ам.доллар болно” гээд “нохой ам” нийлүүлчихсэн. Нүүрс 65,5-131,5 ам.доллар байхад 83,2-161,5 болно гээд тооцчихсон байна. Гэтэл энэ онд зэс нь 7500, нүүрс нь 50.7-94.3-ийн ханштай байж балрахгүй юу. Дээрээс нь 250 сая ам.долларыг нүүрсээрээ төлнө гээд өмнөх жилүүдэд хуваагаад наргичихсан. Үгүй ядаж зарлагаа өсгөсөн ч гэсэн энэ жилийн зэс нүүрсний бодат ханштай ойролцоо нохой ам боочихсон бол учиртай байх байсан.

Сөрөг хүчинд бол гоё улстөр, бараг л дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ өсгөхгүй яасан юм гэх шахуу аашилна. Эрх баригчдад бол бодат ичгүүр л юм, гэхдээ л тэдэнд “Та нар алаагүй баавгайн арьсын адилхан хуваагаа биз дээ” гээд хэлчих зүрх зориг байхгүй. Хариу нь их л болж дэлхийн эдийн засгийн хямрал, урд хөршийн эдийн засгийн өсөлт буурсан, бараг л Сирийг Америк бөмбөгдсөн гэсхийгээд таг. Үнэндээ бол өнгөрсөн жилийн төсөв батлахын өмнө Хятадын нүүрсний хэрэглээ буурсан гэж энд манай эдийн засагчид онолдож байхад буураагүйгээр барахгүй 2,6 хувь өссөн л байсан. Ийм нөхцөлд эрх баригчид хэзээ ч сайн нэр дуулахгүй ба ирээдүйд ялагдана. Яагаад гэвэл жил бүр л төсвийн орлого тасалж, хөрөнгө оруулалтыг зогсоож ард түмнээ хорлож байдаг идэж ханадаггүй хувалзнууд гэж олон нийт ойлгоно.

Харин энэ удаа Н.Алтанхуяг ерөнхий сайд “авлигачин төсөв” гээд чухам үнэнийг хоёр үгээр хэлчихээд зураг төсөвгүй, газар нь шийдэгдээгүй, олон жил он дамнасан бүх хөрөнгө оруулалтыг тас зогсоохоор шийдсэн нь өмнөх засгуудтай харьцуулбал зоригтой алхам хийж байгаа юм. Барилга, объектийг он дамнуулан төсвөөс иддэг “бизнес”-ийн цэцэглэлтийг одоо нэгмөсөн дарж авах хэрэгтэй. 

Гишүүд орлого орох эсэхийг тоолгүй яаж ийгээд л цаасан дээр тэрбумаар хөрөнгө оруулалт тавиулаад их ажил хийсэн аятай хөлсөө арчаад суугаад байдаг. Тойрогтоо очиж тайлагнаад л. “Тойрогтоо хөрөнгө оруулалт ахиухан авах нь гишүүний үндсэн ажил” гэж залуу үедээ зааж сургаад л. Тэр мөнгө нь тэгээд орж ирсэнгүй, ирэх ч үгүй нь тодорхой л байдаг шүү дээ. Тэгээд яадаг вэ? Төсвөө тодотгодог. Өөрөөр хэлбэл төсвийн анх батлахдаа “сансарт” батлаад тодотголоор “газарт хөл тавьж” байгаа юм. Сүүлийн 10 жилд тодотголгүй хэрэгжсэн төсвийн хууль УИХ баталсан уу? Ингэж нэг ажлаа хоёр хийх, УИХ нь Засгийн газраа Засгийн газар нь УИХ-аа, нийлээд ард түмнээ хуурах хэрэг байна уу? нөхөд өө!

Төсөв бол хууль, УИХ “санаатайгаар” хэрэгжихгүй хууль батлаад жилийн дараа тэрнийгээ өөрчилдөг, өөрчлөхгүй гээд яах юм, бодат амьдралд нийцэхгүй хуулийг. Хийх ажилгүй аятай, богино настай хууль нүдээ аньж батлаад байна гэж шүүмжлүүлдэг маань үнэн шүү дээ. Жилд ганц баталдаг хуулиа жилийн насгүй баталж байна, Монгол Улсын Их Хурал.

Ийм байдлаар л төсөв асар хурдан тэлжээ, сүүлийн 13 жилд. Р.Амаржаргал гишүүн  эрхбиш маниасаа илүү “тоо мэддэг” тул ичээд “больё” гэсэн байх. Түүний үйлдлийг төсөв талаас харвал улстөрчийн гэхээсээ илүү мэргэжлийн “совест” гэж ойлгов.
Энэ жил Засгийн газар төсвийн тодотгол хийхдээ бас л хууль зөрчсөн. Түүнийг нь хэлээд байхад хэн ч тоогоогүй. Засгийн газар аль эрт урсгал зардлаа дур мэдэн таначихаад дараа нь УИХ-аар батлуулсан. УИХ өөрийнхөө баталсан хуулийг зөрчсөнийг нь хууль ёсны болгож өөрийгөө үгүйсгэсэн. Уг номоороо бол Засгийн газар тодотголоо УИХ-аар батлуулсныхаа дараа хөрөнгө оруулалт, урсгал зардлаа танах учиртай.

Гэхдээ шарсан мах анддаггүй шар зурхайч шиг нэг үнэнийг харсан юм шиг хэлэхэд, хэрэв тодотгол хийхээсээ өмнө хуулиа оруулж ирсэн бол юун зардал хасах, харин ч нэмэгдээд гарах байсан. Өнгөрсөн сонгуулийн өмнөх жил тэгсэн биз дээ? Сөрөг хүчин улстөр хийгээд намынхаа их хуралд “ялалт амжилтаар бэлэг барьж, гишүүдээ зоригжуулан зохион байгуулахын тулд” Засгийн газрыг бараг л унагаж салах байсан болов уу. Гэтэл өнгөрсөн жилийн орлогоос сох дутсан 146 тэрбумын хэд нь МАН-ын гишүүдийнх байсан бол? Өнгөрсөн жил төсөв батлахдаа биднийг оролцуулаагүй гэх байх, гэвч он дамнаж орж ирсэн өчнөөн тэрбумын хөрөнгө оруулалт төсөвт явж л байсан.

порт заал,усан бассейн барих эсвэл наадмын талбай засах ч байдаг юм уу, тойрогтоо энэ гишүүн ийм хөрөнгө авчирсан хэмээн дахин сонгогдох эрхээ олж авах гэж л ямар ч хамаагүй хөрөнгө суулгачихсан. Дараа нь нөгөө объектын жинхэнэ зураг төсөл гараад ирэхээр төсөв хөрөнгө нь өсөөд явчихдаг. Эхний ажил нь хийгдээд үргэлжлүүлэх шаардлагатай гээд төсөвт дахин суулгадаг. Энэ нь дуусалгүй үргэлжилдэг. Одоо он дамнасан төсөвт өртгийн нэмэгдэл 280 тэрбум юм шүү. Энэ мөнгөөр Улаанбаатар хотод 70 орчим сургууль, мөн төдий тооны цэцэрлэгийг он дамжуулахгүй барьж босгоход хүрэлцэнэ. Хүний нялх үрс хэвтэх оргүй эмнэлгийн шалан дээр байхад манай тойрогт спортын ордон  хэрэгтэй, тэр даргын машиныг солино, энэ ч албан газар тавилгаа солино гэх хүрэл чулуун зүрхтнүүдээр энэ их хурал дүүрэн.

Мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр нэрээр гараад явчихсан олон тэрбумыг нэхэхдээ МАН-ынхан дутуу орхигдсон хөрөнгө оруулалтаа л нөхөж авах гэж чардайж байсан. Өөрсдийнх хяналтаас гадуур АН-ыхан олон тэрбумыг завшиж байгаад харамссан сэтгэлзүй нэвт үнэртэж байсан. Гишүүний тэрбум байхгүй болсноос хойш улам улайрч байна, уг нь гишүүн дагасан хөрөнгийн хуваарилалт буруу гэж шүүмжилсээр байгаад болиулсан. Гэтэл ил биш далдуур бүр их мөнгө урсаж байна.

Идэж уулаа гээд хөрөнгө оруулалт нь иргэдэд ашиг тусаа өгдөг бол бас яахав. Манай Чингэлтэйн сонгогч 2008 онд 80 орчим мянга байсан бол 2012 онд 110 гаруй мянга болчихсон байв. Хөдөөд хөрөнгө хаяад байхад хүмүүс нь хотод ирээд байна. Энэ 30 гаруй мянган хүнд оруулсан хөрөнгө оруулалт ашиггүй байсан нь үүгээр нотлогдоно. Хөдөөний тойргийнхон сонгогчиддоо аваачиж байгаа мөнгө ямар ч үр ашиггүй үхмэл хөрөнгө болон хувирч байна. Уг нь хөрөнгө оруулалт иргэнээ дагадаг баймаар юм, гэтэл манайд гишүүнээ дагаад байна. Хөрөнгө оруулалт гишүүнийг дахин сонгогдоход нөлөөлөх тоо л болохоос өөр юу ч биш болж байна. Эцэст нь улс сүйрч байна. Энэ бол туйлын оновчгүй буруу хуваарилалтын ёроолгүй ангалын тогтолцоо.

Ер нь хөрөнгө оруулалтын цаана гүйцэтгэлээс мөнгө цохидог, хувь өгдөг намын компани, гишүүний хувийн компани, мөнгийг нь удаан байршуулах сонирхолтой банкууд, он дамнуулж үнийн өсөлтөөс мөнгө саадаг бүхэл бүтэн аалзны торон сүлжээ байдаг нь харин ч нэг ил болж байна билээ дээ.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Авилгажсан төсөв” гэж хэлээд нэлээд боорлуулсны эцэст мөнгөний бодлого ч, төсвийн тодотгол ч батлагдаж, энэ оны төсөв ч хөдөлж эхэлсэн. Буланд шахуулж, аргаа барсан хүний тэсэрсэн үнэн үг, нөгөө талаасаа бас зөрсөн шантааж.

Энд талцаж улстөржмөөргүй байна. Энэ зовлонг М.Энхболдын ч, С.Баярын ч, Сү.Батболдын ч Засгийн газар тойрч гараагүй дайрч гарсан. Ерөнхийдөө урсгал зардлын хяналт чангарсан ч, мөнгө завшдаг гол суваг нь төсвийн хөрөнгө оруулалт болчихсон юм байна. Энэ хөрөнгө оруулалтыг гүйцээхийн тулд тавьсан дотоод өр ч тоймоо алдсан, гадаад өр ч тоймоо алдсан.

М.Энхболдын үед өрийн бичиг ихээхэн цуглуулсан банкуудыг хөнтөрч, эздийг нь шоронд хийж байж амь дүйн гарч байсан, С.Баяр, Сү.Батболдын үед Оюутолгойн гэрээг ашиггүй байгуулж “Рио Тинто”-гоос урьдчилгаа авч, яг тэр загвараар “Чалко”-гоос урьдчилгаа авч улсынхаа ирээдүйн орлогыг барьцаалж аргацааж байсан. Тэгэхэд л манай гадаад өр 8,1 тэрбум ам.долларт хүрчихээд байсан. Тэр хор уршиг нь өнөөдөр тэсэрч Н.Алтанхуягийн Засгийн газар нэг жил торгоогоод одоо “гараа өргөж” байна. Тэр байтугай Чингис бондын 1,5 тэрбум ам.долларын зээл ч энэ улсын, чухамдаа энэ УИХ-ын хөөсрүүлсэн төсвийг, үнэндээ УИХ-ын гишүүдийн тойргоор барьцаалсан шантаажийг хангаж дийлэхээ больсон байна.

Н.Алтанхуяг “Хөгжлийн яам” байгуулсан нь энэ “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалт”-ын дарамтаас л салах гэсэн арга. Сангийн яам урсгал зардлаа нохой ам нийлүүлж, “Фортуна” хөрөнгө оруулалтыг зээлээр хаах гэж галаа тахиж, хөлсөө урсган гүйж байна. Энэ бол инээдэм биш манай Засгийн газрын бодат байдал. Үүнийг хэн бий болгосон, бас хэн үргэлжлүүлээд байна гэвэл УИХ. Одоо эцсийн арга нь шинэ хууль оруулж ирээд гадаад өрийн хэмжээг өсгөх.

Энэ чөтгөрийн тойргоос гарах арга байна уу? Энэ асуултад  миний олсон хариу нь хоёр хувилбартай. Нэгдүгээрт, УИХ өөрийгөө харж, өөрийгөө шүүмжилж даруй алдаагаа засах, гишүүд тойргийн гишүүн биш монгол төрийн түшээ, Монголын нийт ард түмний төлөөлөл болох. Хоёрдугаарт, хэрэв тэгж чадахгүй бол нэн даруй улстөрийн системийн өөрчлөлт хийж, төрийн тогтолцоогоо бүхэлд нь эргэн харж өөрчлөх хэрэгтэй. Заа даа, нэгдүгээр хувилбар ч бараг л бүтэхгүй. Тэгэхээр хариулт нь сүүлчийнх л юм байна. Тэгэхгүй бол энэ улс орон баларлаа.

2011 оны эцсээр манай гадаад өр 8,1 тэрбум ам.доллар байсан. Үүнээс Засгийн газрын өр 1,8, үүн дээр одоо Чингис бондын 1,5 нэмэгдэнэ. Төв банк болон банкны өр тэрбум шахам ам.доллар байсан. Аж ахуйн нэгж иргэдийнх 4,5 тэрбум ам.доллар байсан. Нэмээд үзвэл их өр л гэсэн үг. Одоо ахиад тэрбумыг нэмэх гэж байна. Ингэхийн тулд хуулиа өөрчилж гадаад өрийн ДНБ-тэй харьцах харьцааг 60 хувь хүртэл өсгөх гэж байна. Хэрэв энэ босгоо нэмчихвэл Чингис бондынхоо үлдсэн 3,5 тэрбум болон бусад зээл нэмж тавих эрхтэй болох буюу өрийн хэмжээ дээрхээс хамаагүй ихэснэ. 

Гэтэл дотоод өр хэд болсныг нуугаад байна. Өнгөрсөн төсвийн үеэр энэ тоог нэхсэн, жич өгнө гэсэн байхгүй. Өр тавьсан бол үйлчилгээг нь хийхдээ дотоод, гадаад гэж ялгах ёсгүй. Өр бол өр. “Авсан мөнгө болгоныг өр гэхгүй ээ, хугацаа хэтэрснийг нь л өр гээд байгаа шүү дээ” гэдэг санхүүчдийн үгэнд тайвшрах аргагүй болчихоод байна, бодат байдал.

Засгийн газар зөвхөн Засгийн газрын өрийг л харуулаад байгаа болохоос улсын нийт өрийг харахгүй байна. Нийт өр өсвөл манай зээлжих эрх буурна, үүнийг дагаад хөрөнгө оруулалт буурна. Дээрээс нь “Рио Тинто”-гийн шантаажинд улсаараа орчихсон байдаг. Ийм байдлаар аргацаагаад байвал бид удахгүй дефольт (дампуурал) зарлана шүү. 

