Шууд Chart

Маргааш

2013-12-12 11:31:32

Телевиз киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны тухай дурсамж өгүүллэгүүд...

Энэ хавар би “UBS” телевизийн нэг нэвтрүүлэгт уригдаж оролцлоо. Тэр нэвтрүүлгийг эрхлэн явуулдаг сэтгүүлч бүсгүй намайг ярилцлагад урьсан юм. UBS үндэсний телевизийн дараа орох олон үзэгчтэй, мэргэжлийн чадварлаг хамт олноос бүрдсэн сайн уран бүтээлтэй газар. Миний оролцсон нэвтрүүлгийн хөтлөгч Б.Сайнбаяр нэвтрүүлгээ “Сайн уу Сайнаа” гэж нэрлэжээ. Үзэгч олонтой нэвтрүүлэг юм билээ. Хөтлөгч маань надтай ярилцах гэж нэлээд бэлтгэсэн байв. Сайн төлөвлөж бэлдсэн асуултаар нэвтрүүлгээ явуулахаар боджээ. Цөөхөн үгтэй ч тодорхой юм хэлүүлэх гэсэн нэлээн хэдэн асуулт тавьсан юм. Тэр дундаас уран бүтээлийн цагаан хор шар гэж юу вэ?, тэр үед та бүгдэд эфирийн цаг багатай байсан ч их чамбай бүтээл гаргадаг байж, ер нь өрсөлдөөнийг юу гэж боддог вэ гэж асуулаа. Энэ бол бэлтгэсэн хариулт хүлээсэн асуулт байсан... Өнөөдөр тоо томшгүй олон телевизүүд бий болж чанартай, чанаргүй элдэв янзын нэвтрүүлгээр үзэгчдийг “булах” болсон үед одоогийн шинэ залуу телевизүүдийн нэвтрүүлэг, уран бүтээлийн чанар тааруу болж гэсэн утгатай асуулт болохыг би ойлгосон л доо. Бодож, санаж явдагаа хэллээ. Нэвтрүүлэг бага хугацаатай болохоор олон юм ярьж болдоггүй. Ингээд Сайнаа бүсгүйн асуултыг хэд хоногийн дараа Уугантай хамт ажиллаж байсан тэр үетэйгээ холбож эргэцүүлсэн юм. Нээрэн л бид амжвал долоо хоногтоо арайхийж нэг л удаа эфиртэй байсан. Өнөө цагт бол орой болгон л гарсан ч бүгд нь бэлэн болсон үе иржээ. Ингээд бодохлоор шинэ цагийн сэтгүүлч уран бүтээлчдэд маш өргөн сайхан боломж дэлгэгдсэн ч сэтгэлд хүрсэн сайн нэвтрүүлэг хомс хэвээр байгаа нь харамсалтай юм. 90-ээд оны сүүлчээр Ууган телевизийн байрандаа эргэж ирсэн нь сургуулийн захирал болсон гурав дөрөвхөн жилийн явдал. Ууган манай том байрны урд жижүүрийн мухрын өрөөнд конторлох болсон. Яг доод давхарт нь өндөр өвөө сууна. Өндөр өвөө гэж ардын зураач Намхайцэрэн асны хүү Ганбат юм. Бид гурав үй зайгүй нөхөрлөнө. Ууган Ганбаа хоёр надаас хавьгүй ах ч боловч бидний нөхөрлөлд насны зөрүү байгаагүй. Уулздаг газар  маань Ганбатын умгар өрөө. Хэн хэн нь завтай бол тэнд очно. Намхайцэрэн гуай Монголын анхны уран бүтээлч сэхээтнүүдийн нэг. 1924-31 онд Монголын анхны Залуучууд Герман улсад явж суралцсан. Тэнд их зохиолч Донровын Намдагтай хамт явсан. Энэ залуус хөгжилтэй оронд очиж нүд тайлж юм үзсэн. Анхны монголчууд өөрсдөө ч авъяастай, сэргэлэн цовоо, сүрхий хүүхдүүд байжээ. Намхайцэрэн гуай Германд очиж суралцсан анхны сэхээтэн болохоор манай Ганбат Германы түүх соёлыг өөрийнхөө намтараас илүү мэддэг шахуу байж билээ. Ууган бид гуравын яриа соёлын түүх, гайхалтай хэн нэг хүний намтар түүхээс эхэлнэ. Ууган Ганбат хоёр, хоёулаа манай үндэсний бахархал болсон сэхээтнүүдийн гэр бүлд өсч хүмүүжсэн. Тийм болохоор яриа хөөрөө өөр. Хоёул сайн уран бүтээлч байлаа. Энд олон бодол төрдөг. Уран бүтээлч сэхээтний гэр бүлээс төрсөн хүн уран бүтээлч болдог гэсэн санаа цухалзаж болох ч хэрэг дээрээ огт тийм биш. Манайд Сандагийн Бадрах гэж ховорхон найруулагч байсан юм. Ховорхон гэдэг нь  юм юм их сонирхдог их өргөн мэдлэгтэй, дайчин шаргуу, хүчтэй уран бүтээлч байлаа. Бид хэдтэй хань болдог бас нэг хүн бий. Зураач Адъяа гуай мань эрийг тэр үеийнхэн сайн мэднэ. Үе тэнгийнхэн нь хир Адъяа гэдэг байсан. Адъяа гуай олон талын мэдлэгтэй, урлаг соёлынхныг анддаггүй сонин хачин түүх их ярина. Фантазлах дуртай хүн байж. Дээр нь одоо байгаагаас Гоош гуайг нэмчихвэл бид хэд өдөржин яриа дэлгэсэн ч уйдахгүй хэд байсан. Ярианы эхийг Адъяа гуай тавьж, Ууган үргэжлүүлэн, Гоош гуай нэмж, би нулимсаа гартал инээсээр дуусна. Хэрэв ярианд Ганбат оролцвол дуурь театрын сонин амьдрал хөвөрнө. Бас Соёлын Яамны элдэв явдлын хөг паян дэлгэгдэнэ. Гэхдээ бид чавганцын хов ярьдаггүй. Хэн нэгнийхээ бүтээл, бас хөдөө гадаа явах, натур, павильоны үеийн зураг авалтанд тохиолдсон хөгтэй явдал л ярина. Эндээс би олон юм мэдэж авдаг  байв. Гоош зураачийн аманхуур кинонд их дэлгүүрийн орчим авсан зураг Ууганы Тунгалаг тамир кинонд туслахаар ажиллаж байсан элдэв явдал уран бүтээлийн ажлыг нарийн мэдэж авч байв. Бидний хэн хэн нь өөрсдийн дуулж мэдсэн, олж сонссоноо л ярина. Ууган Доржпалам найруулагчийн кинонд явснаас гадна Д.Жигжид гуайн “Тэмцэл” киноны жанжин Сүхбаатар нутагтаа чийчаан хөлөглөж очсон хэсгийг зураг авсныг ярьдаг нь одоо ч санаанаас гардаггүй. Тэр удаа туслах найруулагч хүн ажлын хамаг хэцүү муу муухайг үүрдэг хойно, ойр хавийн айлаас адуу хураах даалгавар авч билээ. Сум, багийн нам эвслийн үүрийн дарганар дуулгахад л ажил алга урвуулах адил амар бүтдэг байсан ч цагаа тулбал бас хэцүү. Товлосон өдөр адуугаа ч цуглуулж Жигжид гуайн шаардлага өндөр ааш нь хүрвэл юу ч гэж загнаж мэднэ. Мотор дуугарч эхний планы зураг эхэлжээ. Гэнэт стоп гэсэн найруулагчийн дуу тас хийв. Ассистент туслахуудын зүрх ч пал гээд явчихаж. Юу нь болохоо байчихсан юм бол гэж дор бүрнээ сандралджээ. Бүх юм ном ёсоороо л байв. Жигжид гуай уурсаж:
-          Наад морь мал юугаа хийгээд үргэхгүй байгаа юм. Машин ирэхэд урдаас нь юу ч болоогүй юм шиг гөлийж зогсддог гээд хашгирчээ. Үнэндээ хөдөө нутагт анх мөр гаргасан чийчааны дуу чимээнд мал байтугай хүн нь хүртэл үргэж сандрах ёстойг айхтар найруулагч сүрхий бодсон байжээ. Ингээд Бадрууганыг тэрэгний ард нуугдуулж дахиад зураг авахад дээл хунараа сэвж, мод чулуу цохин чимээ гаргуулан мал үргээлгэжээ. Байтугай юм тоохоо байсан орчин үеийн хонь мал, адуу нь олигтой үргэж өгөхгүй зовоож Ууган маань ерөнхий найруулагчид эргэтлээ загнуулсаар энэ зургийг авсан юм билээ. Эл ярианаас ч бас олон юм ойлгосон юм даг.
Би заримыг нь мартжээ. Ганбат маань нэг их өтгөн кофе аягалж барина. Чихэргүй уудаг болохоор би мэт нь өрөөнд нь ёотон авчирж орхидог байсан. Өөрөө бол чихэргүй тууна. Нэг жижигхэн варений шилэнд хийж уудаг байсныг нь бодоод олдоггүй юм. Уг нь гэрт нь кофены  гоё гоё аяга байсан санагддаг. Тэгээд 30-аад оны сэхээтнүүд Герман Франц явсан зурагнууд, аугаа Бетховен, Моцарт, Гендель, Шопены тухай сонирхолтой ярина. Би гэрт нь хоёр гурав очиж пянз сонсож байсан юм. Намайг Герман хэл гадарладаг, тэнд олонтоо очиж сурвалжлага хийж байсныг мэдэхийн хувьд яриандаа хань татдагсан. Бид хоёр уран зураг их ярьдаг байсан юм. Ганбаагийн ярианаас олон юм мэдэж авсан. Уран бүтээлч хүмүүс данаад уншсан ном мэдсэн эрдэмээ ярьж суудаг улс бишээ. Маазрах юм бишгүй. Ихэнхидээ би биенийхээ паянг ярьж хөгжилдөнө. Телевизэд сайн залдаг нэгнийгээ “бандгай” гэж авгайлдаг байж. Адъяа гуайг хэд хэдэн зүйлээр бандгайлсан. Өвлийн хүйтэнд морь нь шээсэн чинь тэр нь газар хүрэлгүй хөлдөж байсан гэдэг яриагаар нь “бандгай” болгосон гэдгийг ерөөсөө мартдаггүй юм. Энэ бүгд зөвхөн манай телевизэд болдог байсан яриа биш ээ. Киноныхон, театрынхан, чуулгынхан бүгд л онигоо ихтэй сонин хачин түүх ярьж, хөгжилддөг байв. Уран бүтээлчдийн нэг сайхан нь тэр юм. Тэр бүгдийг эмхтгэж ном болговол нэлээн гүйлгээтэй “мааз” бүтээл гарах биз... Хэнд ч хэрэггүй мэт санагдаж мэднэ. Гэвч тийм биш ээ. Энэ дундаас уран бүтээлийн санаа “идей” төрдөг. Уран бүтээлээрээ амьдарч явсан ийм хүмүүсийн яриаг сонсож бид өсч хүмүүжжээ. Шинээр мэндэлсэн телевизүүдийн олонхид жинхэнэ уран бүтээлийн нэвтрүүлэг бага байна. Яагаад гэвэл... тэнд уран санааг хөгжүүлж залуучуудыг боловсруулдаггүй. Одоогийн нэвтрүүлгүүдийн олонхи нь гадаадын телевизийн шоу нэвтрүүлгийн “муухан” хуулбар юм. Бас энд тэндхийн клип дууриаж хийсэн монтаж /эвлүүлэг/ нэвтрүүлгийн проектыг тэр чигээр нь хуулаад тууж явна. Ихэнхдээ хөгжмийн мэдээлэл, хоол хийх зөвлөгөөг, өөд өөдөөсөө хараад ярилцдаг яриа болжээ. Яахав цэнгээнт нэвтрүүлэг байна. Тэр нь нэг нь дуулж нөгөө нь шүүдэг. Энэ нэвтрүүлгийн хэлбэрийг телевиз болгон дууриаж нэг нэг юмтай болсон. Харин 25-р суваг телевизээр хөрөг, баримтат нийтлэлийг сардаа хоёр, гурав бэлтгэдэгт нь баярладаг. За тэгээд ихэнхдээ яриа, яриа, яриа. Томхон төсөл хэлбэрээр явуулдаг конкурс буюу уралдаант нэвтрүүлэг мэр сэр бий. Гэхдээ л хуулбар. Нэвтрүүлгийн шинэ санаа олох гэж толгой гашлахгүй болохоор олигтой нэвтрүүлэг хайсан үзэгч сувгаас сувагт тэнэсээр байна.
Нийтэлсэн: Г.Золжаргал

Маргааш  
Үзсэн: 3027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.155.xxx [49.0.155.xxx] 2013-12-14 19:41
ih medlegtei uhaantai hyn shyy mash sain yum bichdeg unshih durtai ajliin amjilt
64.134.165.xxx [64.134.165.xxx] 2013-12-14 08:32
Zoloo bayar hurgii chi suuliin ued huuchchuuliin dursamj ene ter ih bichij bgaa ih taalagdaj baigaa shuu Tendees chin humuus sanaa avch ajildaa tusgaasai Bayarlalaa Ulam ihiig bicheerei tuurivaarai bas buteegeerei

Бидэнтэй нэгдээрэй