Шууд Chart

Угаартсан хүний бодол

2014-03-25 15:34:54

 

            Өвөлжин утаатай өнждөг манай хотод улсын маань бүх хүн амын тэн хагас   нь сууна. Хүйтэн хоносон шөнө арай ядан шувтрахад өглөөний нар хар утааны цаанаас арай ядан бээвийж цонхийсон юм үзэгдэнэ. Золбин ноход утаанд бараг ханиалган гүйлдэж эхлэхэд хотынхон ажил суруульдаа гарцгаадаг. Нээрэн нохой ханиалгаж байсан шүү. Энэ бол гашуун хар утаанд дасч ядан байгаа хэр нь гомдол хэлж мэдэхгүй хөөрхий амьтны зовлон. Хүмүүст харин дандаа сайн сайхныг хүсч сүүлээ годгонуулдаг хогийн бункер шиншлэн гэмгүй шогшдог юм. Хүмүүн та бидний сүнс гэж бодохоор өрөвдмөөр. За энийг орхьё. Хотынхон зун болоход зуслан гардаг. Амралтаа ч авна. Айраг цагаа найр наадам гээд хар утаатай өвлийг таг мартан нутаг нутагийн зүг арилж өгнө. Голын эрэг дээр мах шарж, хорхог эргүүлэн хүйтэн айраг шимэхдээ хоороороо хоолой мэдэн дуулж зуны хөх тэнгэрийн дор хамгийн аз жаргалтай хүмүүн болно. Утаатай өвлийг ёстой занасан юм шиг таг мартдаг. Улсын маань дарга нарын зарим харин хуралдаад үлдэх. Зарим нь ч тойрог энэ тэр гээд бараа сураггүй талийж өгнө. Хотод халуун шатмагц зуныхаа юм ярьдаг. Гэтэл цас ороход газар ухаж дулааны шугам татуулж эхэлнэ.
 
Сүүлийн нэг жил энийгээ болих гэж байх шиг билээ. Овоо шүү. Хотынхон өвөл болж утаанд хахаж цацахаараа уурлаж төр засгаа уудаг иддэгээр нь цоллон элдэв долоогоор муулна. Телевизийн хэдэн сувгийг халтал нь шаттал нь ярина. Айхтар мэдэж ярина. Угаас хагас сая хүн багтаана гэж аль өнгөрсөн зууны жараад оноос жанжин төлөвлөгөөтэй барьчихсаныг одоо тэнэг юм гээд л харааж зүхэх нь энүүхэнд. Таксинд суувал аманцар жолооч асуугаагүй байхад галлаж эхэлдэг. Гүзээ шиг цүндийж байгаа хотод уур уцааргүй амьтан алга. Нийгмийн толгойны өвчин энэ.
 
Хот язрах нь ойлгомжтой, харин хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй. Одоо хот юм юмандаа жижигдэж гудамж талбай нь машиндаа бөглөрөн жолоо мушгиж яваа бүхэн ам амандаа хараал бувтнахаас өөр аргагүй болсон. Боловсолтой боловсролгүйн ялаа үүнд огт падгүй. Хүн л юм чинь бухимдана. Улаанбаатар хотод маш их хүн байдаг ч цөөхөн хүн ажил хийхэд үнэндээ бусад нь тэжээвэр харагддаг. Яралзсан цагаан шүдтэй, гялалзтал тосолж өрвийлгөсөн хар шар халимагтай залуус нь бүгд оюутан. Мал өсч малчид юмтай болох хэрээр хотын залуус улам нэмэгдэнэ. Хүү охин сургууь төгсмөгц хот бараадуулах нь эцэг эхийнх гол гавьяа.Тэднийхээ байрны төлбөр, хувцас хунар, идэж уух бүх юмы зардлыг нь даана. Мал өссөн болохоор тэр зэрэг юу ч биш. Хонь малын бэлчээрт хацар нүүрийг нь сайрттал мал дагуулах тийм дүүрсэн эцэг эх одоо хаа байх билээ. Монголын оюутнууд ээж аавыгаа хүлхэж амьдарна. Дээр нь цалинтай болсон. Ирээдүйд эх орноо босгоно гээд юм сурч байгаа ч тал нь хичээлээ тасалж ном бараг уншихгүй. Залуус юм юманд сэтгээтэй. Үглээ дуу сонсох дуртай. Уг нь настай хүн өтлөхөөрөө үглэдэг бол одоо залуучууд сэтгэлд нийцээгүй бүхнээ үглэж илэрхийлнэ. Дууг нь олон сонсвол чихэнд чийртэй. Хотын залуус нийгмийн баялаг бүтээхээсээ илүү наргиж цэнгэх сонирхолтой. Тэрнийгээ шоудах гэж хэлдэг.
 
