Шууд Chart

Телевизэд ирээд “Ибрагим” болов

2013-12-24 08:44:34

Телевизийн буянаар олон сайхан хүнтэй хамт ажиллаж уран бүтээлийн зовлон жаргалаа хуваалцжээ. Анд нөхдийн хүчинд хүн болж өдий дайтай яваа болохоор тэрэндээ насан турш талархаж явах учиртай. Тэднийхээ өөрсдийнх нь ярьж амжаагүйг нь та бүхэндээ уламжилъя даа.

....За тэгээд амьдрал хөвөрч хөрвөж үргэлжилсээр нэг л мэдэхэд 92 он болсон байв. Авираа энэ хугацаанд “Дөрвөн бэрх” нэвтрүүлгээр хэзээний олонд танигдаж ер нь л телевизийн хүн болсон байсан. 92 оны хавар би нэг теле сэтгүүлийн зохиол бичин, бас булан хуудсынх нь дарааллыг нэлээн тодорхой гаргачихсан явснаа наадам дөхүүлээд хойш нь тавьчихсан байсан юмсанж. Залуучуудын нэвтрүүлгийн хамтлаг байгуулаад ажил нэгэнт эхэлсэн болохоор баг хамт олон бүрдүүлэхээс гадна яг юу хийх вэ гэдэг асуудал Авираад тулаад ирсэн нь ойлгомжтой. Хоёр өдөр өрөөнд нь баахан ярилцаж оройдоо тодорхой шийдэлгүй тарсан санагдана. Ингээд над нэг зохиолын төлөвлөгөө дараалал бий аваад ирэхүү гэтэл Авираа “Тэг” гэж байна. Маргааш өглөө нь амалсан ёсоор өнөөхөө Авираад үзүүллээ. Тэгэхдээ би нэг жаахан тайлбарлаж ярьсан юм. Би одоо хэр Авирааг хүндэтгэж бас өөрийгөө жишин голж байдаг нэг зүйл бол Авираа юманд их шийдэмгий. Олон таван тайлбар хэлэхгүй өөрөө болно гэж бодсон бол “Давай “ гэж хэлж чаддаг хүн. Сүүлд бид хоёр хоёр ч сонгуульд хамт явлаа шүү дээ. Тэгэхэд заримдаа  халирмаар юманд намайг зоригжуулаад “Яах юм бэ Золоо хийе” л гэдэг байсан. За тэгээд өнөө “Үдшийн хэм” нэртэй зохиолыг уншаад “Үдшийн хэмнэл” болгоно, хийе гээд шууд л ажилд нь оруулсан хүн . “Үдшийн хэмнэл” ингэж төрсөн түүхтэй. Манай дарга болох Авираа бид нийлээд 12 -уулаа  цэрэг нь. Ёстой галзуу барын аманд гар байтугай толгой хийхээс буцахгүй шижигнэсэн залуус ханцуй шамлан орж билээ. Баяраа найруулагч мань эрийг “Ибрагим” гэдэг байсан нь миний ойлгосноор Оросын нэртэй кино  найруулагч Яраполк Лапшины  “Угрюм река” буюу “Дүнсгэр мөрөн” телевизийн олон ангит цувралд гардаг хатуу догшин шазруун эрэлхэг кавказ ч бил үү чечень ч билүү эр Ибрагимийн нэрээр нэрлэсэн юм болов уу гэж боддог. Ибрагим бол үнэхээр зориг шийдэмгий эр. Манай залуус нэг хэсэгтээ Авирааг Ибрагим гэхэд мань эр нэг их төвөгшөөгөөгүй. 1990 ээд оны эхэн үед “Дөрвөн бэрх” нэвтрүүлэг өнөөдрийн залуусын яриагаар яах аргагүй “брэнд” байж. Авираа тун сайхан хөтөлж байж. Хааяа архиваас мань эрийн хөтөлсөн ганц нэг дугаар гардаг. Монгол дээл нь үгүй мөн сайхан харагддаг. Малгай, дээл, хантааз хачин сайхан зохино. Тэр үед Авираа дээр нүд унагаагүй бүсгүй хүн байгаагүй гэж хэлэхэд нэг их дэгсдэхгүй болов уу. 92 оны намрыг би ер мартдаггүй. Шинэ хамт олны анхны бүтээлийг шинэлэг байдлаар гаргах гэж эрвийх дэрвийхээрээ ажиллсан. Ажил гацвал шууд л Авираад хэлнэ. Авираа нэг за гээд боссон бол заавал бүтээнэ. Яг энэ үеэс Авираагийн нэг сайхан чанарыг олж харж билээ. Юу гэвэл хэзээ ч сүржигнэж хий салхи татуулдаггүй хүн байлаа. Ямар ч юмны эгзгийг өөрөөсөө нэг их хүч гаргалгүй эвийг нь олоод шийдэж чаддаг байв. Энэ тухай хожим Ёолк бид хоёр байнга дурсан ярьдаг юм. Хүнийг эвтэйхэн явуулж хэлнэ. Өөрөө тэрэндээ хөгжиж нуг нуг инээнэ. Хэлэх юм байвал шулуухан гүдэс хэлчихнэ. Хэн бэ гуай ч бай уулзсан хүндээ олны нүдэн дээр илэрхий долигнож байхыг хараагүй. Нэг тийм туйвалзаад байдаггүй, дотор сэтгэлийн асар их тэнхээтэй  гүдэс эр байж  дээ. 90 –ээд оны эхээр Авираагийн тухай ийм л бодолтой явлаа. За тэгээд тэр намар эрт хүйтэрч билээ Эхний дугаар бэлдэх гэж хөглөрсөөр байтал юу юугүй арван сар гарч хүйтэрчих нь тэр. Эхний дугаарыг Үйлдвэрчний Соёлын ордны хөтлөгч ч бил үү, зааварлагч ч бил үү Лхагвасүрэн гэж хүүхэн хөтөлсөн. Тэр нэг их сайн болоогүй. Дараа нь дуучин Оюунбилэгээр хөтлүүлж үзэв. Оюунбилэг үг тогтоохдоо хөнгөн юмны эв донжийг тун эвлэгхэн олоод хэлчихдэг бичлэг хийхэд “дубль” багатай ярьдаг их авсаархан амар хөтлөгч байв.  Оюунбилэгт өмнө нь Авираа “Бага-Үд” радиогийн нэвтрүүлэг хөтлүүлээд зүгшрүүлчихсэн юм билээ. Дараа нь Оюунбилэг хөтлөх боломжгүй болж нэвтрүүлэгч Уранчимэг дагнан хөтлөх болсон. Он шувтрахын өмнө 12 сараас Монголын Залуучуудын Холбоо анх удаа шинэ жилийн баярыг өөр хэлбэрээр тэмдэглэх болсноо нийтэд сүр дуулиантай зарлав. Энэ бол алдарт “NEXT STOP” цэнгүүний эхлэл байв. Энэ цаг мөчөөс “Үдшийн хэмнэл” МЗХолбоотой үй зайгүй ойртон ажиллах болсон. Ингэх олон шалтгаан байлаа. Залуучуудын Холбооны тэр үеийн удирдлагууд нь хойно сургууль төгсөж ирээд удаагүй Горбачёвын “Перестройка”-гийн үзэл санаагаар “нэвчсэн” аливааг шинэчлэх өөрчлөх сэтгэл бодлоор дүүрэн жигүүрлэсэн 20 гаран насны залуучууд байсантай холбоотой. Авираа маань Залуучуудын Холбооны шинэ жилийн цэнгүүнийг хамтарч хийхийг их сайнаар хүлээн авч дэмжсэн. Эхний наадмыг өөрөө хөтлөхөөр болж билээ. Гэхдээ бэлтгэл ажилд бүрэн оролцоогүй. Энэ нь дотно найз найруулагч С.Бадрахын бие муудаж гэнэт өвдсөнтэй холбоотой байсан юм. Бадрах тэр жилийн зунаас даралт нь өндөрсөж бөөрний ажиллагаа муудсанаас бие сульдаж ядрах болсон байв. Их богино хугацаанд эмнэлэг бараадах шаардлагатай болсон. Тэгэхэд  дөнгөж тавь хүрэх гэж байсан гэж бодвол залуугаараа бие муудсан хэрэг шүү. Ингээд шинэ жилийн босгон дээр С.Бадрах найруулагч урагшаа Хятад улс руу эмчилгээнд явах болов. Авираа авч явсан хэрэг. Ард үлдсэн бид шинэ жилийн нэвтрүүлэг бас “NEXT STOP” –ийн тансаг шинэ жилийн цэнгүүн гээд гээд өдөр хоол идэх, шөнө  унтах амрах завгүй гүйлдэж байсан учир урагшаа явсан тэр хэдийг гэх мантай хоцорч байлаа. Тэр үед Авираагийн Бээжин хотын Тянь-Ань Миний талбайгаас хийсэн нэг сурвалжлага ер мартагддаггүй юм. Тяньминий талбай тэр үед одоогийнх шиг байгаагүй. Урьд талд нь үргэлжилсэн их зээлийн газартай, нарийхан гудамжилсан зах нь эцэс төгсгөлгүй үргэлжилж, хүн байтугай хорхой шавьж багтах зайгүй олон хятад түм бумаар язагнасан  газар байсан даа. Тэр дунд Авираа маань эрт үеийн торгоны зам хийгээд арилжаа наймаа хөгжсөн Хувилай хааны нийслэл бас эдүгээгийн нээлттэй нийгэмд бидний Монголчууд Бээжин бараа таваар авч наймаа худалдаа дүүрэн эрхлэх сайхан цаг үе ирлээ гээд түүхийн улбаа өнөө цагийн өөрчлөлт хоёрыг холбон их энгийн сайхан  ярьж билээ. Одоо би юм бичихдээ өгүүлбэрт холбоос болгон байнга хэрэглэчихдэг “хийгээд” гэдэг үгийг би Авираагаас авч бичдэг болсон хэрэг ээ. Тухайлбал: Бидний хэдэн залуучууд хийгээд манай тэр үеийн дарга удирдлагууд гэх жишээтэй бичнэ л дээ. Би хожмын өдрийг хүртэл өөрийн хөтөлж байгаагаа  Авираатай харьцуулан бодож яаж найз шигээ энгийн тодорхой тэгсэн хэр нь илүү дутуугүй байж монгол эх хэлээрээ сайхан ярьж сурах вэ гэж бодсоор ирсэн хэрэг. Хойно төгссөн бид энд Монгол хэлний анги төгссөн Авираа Ёолк нарын дунд  нилээн ялгаа байсан даа. “Үдшийн хэмнэл”-ийн  гуравдахь дугаар бэлтгэж эхлэхэд нэг ийм явдал болсон юм. Ганц худгийн шорон руу онц гэмт хэрэгтний яриа авах болов. Энэ зөвшөөрлийг Жамьянсэнгээ хурандаагаас Авираа авсан байх. Авираа, найруулагч Баяраа, миний бие Нямхүү бид хэд явсан юм болов уу. Телевизийн 69 машинд чихэж суугаад  нэг л мэдэхэд Ганц худгийн гадаа ирсэн. Уг нь тэр ярилцлагыг би хийж болох байв. Үнэнийг хэлэхэд юу ярьж юу асуух билээ гэхэд дотроо эргэлзэж бас бага зэрэг хулчийж байв. Тэр үед би бас л өөртөө эргэлздэг хэвээр явсан. Яг тулаад ирсэн юманд хааяа халирдаг байсан гэх үү. Авираа хоригдлын өрөөнд ороод юу ч болоогүй юм шиг чухам л дүүтэйгээ уулзаж байгаа юм шиг ярилцаж билээ. Эхлээд мэнд мэдээд дөхөж суун- Май тамхи л гээд янжуур гаргаж барьсан билээ. Хулгаж байсан залуу төд удалгүй тайвширч Авираагийн асуултад аажуухан боловч эргэлт буцалтгүй хариулж эхлэв. Ер энгийн тайван яриа авч билээ. Тэр үед би бас нэг юм ойлгосон. Мэдээж тамхи барих нь чухал биш ч мөд уулзаагүй хүмүүс шиг энгүүн дотно мэндлээд ирэхэд цаад хүний айдас хүйдэс арилдаг юм байна шүү гэж мэдэж билээ. Тэр үеийн “Үдшийн хэмнэлийнхэн” гэвэл сэтгүүлч Ш.Ёолк Б.Оюунчимэг Я.Нямжаргал миний бие найруулагч Б.Баяр Б.Нямхүү, Г.Батчулуун, Г.Бямбажав, хөтлөгч Б.Уранчимэг гээд байлаа даа. Долоо хоног бүрийн хагас сайнд 3 цаг орчмын эфир бэлтгэхэд ёстой нусаа хацартаа нааж байв. Яагаад гэвэл хугацаанд амжихгүй болчихож мэдэх эрсдэл олон байв. Техник хангалттай хүрэлцээтэй биш, дээр нь спецэффект их хэрэглэнэ. Тэр нь цаг их авдаг байв. Тэр үед дэгжин чамин юм хийх гээд хэрэндээ хичээж нухна. Хөтөлбөр маань дотроо хэд хэдэн хэсэгтэй. Жишээ нь би “Бидний араншин”, “Спортын ертөнцөд” булан хариуцна. Бүгд бие биенийхээ хариуцсан буланг дуустал ээлж дараалж хүлээнэ. Үүрээр Ёолк маань цонхны тавцан дээр эвхрэлдээд унтсан харагддагсан. Түүнийг харсан шооч Нямхүү “Монголын бяруу алаад хаячихсан юм шиг” хэмээн биднийг инээлгэнэ. Авираа дарга учир тэр бүр хонохгүй ч өдөртөө орж ирж шалгана. Хуушуур хоол бөөндөөд аваад ирнэ. За тэгээд юу юугүй шинэ жил хамар дор ирж бид залуучуудын шинэ жилийн тэр том нэвтрүүлэгт бэлтгэлээ. NEXT STOP-ын анхны шинэ жил Улаанбаатар зочид буудлын ресторанд нижгэр болж билээ. Анхны ардчилсан Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Тансаг ёолк” гэж хэлээд нэлээд хугацаанд хэвлэлийн хэл амны бай болж байсан байх аа. Ёолкны бэлтгэл хангагдаж арай ядан дууссан тэр өдрийн үдээс хойш Авираа урдаас ирлээ. Айл гэрт аав нь ирэхэд гэр дүүрдэг шиг л сайхан санагдаж билээ. Тэр орой Авираа их догь хөтөлсөн. Тансаг ёолкны дуулиан тэр жилдээ тасраагүй ээ. Хавар болов.  Шинэ залуу ”Үдшийн хэмнэлийнхэн” мөлхөн суун зүтгэсээр байж хүмүүст танил болсон байхаа.  Ярьвал их юм бий. Авираа бид хэд Сэлэнгэ аймгийг зорив. Арав хоногийн томилолттой явсан санагдана. Нэлээн олон зураг авч байлаа. Авираа зурганд дагаж явахгүй гол төлөв ажил зохицуулж биднээс салж үлдэнэ. Зураг авах хүмүүс, зөвшөөрөл энэ тэрийг бүтээсэн л байдагсан. Охиндоо нэг хөөрхөн жижигхэн нэхий дээл аятайхан хямд үнээр авснаа үзүүлж байсныг нь тод санаж байна. Ер хаа явсан газартаа хөөрхөн сүйхээтэй наймаа хийчихдэг байсан. Тэгэхэд энэ зангаас нь  суралцвал амьдралд хэрэгтэй  гэж бодсон ч өөртөө нааж чадалгүй өдий хоосон хоцорчээ. Хожим жил хагасын дараа Авираа, Алтай, Жаргалсайхан, Ганбаатар гуай  нар манай телевизээс тусдаа гарч “Жааг” гэдэг бие даасан хамтлаг компани байгуулсан бөгөөд  хамаг хөрөнгө мөнгө энэ тэрийг нь нааш цааш нь хөрвүүлж, өсгөж үржүүлэхийг нь үнэндээ Авирааг хийсэн гэж хожим сонссон. Энэ ч үнэн байхаа. Сэлэнгэ явахад их ажилтай байжээ. Тэр үед миний эхнэр Польш улс руу яваад бараг хагас жил илүү болсон байв. Таван сарын аравдаар Москвагаас галт тэргээр гарсан гэнэ гэж хүнээр дам хэлүүлсэн нь над