
Монголын зохиолчдын эвлэлийн “Алтан Өд” наадмын зургаан удаагийн эзэн, Монголын урлагийн Нобель гэгддэг “Гэгээн муза” шагналт, “Хүрээ ахан дүүс” бүлгэмийн гишүүн, зохиолч, доктор, профессор Пүрэвхүүгийн Батхуягийн "Төмөр хөшиг" өгүүллэгийг хүргэж байна.
Хөдөлж чадахгүй бээрчихсэн байхад нь би олсон юм. Голын бургасанд хэвтэж байж билээ. Хэдий цаг хавар болсон ч хүйтэн жавар хөндий дүүрээд тачигнаж байв. Хотоос гэртээ ирээд гурав дөрөв л хонож байлаа. Хэрэв ийм жижигхэн сэгсгэр юм надтай өөр газар таарсан бол би нэг их тоохгүй хажуугаар нь хээв нэг өнгөрөх байсан биз. Шарсан зайдасны үнэрт автаад хөл доогуур хэрэлдээд байсан яг ийм жаахан амьтныг орь дуу тавьтал нь өшиглөж байснаа саналаа. Харин түүнийг өвөртөө хийгээд гэртээ авчрав. Жижиг шаазан тавганд сүү хийж өгөхөд минь учиргүй ховдоглон долоов. Дараа нь эсгий улавч дэрлээд унтаад өгсөн. Түүнээс хойш байшингийн хаяанаас салахаа байлаа. Бас болоогүй энд тэнд чимээ авахаараа гөлгөн нохойны сулхан дуунаар “хав, хав” хуцна. Заримдаа би түүнтэй тоглоно. Сүүлэнд нь тууз уячихаар хичнээн хөгжилтэйгээр эргэлддэг байсан гэх вэ.
Би түүнийг аваад явмаар байсан ч хотод өөрийгөө яахаа мэдэхгүй байж дээрээс нь нохой дагуулах илүү явдал гэж аав хэлж билээ. Тэгээд л түүнийг орхиод холын замд гарсан юмсан. Гарыг минь хичнээн халуун дотноор долоосон гэх вэ? Салах ёс гүйцэтгэж байгаа мэт тийм өрөвдөлтэйгээр харсаар хоцорч билээ. Жижигхэн муу гөлөг гэхэд ухаантай юм гэж ээж хэлээд сэгсгэр үстэй толгойг нь илбэв. Галт тэргэнд суугаад цонхоор би түүнийг харав. Аав, ээж хоёрын дунд эргэн эргэн харсаар, нарийхан цагаан оосороор хөтлүүлсээр явж байж билээ.
Галт тэргэнээс буухдаа би нохойгоо гэнэт санав. Өдийд амьд болов уу, өмнө нь аав8 ээж хоёроос асууж байгаагүйгээ саналаа. Идэр залуу нохой байхдаа сүрэг чонотой уралцаад бөөн цагаан сорви болсон амьтан бий гэж нэг удаа аавын утсаар ярьсныг саналаа. Бугын сүрэг өмгөөлсөн гэж билээ. Нэг хашааны хоёр муу алаг үнээгээ тоохгүй байж бугын төлөө чонотой тулалдсан манай нохой хачин гэж харилцуурын хажуугаар ээжийн хашгирсан санагдана.
Олон жил өнгөрчээ. Хашааны буланд хөгшин нохой цагираглан хэвтэнэ. Би ээжээс “тэр мөн үү?” хэмээн асуулаа. Ээж толгой дохив. Хааалгаар орж ирж буй хүмүүсийг толгойгоо арай ядан өргөж харав. Нүднийх нь хараа их л муудсан бололтой. Яаж ч намайг таних вэ дээ. Гэтэл ханчир болсон бөгсөн биеэ чирээд өөдөөс зүтгэв. Би нүдэндээ ч итгэж чадсангүй. Ширүүн хэлээрээ гарыг минь долооход гал цоггүй болсон нүдэнд нь нулимс цийлэлзэв. Би хий дэмий л урт урт цагаан сорвитой хүзүүг нь баахан илэв. Толгойгоо дэнхэлзүүлэн, сагсгар сүүлээ хөдөлгөх гэж оролдоно. Аав ногооны хашаа давуулж, нэг юм шидчихээд бид хоёрын дэргэд ирж:
-Хүү минь гэртээ ор. Даарчихлаа. Гадаа ч хүйтрэх нь дээ. Хөөрхий минь ирэх өвлийг ч давахгүй дээ. Ямар ээж бид хоёр чинь гэртээ оруулж тойлолтой биш. Хээрийн амьтан хээрдээ л... гэхэд нь надад үнэндээ хэлэх үг олдсонгүй. Нохой хөгшрөхөөрөө үс сахал нь хүртэл бууралтдаг гэж санасангүй. Түүний харц л өөрчлөгдсөнгүй. Намар орой модшиж хатсан дэрсний бие шиг нарийхан хөлөөрөө цээжээ дөнгөж өргөж байлаа.
Би хашааны буланд хэвтэх түүнийг цонхоор удаан ширтэв. Надад тэжээсэн нохой минь гэхээсээ илүү олон хоног бие чилээрхүү хэвтэрт хэвтсэн өвгөн хүнтэй адилхан харагдана. Түлээний мод хураасан хашааны буланд анх би түүнд үүр засаж өгсөнсөн. Ээжийн хуучин зузаан ноосон цамцыг хэвтэр болгож тавьсансан. Өөрийн эрхгүй санаа алдав. Он жилүүд тэртээд хоцоржээ. Араас минь дагаад саасагнаж давхидаг нялх гөлөг, амьтны хорвоог туулаад цагийн өмнө иржээ. Юу бодож хэвтээ бол, юунд санаашран санаа алдаа бол.
-Миний хүү хоолоо халуун дээр нь ид. Хөрчихлөө гэх ээжийн дуунаар би цонхноос харцаа салгав. Багадаа миний хоол иддэг байсан улаан модон тагш хэвээрээ байна. Бөөрөн дээр нь байдаг галт шувууны зураг янзаараа. Ширээний булан дээр зурсан Б үсгийг хараад орой бүхэн аав даалгавар шалгах, би гадаа гарж гүйгээд байшингийн өнцөгт хадаасаар сийлсэн хүн дүрсэндээ залбирдаг байснаа санав. Гэрээс гарч байшингийн буланд очоод харцаараа залбирагч бурхнаа хайлаа. Олдсонгүй. Бодвол аав байшингаа шавардаад шохойдсон хэрэг. Энэ үед тэр миний дэргэд ирээд толгойгоороо өвдгийг минь мөргөлөн байв. Хэрэв ярьдагсан бол сэтгэлийн сайхан үгс түүнээс булгийн ус мэт бургилан гарах байсан биз. Хар цагаан хоёрхон өнгийг ялгагч нүдээрээ намайг ширтээд санаа алдав. Нохойны хэл мэддэгсэн бол гэх бодол зурвас төрөв.
- Эзэн минь ингээд хүрээд ирдэг. Би одоо хүлээх юмгүй болчихлоо. Тэгэхээр л нохойнууд үхдэг юм. Санаа сэтгэл ч шулуудлаа.
-Ингэхэд арай чи яриад байна уу даа? Эсвэл би...
* * *
Цэлмэг хааны тавдугаар онд анх удаа ордны эрх хав хүний хэлээр ярьсан тухай нууцын тэмдэглэл бий. Хүйтэн чулуун шалан дээр удаан суулгалаа хэмээн гомдоллосон юм гэнэлээ. Ямбатай муу амьтан. Хаан тэр ёс бус муу амьтныг голд живүүлсэн гэдэг. Нохой хүний хэлээр ярих сайн бус гэж эртний сударт тэмдэглэсэн байдаг. Харин шувуу тэнгэрийн зараалт тул хүний хэлийг сурч болно хэмээжээ. Тоть мэт хүний хэлээр донгодох нь тийм шалтгаантай гэлээ. Ийм уран цэцэн ярих нохойгоо хараад би хэсэгтээ балмагдав. Өнчин шон дээр шаазгай ирж суугаад хэсэг шагширснаа нисэн одов.
