Шууд Chart

Ээждээ бичих захидал №28

2014-03-03 15:00:00

Сайн байна уу? ээжээ,

Тандаа ил захидал очих өдрийн мэндийг  хүргэе.

Энэ хорвоод таныхаа гурав дахь охин болон мэндэлсэндээ хязгааргүй баярлаж явдаг.  “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ”.

Гучин есөн нас хүртлээ “Ээжээ охин нь тандаа хайртай шүү” гэж хэлж үнсэж байгаагүй  тэнэг охиноо уучлаарай.  “УУЧЛААРАЙ ЭЭЖ МИНЬ”

Бага насандаа ханиад хүрэн  дэмийртлээ халууран  хэвтэж байхад  та минь  ажлаасаа орж ирэн халуун гараараа дух, хацрыг минь илбэхэд хичнээн сайхан байдаг байж билээ.  Эх  хүний хайр, халуун дулаан гар хичнээн сайхныг тэр л үед мэдэрсэн сэн. Тэр л мэдрэмж одоо болтол санаанаас минь гардаггүй болохоор хоёр охиныхоо  хацрыг илбэж эх хүний хайрыг мэдрүүлэхийг хүсэж явдаг шүү, охин чинь.

Анхныхаа хүүхдийг төрүүлэх  тэр мөчид   таныхаа хэлсэн “Төрнө гэдэг хэцүү. Миний охин  энэнээс ч  илүү өвдөнө гэж бодоод байгаарай” гэж хэлсэн  тэр л  үгийг тань төрөх бүртээ бодсоор  гурван хүүхдийн ээж болжээ.

Ээж, та санаж байна уу,  хүүхэд насны минь нэгэн дурсамжийг? Би спортоор хичээллэх дуртай  ч миний намхан төрсөн бие маань үргэлж саад болдог байсан. Гүйхэд газар хороохгүй, сагс тоглоход дандаа рамдуулна. Энэ байдалдаа нэг өдөр гутраад манай гэрийнхэн бүгд өндөр байхад би яагаад ийм  намхан төрдөг байна аа гэж бодоод таниас “Намайг яагаад ийм намхан төрүүлсэн юм бэ? гэж асуутал та надад  “Охин минь   маажиг хөлтэй,  ногоон нүдтэй төрсөн бол ээждээ  илүү их гомдох байж дээ. Энэ хорвоод төрсөн биеэ голж болдоггүй юм” гэж хэлсэн тэр цагаас хойш  эцэг эхээс заяасан биеэ хүн голох учиргүйг ухаарсан сан.  Хүн өөрөө л зөв,  бие намхан ч сэтгэл  нь өндөр    явах учиртай юм байна гэж бодох болсон.  Амьхандаа тандаа эрхэлж, тунирхаж байж дээ.    
Ээжээ,  та үргэлж миний багш минь байдаг. Зааж, зөвлөх, уурлаж, загнах бүрт тань үл тоосон зан гаргаж байсан охин нь түмэнтээ уучлал эрье.  УУЧЛААРАЙ ЭЭЖЭЭ.
Ажлаа амжуулах  гэж гүйж яваа таныгаа хараад  “Ээж минь  бүдрээд уначих вий дээ” гэж сэтгэл минь сэмэрдэг шүү. Хамгийн сайхан нь би аав ээж   хоёртойгоо хамт байна.  Сэтгэл хангалуун, мөр бүтэн, баян байна.
Бурхан шиг аавыг минь асарч халамжилж байгаа ээж тандаа хязгааргүй хайртай.

Ээжээ би тандаа хайртай. Хайртай, Хайртай, Хайртай.

Тандаа  “ХАЙРТАЙ” гэдэг  үгийг хэдэн мянга  дахин хэлж  энэхүү захидлаар дамжуулан хүргэж байна.  Та  минь  урт наслаж бид бүхэндээ ач буянаа хайрлаж яваарай.


ЭЭЖ ТАНЫГАА ХҮНДЭТГЭСЭН БАГА ОХИН Г.БАЙГАЛЬ

2014.02.19
 


Ээждээ бичих захидал №28  
Үзсэн: 8593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй