Шууд Chart

Хар дэвтрийн явдал

2014-01-14 15:18:10

Телевизийн буянаар олон сайхан хүнтэй хамт ажиллаж уран бүтээлийн зовлон жаргалаа хуваалцжээ. Анд нөхдийн хүчинд хүн болж өдий дайтай яваа болохоор тэрэндээ насан турш талархаж явах учиртай. Тэднийхээ өөрсдийнх нь ярьж амжаагүйг нь та бүхэндээ уламжилъя даа.
 
Биднийг дөнгөж ажилдаа суралцаж, цэл залуухан үлгэрлэвэл “ногооноороо” байх тэр үед дундаа өсгөж хүмүүжүүлсэн телевизийн ахмадууд ажилсаг хичээнгүй, өндөр шаардлагатай   хүмүүс байжээ. Гэхдээ ажлаа ч хийчихдэг, алиалж наргиж ч чаддаг хүмүүс байсан юм. Одоо энд өгүүлэх дотно найзынхаа наргиан наадамтай ч сэтгэлээс хэзээ ч арилашгүй гэгээн сайхан дурсамжаас та бүхэнтэйгээ хуваалцая. Жагааг дөнгөж нэвтрүүлэг хийж эхлээд дадлагажаагүй байсан нэг хавар редакцийнхан нь хатуухан “тоглож”. Тэр тухай найз минь хожим хойно ч дурсан ярьдагсан. Бодохоор инээд хүрээд байдаг юм. Найруулагч С. Бадрах, Ө. Нарангэрэл, Ш.Гүрбазар редактор Б.Дорж гуай мөн найруулагч Б.Бямбадорж гээд хэдэн болдоггүй нөхдүүд Залуучуудын редакцид байлаа. Дээр нь Зоригийн Алтай нэмэгдэнэ. Болдоггүй гэдэг нь хааяа хүмүүсээр хатуухан тоглочихдог хөгжилтэй нөхдүүд байсан. Би амьхандаа тэрнийг нь мэдэх болохоор хашруудаас холуурхан чимээгүй дөлнө. Ер нь ч редакцийн харьяалал маань өөр байсан юм. Би кино орчуулгын редактор ажилтай.
 
Тийм болохоор Телекино үйлдвэрийн найруулагч Жамьян эсхүл телевизийн найруулагч Бадруугантай арай ойр. Тэр үед уран бүтээл их ярьж хөгждөг байж. Ингээд 88 он гарахад Туяа / Юндэндоржийн Эрдэнэтуяа / дарга ирчихсэн юм юмны “эрэг боолт чангалж” эхэллээ. Ялангуяа нэвтрүүлгийн бодлого тодорхойлдог” сүлжээнээс шинэчлэх ажлаа эхэлсэн юмдаг” . Ер нь ч тэгэх цаг нь нэгэнт болчихсон байсан даа. Зоригийн Алтай Залуучуудын нэвтрүүлгийн редакцийн дарга болов. “Цаг үе” залуучууд нэвтрүүлэг гарч нийгэм доргиж эхэлсэн. За тэгээд Шинжлэх ухааны академиас өөрийн хүсэлтээр гарч Жагаа маань телевизэд ирлээ. Анхныхаа нэвтрүүлгийг ч хийж эхэлсэн. Анхны найруулагч нь Өлзийхишигийн Нарангэрэл. Миний ярьж байгаа энэ дурсамж 1988 оны намар болсон болов уу. Мань эр эхний нэвтрүүлгээ хийчихсэн үед болсон явдал. Редакцийн хариуцлагатай редакторууд өглөө бүр тогтсон цагт даргын өрөөнд хуралдана. З.Алтай, С.Төрмандах, Б.Бадрууган, Х.Наранжаргал гээд албадын дарга нар. Жагаа маань ер нь сониуч. Ширээн дээр хөглөрөөтэй юм байвал үзнэ. Хааяа даргынхаа ширээ рүү өнгийчихнө. Хаа ч нүд нь гялалзаж ам хуурай явна гэж үгүй. Өөрт тохиолдсон юм байвал их инээдэмтэй зохиож нэмээд биднийгээ инээлгэнэ. Хөгжилтэй. Парик нь үл ялим хэлтийсэн бол баривгар гарынхаа долоовор болон дунд хуруугаар үзүүрийг нь эвтэйхэн чимхэж бариад засчихна, тэгээд л “галлаж” өгнө. Тэр нэг удаа дарга нь болоод удаагүй байсан Зоригийн Алтай томилолтоор хаашаа ч юм явж. Өглөөний хуралд Өлзийхишигийн Нарангэрэл сууж эхэлжээ. Тэр хэд ярьж байгаад Жагаагаар тоглох юм болж. Мань эр өглөө орж ирээд Алтайн ширээ рүү өнгийдөг зуршилтайг нь хашрууд анзаар ч л дээ. Ширээн дээр нь алба ажил, хөдөө гадаа явах томилолт зэргийг бичдэг хар дэвтэр байх. Ө.Нараа нөгөө дэвтэр дээр нь : Энэ Жаргалсайхан ажилдаа тэнцэхгүй. Академи рүү нь буцаа.Эрдэнэтуяа дарга зэмлэв гээд таталж орхижээ. Тэрнийг нь Жагаа харчихаж. Угаасаа ч нөгөө хэд нь мань эрийг хүлээгээд чимээгүй харж суусан хэрэг. Өглөө хурлын дараа хуйвалдсан бололхоор ирэхийг нь тэсэн ядан хүлээнэ биз дээ. Нэг их удсангүй Жагаа ч урьдын адил том том алсаар орж ирж дээ. – За юу байна гээд гар өгдөг заншилтай . Чанга атгана. Тэгж байгаад сурсан юмыг сураар боодоггүй гэгчээр мань хашир ширээ рүү өнгийгөөд өнөө дэвтэрт бичээстэйг уншиж дээ. Жагаа хар цагаан таг дуугүй хэсэг хөшсөнөө хөөе гэхийн завдалгүй өрөөнөөс нисэхээрээ гарч. Нөгөө хэд хэрэг бишдэж магадгүйг ойлгоог тэр үед Залуучуудын редакцид туслах найруулагчаар ороод удаагүй байсан Ганбатын Энхтөрийг араас нь гүйлгэжээ. Шинэ төвөөс хуучин төв ортол лав 5 минут явна. Гэвч Энхтөр Жагааг гүйцсэнгүй. Жагаа давхисаар Туяа дарга ру туугаад орж дээ.
 
-За ажил нь сайн уу. Алив суугаач. Ажилдаа дадаж байна уу. Манай Жагаа мэрийж байгаа шүү гээд Туяа дарга намуун аядуу мэндчилж талархан угтжээ. Туяа дарга таагүй угтвал түрүүлж дуугардаггүй юм. Зүрх нь цохилсон Жагаа эгээ л уйлчихсангүй.
-Даргаа би ажлаа сайн хийж байгаа ш тээ. Би гурван нялх хүүхэдтэй. Эргээд ямар нүүрээрээ буцаж очих юм бээ. Туяа даргаа та намайг битгий хал л даа гэж дээ. Мэл гайхаж цэл хөхөрсөн дарга: 
-Чи чинь юу яриад байна. Харин ч сайн ажиллаж байгаа. Юун халах. Хэн тэгж байна. Явж ажлаа хий гэхэд нь :-Даргаа баярлалаа гээд тэр чигээрээ эргээд чавхадсан гэдэг. Өөрөө ярих нь үнэхээр элэг хөшөөдөг. Хожим үүнийг Ө.Нарангэрэл бүр сүртэй ярьж өгснөөр домог болох шахсан явдал шүү дээ.
 
Анх танилцаад сүрхий дотно болсны дараа мань хашир бидэн дунд нүүр хагарч хөгжилтэй марзан юм ярьж нулимс бардагсан. Жагаа маань өөрөө хүн их элэглэнэ. Ө.Нараа / Ө.Нарангэрэл / сууж байхдаа урьд орчныхоо   шалны хог түүгээд л тонголзоод байдаг байсан үе. Тэрнийг нь их дуурайна. Сайндаа ч биш. Дөнгөж ирээд далагажаагүй байхад нь найруулагч нь их загнадаг байж.   Тэгээд л Ө.Нараагаас / анхны найруулагч нь / хариугаа авч байгаа нь тэр. --Энэ малыг хаанаас олж ирсэн юм бэ. Буцаа буцаа гээд муу “дебиль” чинь редакцийн шуурхай дээр донгоддог байхгүй юу гээд инээж суудагсан. Ер нь бид хожим амнаас салахаа байсан тэр нэг “Мал” гэдэг үг найруулагч С.Бадрахаас гарсан ч хожим бас Жагаагийн амнаас салахаа байсан юм. Анх ирээд дадлагажаагүй байхдаа нэг удаа нэвтрүүлгийнхээ тайлбарыг “за кадраас” буюу дүрснийхээ араас өөрөө дэлгэцэнд гарахгүйгээр уншиж л дээ. Тэр үед нөгөө Оросын “ВМЗ” гэдэг авдар шиг том аппаратан дээр ажиллаж байсан үе. Доор студид Жагаа тайлбар уншихдаа ээрч түгдрээд хэд дахисан ч юм бүү мэд. Тэр үед тайлбар уншиж байгаад нэг алдвал видео хальсаа эхэнд нь аваачиж бүх ажил ахин эхэлдэг байлаа. Алдахгүй 50-60 минут явсаар сүүлийн хэдэн минут алдвал дахиад л эхнээс нь “ганийлгана” шүү дээ. Тамын ажил байсан. Тэгээд л Бадрахын бичлэг дээр Жагаа алдчихгүй юу. Найруулагч   дэлбэртлээ уурлаж хүн болгонд –“Хар даа манайх Академиас нэг ийм мал олж ирсэн” гээд цухалдсан байж. Бадрахын хэлсэн үг Жагаагийн чихэвчээр дамжин өөрт нь сонсогдоно биз. Бүр сандраад бараг л таг болсон гэдэг. Тэр гайтай “Мал “ гэдэг үг ингэж тархсан. Сүүлдээ Жагаа ч өөрөө байнга хэлдэг үг нь болж билээ. Таньдаг мэддэг хүн нь тийм шүү гэх байх. Ер нь Жагаа телевизэд ирсэн нь өөрөө ч түүхтэй. Зоригийн Алтайг “Залуучуудын” редакцийн даргаар тавьдаг нь үнэндээ Туяа даргын эхлүүлсэн шинэчлэлийн нэг. Алтай энэ редакцид ирээд их олон юм шинэчилсэн дээ. –За бид нар социализмын магтан дуулаачдын нэг болж нэг олон одон медальтай хүмүүс гаргаад баймааргүй байна. Залуучуудын ажил амьдрал харуулна гэж хэлж эхэлсэн гэж хожим Цэвэлсүрэн найруулагч дурсаж байхыг санадаг юм. Залуучуудын редакцийнхан Улсын төлөвлөгөөний комисс, Үнэ стандартын хороо, Шинжлэх Ухааны Академи, Их сургуулийн зарим багш нартай зориуд очиж уулзалт хийсэн юм билээ. Зорилго нь телевизийн залуучуудын нэвтрүүлэг ямар байх ёстой вэ, юу үзүүлэх вэ гээд л. Академи дээр очтол тэр уулзалтн дээр нэг хачин халимагтай залуу босч ирээд тун идэвхитэй оролцож “Бид Зөвлөлтийн телевизээс суралцмаар байна. Та нар үздэггүй юмуу хайшаа юм. Та нар унтахаа болиоч” энэ тэр гэж баахан шүүмжилсэн юм байх. Тэр залуу нь мань Жагаа байжээ. Хожим надад Ө.Нараа найруулагч тэгж хуучилж билээ. Удалгүй 1:6 нэвтрүүлэгт Академийн залуучууд оролцжээ. Тэр үед энэ нэвтрүүлгийг одоо УИХ –ын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж хөтөлдөг байв. Гуч гаруй насны туранхай шөвгөр залуу байсан санагдана. Нарийн гэхээстэй хул шар, бараг бор өнгө нь дийлсэн ноосон цамцтай хөтөлдөг байсан дүр зураг сэтгэлд үлджээ. Монтажийн үеээр хүмүүсийн нэр ус асуух гэж Жагааг телевизэд дуудаж дээ. Жагаа ирж хоёр өдөр хамт суув. Телевизийнхэн өөрийнх нь дүрсийг оруулалгүй орхичих бий гэсэн шиг хааяа сануулаад ч байгаа юм шиг “хачин царайлаад” өндөлзөөд хавчигнаад байсан гэж ярьдаг. З.Алтай тэр монтажид өөрөө ч нэлээн суужээ. Академиас ирсэн тэр залууг ойроос харахад халимаг үс нь нэг л биш тэгээд хулгайн нүдээр байн байн гайхаж хараад суусан юм байх. Харах тусам л нэг л биш. Хэлэмгий доломгой тэр залуу нэвтрүүлэг сонирхолтой хийж болмоор санагдаад телевизэд ирж ажилла гэж санал тавив. Жагаа тэр үед шинжлэх ухааны Доктор профессор олноо “загасны” гэж алдаршсан академич Дулмаа эрдэмтний дэргэд туслах ажилтан байж. Ингээд нэг их удалгүй манайд ирсэн. Бид залуучуудын өрөөнд хааяа дэмий ярьж баахан суух. Жагаа өөрийнхөө тухай элдэв юм ярьж элэг хөшөөнө. Их дэлгүүр лүү орох гээд том том алхан яарч явж дээ. Өмнө нь тэгшхэн урт хөлтэй туялзсан хүүхэн гунхаад алхаад байж. Өмнүүр нь орж царайгий нь харах гээд гүйцтэл юу юугүй л дэлгүүрт яваад орчихжээ. Тэр үед их дэлгүүрийн том хаалгааар ороход хажуунаас нэг их халуун агаар хүчтэй үлээлгэдэг байсан юм.
 