-Энэ шаазгай сая юу гэж хэлэв, эзэн минь
-Мэдэхгүй.
-Голын тохойд эрвээхий нисэн буух цэцэгсийг очиж хараач. Чамайг тэд санасан гэдгээ хэлүүлжээ. Ойн цоорхойд ч ялгаагүй чамайг санасан цэцгүүд байгаа шүү гэж байна.
-Шаазгай сая хэлэв үү? Нохой толгойгоо арай ядан эргүүлээд “тиймээ” гэлээ. Итгэхэд үнэхээр бэрх юм. Би чинь одоо хөгшин нохойтойгоо яриад зогсож байна. Ийм юм байж болох уу? Ээж хувингаа барьсаар үхрийн сарай руу орлоо. Үхэр тугал мөөрөлдөнө.
-Чи яагаад бугын сүргийг чононоос хамгаалсан юм бэ? Ганц нохой хэзээ ч олон чоныг дийлж байгаагүй гэдэг биз дээ. Тэр хариу хэлсэнгүй. Харин хойд уулын зүг хараад улин хуцав. Гөлгөн нохой байхдаа нэгэн шөнө сар хараад улин хуцаж байсныг санав. Ямар их санаатай гөлөг вэ гэж бодоод л өнгөрч билээ.
-Цэлмэг хаан эрх хаваа усанд үйхдээ араас нь хашгирсан юм гэдэг. Нохойнд хүний жаргал зохихгүй гэж. Хэрэв та эндээс яваагүй бол би нохойнд хэзээ ч зохихгүй хүний жаргалыг мөрөөдөж зовох байсан юм. Таныг явахад би ганц л зүйлийг сайн ойлгосон.
-Юуг тэр вэ?
-Төмөр хөшиг байдаг гэдгийг... Ингэж хэлээд хөгшин нохой минь бөгсөө чирсээр хашааны булан руугаа гэлдрэв. Нэгэнт бүрий болжээ. Гэртээ ороход манайхан тойрч суугаад ямар нэгэн зүйлийг хөгжилтэй ярьж байна. Багадаа миний хаврын цасан дээр гарсан мөрөө хараад өдөржин хашаанд зогссон тухай аав их л сүртэй ярина. Ямар нэгэн гүн бясалгагч мэт дүртэй байсан шүү хэмээн ээж хачир нэмнэ. Тэдний ярих зугаатай ч юм шиг санагдавч би ширээ түшээд цонхоор харав. Гадаа нэгэнт харанхуй нөмөрчээ. Нохойны минь цагираглан хэвтээ хашааны буланд цагаан саарал гэрэл сүүмэлзэнэ. Нүдэндээ итгсэнгүй. Ямар нэгэн учир битүүлэг зүйлд автаж өөрийн мэдэлгүй гадаа гүйж гарав. Цагаан саарал гэрэл сүүмэлзсээр харанхуйд уусан шингэв. Хөгшин нохой минь амьсгал хураажээ. Нүд нь хараатай байв. Олон жилийн өмнөх сэгсгэр гөлөг байх үеийнх шигээ гэнэн харц үлдээжээ. Гараараа нүдийн хаав. Гэтэл сүүлээ шарвалзуулан хөдөлгөв. Айсандаа би огло харайн босов.
-Та төмөр хөшиг харав уу?
-Үгүй.
- Харин би харж байна. Нүдний өмнүүр төмөр хөшиг татав. Нохой минь эцсийн амьсгалаа хураав.
Төмөр хөшиг | ||
Үзсэн: 2131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.