Британий Лондон юм уу, Францын Сен жермэнд тавдахь өдөр үг цайтал шоуддаг бол одоо яая гэхэв. Тэнд хөдөлмөрийнхөө үр шимээр нийгмийн баялаг хангалттай хуримтлуулсан. Манайд бол баялаг хуримтлагдах яагаа ч үгүй байна. Үгүй дээ л хүн амын далан хувь нь худагаас ус зөөж хол цайгаа хийдэг. Боловсон жорлон гэвэл дахиад лав зуун жил бий дэг. Улс оронд боловсролтой хүн хэрэгтэй ч бүгд дээд сургуулийн диплом өвөртөх нийгмийн шаардлага алга. Гэтэл жижиг том дээд сургууль төгссөх гэж бүх залуус хошуурна. Ажил хийвэл сайхан амьдрах боломж бий гэж мянгантаа яриад ч нэмэргүй. Аргаа барсан монгол заирал урьдаас хятад хүмүүсийг вагон вагоор авч ирж байшин барилгаа бариулдаг. Эрт урьдад хятад хүн монгол хүний түлээг нь хөрөөдөж жорлонг нь ухдаг байлаа. Хар бор ажилд нуруу бөхийлгөх тэнгэрийн заяа монгол хүнд байхгүй гэж омгорхсоор олон жил пээдийхдээ харин хамаг баялгаа харь луу алддаг.
 
Ээж аавынхаа олсон хэдээр сургууль номтой болж диплом өвөртөх ч төгсөөд ажил олддоггүй болохоор залуус дэлгүүр мухлагийн лангууны ар сахих, эсвэл амеркийн виз хөөцөлдөөд арилж өгнө. Хүүхэд гаргаагүй охид нь ар гэр ээж аавдаа туслана гээд өглөө гараад л үүр шөнөөр орж ирнэ. Хаагуур юу хийж явдагийг ёстой “чёрт знает”. Саяхан нэг эх охиноо эрээд унаа хөлсөлж хотын бараг бүх баараар шөнөжин хэсч Сансарын тунээлийн баарнаас олохдоо наян мянгаар таксидлаа гэж байна лээ. Бас л овоо мөнгө шүү. Хөдөөнөөс амьдрал хөөж олон зуун мянган хүн нутаг орноо хаяж ирсэн. Тэгээд энэ хот хүнээ багтааж чадахаа больсон. Хот маань хог утаа хоёртоо дийлдэж хаяа тэлсээр зуун жилийн өмнөх Хүрээ гэдэг бохир хот руугаа ойртжээ. Бүнкэр шиншилсэн нохой, хог түүсэн гуйлгачин, газар хөлбөрсөн согтуу хаа л бол хаа. Хот маань одоо чимээгүй хоттойгоо дэр нийлээд сэжиг сүжигээ алдсан. Амьд амьтас, үхсэн хүний сүнс хоёр нь нийлээд бүүр багширч дууслаа. Миний яриа утаанаас эхэлсэн.ч түүнд буруутныг нэрлээд тэр гэхэд маш хэцүү. Утааны хувьд нүдэнд харагдаж байгаагаар нь гэр хорооллыг буруутай хэмээн заах биз. Уг нь утаагүй болтол нь ажил хийгээрэй гэж нэг сайн эрд тэрбумаар нь мөнгө атгуулан чинь бүгдийг нь хувьдаа цохиод шоронд явжээ. Хэдэн жил суун гарч ирээд тэр лав насаараа барж идэхгүй хөрөнгөтэй хэвээр жаргана даа. Хотын хүн өдөр ирэх тусам нэмэгдээд барагдахгүй нь ээ. Хоноц хоноцдоо дургүй гэдэг. Хотынхон хөдөөнийхнийгөө зэрлэг бүдүүлгээр нь дуудаад бухимдана.
 