        -Нөгөө гоё хүүхнийг чинь өмнө нь гараад яг эргэтэл салхинд парик хийсдэг байхгүй юу. Мулзан толгой хараад нөгөөх чинь нүд нь орой дээрээ гарна биз. Би яг фантомас царайлж байгаа юм чинь. “Пияхлу”, би яах юм бэ. Тонгойгоод парикаа яваад бостол баахан амьтан шавчихсан -Пээ яанаа зүүдэнд ормоор амьтан байна гээд шуугилдахад ичсэндээ цаашаа чавхдчихаж билээ...гээд л ярина шүү дээ. Жагаа маань их цайлган сэтгэлтэй. Өөрт тохиолдсон сайн муу явдлаа нууна хаана гэж үгүй. Харин ч хөгжилтэй түүх болгоод авч өгнө. Туяа даргын -Чи сайн ажиллаж байгаа шүү гэдэг нь хоосон магтаалын үг биш ээ. Үнэндээ Жагаа телевизэд тэр дорхноо л олон хүмүүст сайн танигдаж дотно болсон хүн. Их л нийтэч залуу байж билээ. Удалгүй сайн уран бүтээлч болсон доо. Мэдээж үүнд найруулагч Ө.Нарангэрэлийн бүтээлч хатуу зарчим нь нөлөөлсөн. Нараа шинээр ирсэн залууг богино хугацаанд телевизийн хүн болгосон юм шүү. Тэр үед Нараа маань одоогийнх шиг коридороор явахдаа дарга шинжиндээ арай л ороогүй байсан үе. Үгүй мөн түргэн шаламгай хөдөлгөөнтэй, юмны эгзэг боломж алддаггүй шуурхай, гялалзуур маш хичээнгүй найруулагч байсан. Би ч бас Ө.Нараатай нэг биш удаа дөрөө хавирч сайхан нэвтрүүлэг хэд хэдийг хамтарч хийсэн юм шүү. Жагаад үзэгч татах нэг далд увидас байсан гэж боддог. Энэ бол зөвхөн парик нь биш. Залуучуудын редакцид шинжлэх ухаан танин мэдэхүйн шинэ нэвтрүүлэг ус агаар шиг хэрэгтэй ч болсон цаг үе. “Академид шавьжаа   тоолоод   сууж байсан бол ёстой шавьж болоод дуусахгүй юу” гээд л бид хэдийн инээд барна. Нээрэн л тэгэх байсан биз гэж бид цаашлуулна. Нэг удаа чанарын шагнал аваад жигтэйхэн баярлаж биднийгээ дайлж тэмдэглэсэн. Долоо хоног бүрийн шуурхайд сэтгүүлч найруулагчид ээлжлэн босч халуун яриа эхлүүлдэг байсан ширүүн үед л дээ. Ялангуяа 90-ээд он хүртэл гал маналзтал хэрэлдэж хэлцдэг байсныг санаж байна. Тэр үед залуухан бид нар шуурган галд өртчих бий гэж туулай зүрхээ бөмбөлзүүлэн чичэрч суух. За тэгээд нэг сайхан өдөр Жагаа, Ө.Нараа хоёрын “Тулах цэг” нэвтрүүлэг магтуулж ялангуяа Жюль Вернийх бил үү дээ мартчихаж, “Эрдэмтэн Доулийн толгой” зохиолоос сэдэж хөтлөгчийн толгойг ширээн дээр байгаа мэтээр “спец”-д оруулаад яриулсан нь шинэлэг болж тэр хоёр нэг хэсэгтээ шинийг санаачлагч болон додигор явсан юм. Нээрэн л сонирхолтой шийдэл байв. Бидний үед хор шар байсан. Ил цагаахан хор шар. Нэг нь жаахан шинэ юм хийгээд давуулчихвал нөгөө хэд нь илүү гарна гээд битүүхэн шаналчихдаг байж. “Хар” хэмээх Дашням /Дашка/ миний бие болон, Алтай том Цэвлээ, Жагаа бид хэд ёстой залуу “шинэковууд” явжээ. Авираа, Ёолк хоёр хараахан ирээгүй радиодоо байсан. Жагаа маань телевизэд орж байх тэр үед гурав бил үү таван буудлын тэнд гэрт, нэг хэсэг хашаанд байсан тухайгаа их ярина. Наймдугаар ангидаа ядаргаанаас болж бүх үс нь гэв гэнэтхэн л туг тугаараа унасан гэдэг. Тэгээд парик өмсч явах болсноор олондоо энэ нэрээр танигдсан. Нэг удаа гэртээ угаасан юмнуудаа хэцэнд тохож хатаахаар түмпэнтэй юм бариад зогсч байж. Айлын чавганц толгой нүцгэн байхыг нь ер хараагүй юмсанж. Угаасан эхний нойтон хувцасаа тохчихоод буцаж орохдоо парикаа аваад орон дээр шидчихээд гарч. Гэнэт мулзан толгойтой хачин хүнтэй халз тулсан   өнөө эмгэн цочиж эгээ л тэр дороо зүрх нь хаагдчихаагүй гэдэг. Мань эрийн парикнаас үүдэлтэй мөн олон онигоо байдагсан. Заримыг нь бид сүүлд зохиож нэмсэн.
 