их л тодорхойгүй хүрчээ. Тэгтэл Авираа намайг яв яв замаас нь тосч ав гэсээр хоёр өдөр аймгийн галт тэрэгний буудалд өнжүүлэх шахаж билээ. Сүүлийн өдөр бүр Москва-Улаанбаатарын цувааны бараг арваад вагоны купе онгойлгож асуулгасныг ер мартдаггүй юм. За тэгээд замд яваа залуу улс оройдоо хүн амьтантай бужигнаж нэг хоёр шил юм мулталж хөгжилдөлгүй яахав дээ. Авираа бид хоёрыг хүмүүс их л таньж сүйд болно. Айлд орвол заавал хоол унд болно. Юм яриулна. За тэгээд тэр үед хаа сайгүй л ууж эхэлсэн ”Асланов” гэдэг ланжгар том лонхтой архи задална даа. Авираа архи сүрхий даана. Би ч бас мөчөөгөө өгөхгүй. Манай Цоомоо зураглаач “тэр тал” дээр ханьсах дуртай ч даах, шингээх талдаа бид хоёрт чирэгдэнэ л дээ. Гэхдээ бид ажлаа алдаагүй ээ. Нэг орой их инээдтэй юм боллоо.  Авираа бид хэд зураг дууссаны дараа айлд дайлуулж тэндээсээ баахан халамцсан иржээ. Нэмэхээр болж шөнө дөлөөр би юманд гарлаа. Буудлын баруун жигүүрийн шатаар гуйвж дайвсаар  бууж гараад шөнийн ТҮЦ –нээс  ганц “юм” аваад буцаж оров. Өнөөдүүл ч ганц “гожин” руугаа ханцуй шамлан дайрлаа. Тав зургаан залууд өнөө муу юм юу болохов. Хоёр тойроод дуусгана биз. Тэгтэл хаалга балбаж жижүүр авгай хараал урсгасаар орж ирлээ.
-Та нарын  нэртэй төртэй нь  тэндээ л биз арайхийж будсан шалан дээгүүр  мэдсээр байж мөр татуулаад гээд л бууж гарлаа.
 Бид бантсандаа бараг архи гарах шахав. Авираа эвийг нь олж тэгэсгээд номхотгосон. Авгай ч толгой сэгсрээд гарч одов. Хэсэг ярьж суугаад нэгэнт нойр нь сэргэсэн улс дахихаар болов. Гэхдээ энэ удаа болгоомжилж, будаагүй шатаар явж гарна шүү гэж тохиролцлоо. Засвартай байрны хонгил ганцхан гэрэлтэй. Шатны хонгил хавиар юу ч үгүй харанхуй байсан хэрэг. Авираа гарах боллоо. Ярьж тохирсноороо л хөдлөв. Гэвч, харамсалтай нь нөгөө шатыг будаагүй байх гэж тооцоолсон нь талаар болж оройхон будаж нэлээн сэврээсэн тэр шат Авираагийн хөлийн мөрөөр бас халтарджээ. Коридорын хуучин улаан хивсэн дээгүүр хоёр талаас мөр татуулсан бид жижүүр авгайд архиа гарч эрүүл болтлоо салам загнуулж тэр шөнө өнгөрч билээ. Өглөө нь жижүүр авгайгаас уучлал гуйж бас хэдэн төгрөг өгсөн санагдана. Энэ мэт явдалд Авираа биднийг төлөөлж буруугаа хүлээн жижүүртэй эвтэйхэн ярьж өндөрлөж билээ. Авираатай олон жил хамт байсан манай Ёолк Авирааг ээдэрч болох юмны эвийг тун эвлэгхэн олж зохицуулдагсан гэж ярьдаг юм. 93 оны хавар ажил их, ар гэрийн амьдралдаа бас түүртэх болсноор 6 сар гэхэд би нэлээн ядарч эхлэв. Эхнэр маань Польш яваад хагас жил болжээ. Хүүхдүүд бага, өглөө орой сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх авах хоол ундаа зохицуулах гээд юм юманд амжихгүй