Хөдөөнийхөн нь айхтар юм болохоор өдөр шөнөгүй чармайж зүтгэсээр дарга даамал болно. Тэгээд хотын унаган “товаришуудыг” занаж гудажинд хөөн гаргадаг аа. Ийм явдал түгээмэл биш ч зөндөө бий. Одоо гайтай хар утааг орхиж өөр юм ярья. Яг өнөөдөр амьдрал үнэхээр хүндэрч ядуус олширсноор монгол орон минь туйлдаа хүрч гэж ярих улс төрийн нам хүчнүүд маш олон болжээ. Тэгэж л ярихгүй бол олны дэмжлэг авахгүй. Сонгуульд ч ялахгүй. Улс төрийн нам бол хуйвалдаж үгсэх сайхан боломж гэж олон хүн ойлгодог болжээ. Гэвч хүрээд ирдэг сонгуульдаа хүссэн хүсээгүй сонгосоор олон жил үджээ.Тэгээд улс дотор намаараа хуваагдана.Цаашилбал аймаг сумаараа дов жалгаараа, ах дүү амраг саднаараа талцан хуваагддаг. Улс хэврэг болохын үндсэн шалтгаан нь энэ. Өвчин эмгэг газар авч мал хөс олноор хоргдоход олон улсын байгууллагууд наашаа харж худлаа инээгээд цаашаа харан жив жув хийж хэрэгт хэрэггүй элдвийн юм санал болгох нь арга ядарсан үед тустай. Үнэндээ хүн амын дийлэнх аль хэдийн ядуу амьдарч байгаа нь тодорхой. Илбэтэй юм шиг гэнэт баяжсан эсвэл олонд нүүр танигдмагц популизмдаж нэг их баян тарган амьдралд умбан тансаглагчид нэлээд болмогц улс төр ярьж нэг л мэдэхэд төрийн сэнтийд залран тангараг өргөж харагддаг. Ард олон дахид дөрвөн жил молигдуулах хүнээ зурагтаар харан баясна. Манай нутгийн хүү шүү энэ л юм хийнэ гэж баярладаг. Ядуурал овжин зарим хүний амь амьжиргааны арга мэх болжээ. Молигдуулсан ядуу ардууд сонгосон төрийн түшээддээ аль хэдийн гомдож гутарсан амьдралдаа гунин гашуун архиар цэнгэж нэг өдрийн зовлонгоо мартахад нохойноос дор амьдрах шиг санагддаг. Шөнөжин архидсан монгол хар нүдээ хагалсаар босоход өглөө бүр өнөөх амьдрал нь бахь байдгаараа нүдэнд тодордог. Монгол орон хулгайчаар дүүрчээ. Ядуу хүмүүс ч хулгайлна баян хүмүүс нь ч хулгайлна. Хуулийг эрх мэдэлтнүүд нь элэглэж бараг уландаа гишгэн дээр нь вальс хатирна..Ерээд оны эхээр айл бүхэнд очсон их бага хувьчлалын цэнхэр ягаан тасалбар ор сураггүй болсон. Ов заль мэхний үүсгүүр нь тэр байсныг хүмүүс мартжээ. Өмч хувьчлал уг нь хүн төрөлхтөний бодож олсон эдийн засрийн хөгжлийн чухал түлхүүр байтал монголын хөрсөнд тэгэж балиартаж буусан нь хожим ийм тэгш бус нийгэм цогцлоход хүргэсэн гэлтэй. Солонго татуулаад л замхарсан. Үнэндээ шинэ нийгэм, зах зээлийн харилцааг үлгэрт гардаг гандирсын хот шиг хөөрцөглөн бодсон нь мэдээлэлгүй ард олонд оамаараа шороо үнхэх эхлэл байжээ.
 