Тэрнийг хүртэл яриад амьтан инээлгэж элгийг нь хөшөөнө дөө. Ээ дээ мөн гэгээн цагаан сэтгэлтэй анд минь байжээ. Телевизийн найруулагч ГО .Бадарч нэг удаа бас элэг хөшмөөр юм ярьсан. Тэр хэд залуучуудын нэвтрүүлгийн шугамаар Улан-Үд ч бил үү Наушки ч бил үү хил гарч дээ. Тэр үед манай энд жимс чихэр одоотой адил элбэг байгаагүй. Тор дүүрэн л яавлаг /Яблоко/ авцгааж. Бас эндээ зарж борлуулчихаар юухан хээхэн цуглуусан юм байх. Тийм юманд манай ГО бол нүд нь сэргэнэ. Тэгээд Жагаагаа хөлдөө чирчихэж. Оросын таможныхан /Гаалийн байцаагчид / орж ирээд нэгжиж үзээд “Та нар контрбандууд байна. Бууцгаа. Паспортаа хураалга баривчилна” гэж дээ. Жагаа юу юугүй   сандарч “Помогите у меня вот 4 детей” гээд дөрвөн хуруугаа гозойлгон сөхөрч суусан гээд л ГО пар пар инээж суудагсан. Одоо бодоход Жагаа маань наргиа наадам даачихдаг л сайхан хүн байж. Өөр хүн бол уурлахаар   юманд манай хүн дагаад л хөхөрч суудагсан. /Үргэлжлэл бий/       
 