сандарч байжээ. Тэр үед картны бараанд зогсож өглөө хар үүрээр талханд дугаарлах хэцүү байсан. Хоёр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь өгчихөөд би телевиз рүү харайлгана. “Үдшийн хэмнэл”-ийн монтаж эхлэхэд би эхнээс нь дуустал найруулагчтай хамт суудаг бас зурганд явах, текст бичих, зэрэг завсарлагагүй үргэлжилсэн ажилд үнэндээ ядарч байсан хэрэг юм даа. 6-р сард Австри улсад дадлага хийхээр бараг сар шахуу явав. Тэнд бас их ядарч билээ. Ер нь л ядраад л яваад байсан хэрэг шүү дээ. Наадмын өмнөхөн гэртээ ирэхэд амьдрал орвонгоороо эргэсэн байв. Бараг жилийн өмнө явсан эхнэр маань Польшид байх хугацаанд өөр хүнд хайр сэтгэлтэй болж цаашид хамт амьдрах болоод эх нутагтаа буцаж иржээ. Тэгэхэд гэгээн цагаан өдөр үүлгүй цэлмэг тэнгэрт аянга ниргэх шиг болж билээ. Над тийм мэдээ сонсоход маш хэцүү байсан учир сэтгэл нэлээн хямрав. Вена хотоос гарч, Москвад ирэн манай телевиз радиогийн ажилтны байраар очиж дайлж цайлуулан унтах завгүй явсаар Улаанбаатарт ирээд олигтой ч амралгүй тархин дундуураа татуулсан тийм олиггүй мэдээ сонсоод үнэхээр гутарч билээ.   Хоёр хоног найз нөхдийнхөөр явж сэтгэлээ засна хэмээн архи уулаа.  Наадмын дараа сүг сүнс нь хийссэн юмшиг хүн ажил дээрээ ирж хонон сууж юм хийгээд харьсан. Элдэв юм бодогдоод нойр ч хүрдэг юм биш. Тэгж унталгүй хоёр гурав хоносон байв. Гэртээ байж байтал толгой эргэж дотор муухайран сууж гар хөл салганаж эхэлсэн. Би Авираа руу утасдаж унаа явуулна уу гэж хэлснээ санадаг юм. Нэг мэдэхэд Авираа ирж аваад эмнэлэгт авч ирсэн байв. Эмчтэй ярьж байв. Седуксин тарьж унтуулаад хэд хоног амраана. Ер нь ядаргааны туйлд хүрсэн хүн сэтгэл санааны хямралтай байгаа учир  тайван амрааж эмчилнэ. Инсулин тарих хэрэгтэй гэж эмч хэлсэнийг санадаг юм. Тэр үед Инсулины эмчилгээ гэж нэг юм байсан. Эхэндээ хэцүү ч ядаргаанаас нэг мөр сайн гаргадаг их сайн эмчилгээ байжээ. Ингээд би Сэтгэцийн эмгэг судлалын төвийн харьяа Шар хадны гэх клиник эмнэлэгт хэвтэв. Тэнд ядаргааны тасагт хэвтүүлсэн юм. Седуксин тариулж хэд хоног нэлээн унтав. Нойргүй явсан хэдэн сарын ядаргааг тэгэж тайлахаас өөр яах билээ. Олон сараар шөнөжин эвлүүлэгт суусны горыг биеээрээ эдэлж тайлах болсон нь энэ байж л дээ. Залуустаа хандаж хэлэхэд “Эдийг шинээс нь, биеийг залуугаас нь гэж ажил амралтаа зөв зохицуулж сураагүйн гай юм билээ шүү. Дээр нь гэр бүл салж сарнисны хямрал нэмэгдэхээр эхэн үед хэцүү байсан ч ч ар гэрийнхэн, дүү нар маань их сайхан хоол ундтай өдөр болгон шахам   эргэж тойрч сайн асарсансан. Харин өнөө үхэн хатан зүтгэж, амь амьдралаа зориулан тэмцсэн байгууллагаас маань хэн ч ирээгүй юм даг.