Гэхдээ энэ жилийн төсөв шинэчлэгдэх эсэхийг дөрөвхөн тоогоор л үнэлчихэж болно. Өгүүллийн эхэнд дурдсан төсвийн төсөлд туссан орлого зарлага яаж өсөх нь вэ, мөн ирэх жилийн зэс, нүүрсний үнийг тооцохдоо яаж өсгөх нь вэ? Иргэд төсөвт анхаарлаа хандуулах эрхтэй төдийгүй ёстой.

Та бүхэн анзаарав уу? Төсвийн эхний хэлэлцүүлэгт манай гишүүд эх орончийн багаа зүүж улсын өр, төрийн бодлого, улс орны эрх ашиг ярьсан. Харин хоёрдугаар хэлэлцүүлэг тэр аяараа тойргийнхоо тухай ярьцгаасан. Болдог юм болдгоороо л болж байна. Төсвийн хэлэлцүүлгээр шантааж хийдэг, таван хүн их тэнгэрт сууж төсөв боодог, Сангийн яам түүнийг нь “нохойн ам” нийлүүлдэг, тэгээд гишүүд нь цадсан боохой шиг дуртай дургүй гараа өргөсөн болж төсвөө батлахчаа болдог байдлаасаа нэн даруй салахгүй бол тун удахгүй жинхэнээсээ “Фортуна”-гийн тэнгэрээс өөр найдах юмгүй болох нь байна шүү, бид.

Саяхан даа, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигт “үндэсний язгуур эрх ашиг” гэсэн үг оруулах гэтэл “Иргэний хөдөлгөөнийх юм  шиг болчих гээд байгаа учраас энэ үгийг чинь авчихсан” гэж авлаа шүү дээ, нэг нөхөр. Үндэсний язгуур эрх ашиг яахаараа хөдөлгөөнийх байдаг байнаа гэсэн чинь “за за тэгвэл сүүлд нь оруулчихъя” гэнээ.

Үндэсний эрх ашгаа уландаа хийгээд яах вэ, юу ч гэсэн толгой дээрээ тавьчихъя ёжлох, шоглохын завсарт хэлж байж нэг юм оруулж билээ. Энэ хэт либерал зарчим, үндэсний эрх ашгаас өөрийн эрх ашгийг дээгүүрт тавьдаг үнэлэмж ядаж УИХ-ын гишүүдэд баймааргүй л байгаа юм.

Гарцыг дахин тодотгоё. Энэ бүхнийг цэгцлэх жижиг засвар хийе гэвэл УИХ-ын сонгуулийн мажоритар системийг халж, бүтэн пропорционал системд шилжин гишүүдийг даган тойрог бүрт хөрөнгө үрэн таран хийдгийг зогсоох ёстой. Эс бөгөөс орвонгоор нь шинэчилж, энэ тогтолцоогоо бүрмөсөн халж, монгол үндэсний язгуур эрх ашигт суурилсан улстөр-эдийн засгийн үндэсний цоо шинэ тогтолцоо бий болгох.

Бид коммунизмаар 70 жил замнаад 11,8 их наяд алтан рублийн өртэй үлдсэн, өнөөдөр либерализмаар 24 жил замнаад бас яг тэр хэмжээний ногоон долларын өртэй болчихлоо доо... ОДОО БҮГДЭЭРЭЭ ХААЧИХ ВЭ?

УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга  

Нийтэлсэн: Г.Уянга

Шантаажны төсөв буюу одоо бүгдээрээ хаачих вэ?!  
Үзсэн: 3311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2013-11-14 17:31
Хоёр дахь зам нь дээргүй юу?
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-11-14 16:12
xaaachix uy baixab xalax l xeregtei
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2013-11-14 15:14
sain bichsen bna. Uyanag gishuundee talarhaya.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-14 14:57
golomt hothond dulaan zogsool avna. 99119709

Бидэнтэй нэгдээрэй