Нийтэлсэн: Г.Золжаргал

Хар дэвтрийн явдал  
Үзсэн: 6619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-20 16:17
Ямар сайхан дурсамж вэ. Одоо ийм сайхан хамт олон найзууд бараг байхгvй дээ. Залуу нас санагдаад сэтгэл vймэрчихлээ
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-01-16 16:26
сайхан бичсэн байна. Баярлалаа.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-01-16 16:19
Үнэхээр сайхан бичжээ. Сэтгэл их хөдөллөө.
202.170.80.xxx [202.170.80.xxx] 2014-01-16 15:19
mash saihan setgegdel turluu Zoljargal ah argagvi setguulch hun arhag setguulch gesendee shal ooroor bichij bainshuu unshaad setgel hudluj baina nulims garah n eee,,, uneheer aaviigaa sanaj bna ;(
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-01-16 09:19
zoloogiin utas hed ve
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-01-15 22:32
1:6 нэвтрүүлгийн бичлэгийг Гончигдоржгуай хөтөлж байхыг сайн санаж байна.Аав байн байн үсэрч босч доошоо студи руу гүйн орж -Хүмүүсийг мал, мангараар нь дуудаад л. Би айгаад л. Харин бичлэг тарсаны дараа аав шал ондоо юм ярьчихсан инээд алдаад л.Кккк. Би Жагаа ахыг өөрийнхөө онигоог өөрөө ярихад нь их дуртай ,гоё ярьдаг,хөгжилтэй хүн байж билээ. Парикний онигоо лав 100 гаруй байхаа кккк. Золоо ах сайхан дурсамжууд нийтэлсэнд баярлалаа. Залуучуудад МТВ сайхан түүхийг олныг нийтлэнэ гэж хүлээж байна.
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2014-01-15 22:00
Сайхан дурсамж байна. Мөхөс би мань хүний Центавр-ын хамгийн сүүлчийн оролцогч нь. Тэр үед бидэнтэй ярьж байхдаа "би зарим хүмүүс шиг эмчилгээ энэ тэр гээд хандив гуйж, хүний төлөө амьдарч байгаа шиг аашлахгүй" гэж ярьж байсан юм даа, тэр үед бид яаж мэдэхэв дээ, үнэхээр эр хүн шиг хүн байж дээ
49.0.196.xxx [49.0.196.xxx] 2014-01-15 18:52
saihan dursamj bna urgeljleliig ni hurdan niitleerei iim saihan gegeeleg dursamj unshih ih saihan blaa amjilt
Ч.Батзаяа Zayashka [112.72.13.xxx] 2014-01-15 15:09
Сайхан нийтлэл байна маш их таалагдлаа амжилт ахаа
Батзаяа Чулуунцэцэг [112.72.13.xxx] 2014-01-15 15:08
Сайхан нийтлэл байна маш их таалагдлаа амжилт ахаа
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-01-14 17:54
https://www.facebook.com/bold.tovuu/posts/725276787529856?notif_t=like
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-01-14 17:54
Золоо би 1 ийм юм бичлээ https://www.facebook.com/bold.tovuu/posts/725276787529856?notif_t=like

Бидэнтэй нэгдээрэй