Нийтэлсэн: Г.Золжаргал

Телевизэд ирээд “Ибрагим” болов  
Үзсэн: 5968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-01-02 12:47
хэн нэгийгээ амьд мэнд байхад нь ийм юмаа ярьж бичиж байывал илүү дээр дээ ядахдаа өөрөө уншаад баярлана шүү дээ манайхны өнгөрсөн хойно нь магтдаг зан арилахгүй юм даа.
2.99.79.xxx [2.99.79.xxx] 2013-12-24 22:11
Zoloo ahaa ta neeree esttoi hattai tevcheereti er ym da.Ter ih ajiliin hajyygaar ehnereesee salchaad uvchtui huuteigee uldeed...tegeed odoo ter huu yamar huurhun myndag er bolsoniig har lk da.uneheer baharhaj bna.sain etseg.
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2013-12-24 13:00
Дуучин Дуламсүрэнтэй явалдаад хаясан новш байгаа юм даа.Дараахан нь Дуламсүрэн өнгөрчихсөн шдээ.
27.123.215.xxx [27.123.215.xxx] 2013-12-24 12:00
Би л лав түүнийг ажил мэргэжилдээ, ер алив юманд тууштай байхын хамгийн тод жишээ гэж боддог.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-12-24 10:58
Ta nar ter ued neeree televez deer l xonodog bsan shuu.Bi montajig chin xij ugdug bailaa.sony 4.5 geed apparatan deer .Talii egch mun saixan xun bsan.xuntei evteixen xaricana,nevtruulgig chadvarlag xutuldug baj bilee.ter uein zaluusig baildan daguulsan nevtruulgig ta nar mini xij bsan shuu!!! Ta nartaa sain saxanig xvsei!!!!! oyunaa
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2013-12-24 10:35
saihan l bichleg bna yanaa avgai avsan bolov uu
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2013-12-24 10:34
saihan l bichleg bna yanaa avgai avsan bolov uu
180.235.185.xxx [180.235.185.xxx] 2013-12-24 10:06
Setguul zuin salbart uuriin gesen bair suuriig ali hezeenii ezelsen sain setguulch. Bi ch gesen taniig televizeer garah l ym bol yu yrij bna geed suvgaa solilgui sonsdog.Mongol er hun shig setgeliin hattai bgaad bayar hurgii.amidrald tsag hugatsaa gej neg saihan em bdag ym .tsag hugatsaa buhniig haruulaad ugnuu henii zuv henii buruu bsniig za amjilt husii biee sain bodooroi uvxhin zovlongui urt naslaarai taniig hundetgesen Boloroo
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2013-12-24 09:11
gandan hiidee muulaj nevtruuleg hiigeed l yavsan da huurhii
71.13.11.xxx [71.13.11.xxx] 2013-12-24 00:30
Zoloo chinii bichseniig tesen yadan huleej unshdag Ene udaa chinii huviin amidralaas baga ch gesen medlee.Setgeliin hattai zaluu yumaa chi.Amidral saihan amidrah bur saihan shuu Zoloo!!! Amjilt husii Sainuu Sainaa nevtruulegt ger buliin talaaraa todorhoi yarihgui baisniig chin sanaj b,a Iim uchirtai baijee Za uuchlaarai baahan huviin amidral ruu chin ungiiluu.Amjilt Chi shuu Saihan bichij Saihan ch bichij baigaa Daraa daraagiin bichih sedeviig chin huleej suuj bgaa shuu.Shine jiliin mend!

Бидэнтэй нэгдээрэй