Ард олныг юугаа ч ойлгоогүй мунгинаж байхад хэдхэн зальтнууд молиго үмхүүлэн хамаг юмыг нь хурааж авсан даа. Олон жилийн урхаг ядуурал эхлэхийн нэг шалтгаан нь лав энэ. Одоо мартагджээ. Эдийн засгийн ямар ч боловсролгүй мэдээлэлгүй зах зээлд орсоны хар гай. Шинэ мянганы эхээр энэ хотод шил толь шиг орд харш багтаж ядан чихэлдэх болсон нь байшин барихаас өөр бизнесс байхгүй болсон шиг харагдуулдаг. Хотод сөөм газар ч олдохоо больсон. Жирийн иргэн амбаар босгоё гээд ч газар олдохгүй. Энэ бол далдуур маш сэжигтэй айхтар хар муу юм хэлбэржин хэсэг бусаг улс дэлхий даахгүй болтол баяжихын байлаа. Газрыг үнэтэй болгосон нь зөв ч дахиад л арга зальтай хүмүүс хагартлаа баяжих сайхан боломж болсон юм. Чин шударгаар ажиллахдаа ууц нуруугаа бөхийтөл, гар хуруугаа моонойтол хөдөлмөрлөж юм юмтай болж байгаа хүн олон ч нийт олондоо харьцуулахад өчүүхэн хувь. Ийм өргөн уудам нутагт арвин их баялагтай улс яагаад утаанд хахаж цацан өвчин эмгэгт шаналж шударга бус явдалд хэлмэгдэн уур уцаар бухимдал хараал үхэл дүүрэн явна вэ. Жирийн олон түмний буруу бий юу... Атар баян нутгийн минь өгөөжтэй бүхэн харийн хүний халаасанд орж гишгэх газаргүй боллоо. Өсч өндийсөн нутгийнхаа газар шороонд сэтгэл зовсон цоглог найрагчид шүлгээрээ бухимдахыг та бид зурагтын дэлгэцнээс бишгүй дээ л сонсож байна. Тэгтэл эцэстээ эх орны тухай   хэдэн шүлгэтэй л үлдэх нь. 
 
Монгол улс гучин жилийн өмнөхтэй харьцуулбал өдөр шөнө шиг өөрчлөгдсөн юм. Хот хүрээ нь дээд зэргийн тасаглалтай орд харштай байшин барилгатай бүтээл туурвилтай ч шуудай үүрсэн тэнэмэл гуйлгачин,орон гэрээсаэ зугатсан нусгай жаалуудаар дүүрч хагартлаа баяжсан дээдсүүд язартлаа таргалсан дарга нар уралдаант сонгууль зүүдлэн монголоор нэг үлгэр зохион завгүй давхижээ. Хурдан морь уяж үнэтэй машин хөлөглөж сайн хөөрөг барьсан хүнийг өнөөгийн монголд элит гэж цоллох явдал газар авна.Тэгээд суудаг байшин, өмсдөг дээл, эдэлдэг машин, эхнэр хүүхэд бүр цаашлаад янаг амрагтай нь хамт сонины гэгээн баатар болгож хар шар сонинууд нүүр дүүрэн нийтэлдэг. Шинэ цагийн мораль ёс зүйн хэм хэмжээний баримжаа энэ болно. Зурагтаар жилийн турш төрийн түшээ, баахан дуучид, бөхчүүд ,хошин шог жүжигчид хувцасны загвар өмсөгч, хэдэн луйварчин гээд тавин жаран хүний дотор эргэлдсэн нэвтрүүлэг үзүүлнэ. Эрдэмтэй бол баян гэсэн эцэг өвгөдийн сургаал өнөөдөр хэрэггүй. Одоо тэгэж ярьсан шалдан залууг дэлгүүр хэссэн дэгжин охид нь ёо ёотой л гэнэ. Хэн нэг нь нийгмийн болох болохгүйг ихээхэн шударга загнаад хэлэх, гудамжинд гараад хашгирвал барьж аваал шоронд хийчихнэ. Бүр болж өгөхгүй бол танихгүй хүн үзүүртэй төмрөөр хатгаад дуугай болгочихдог Зориг тэгэж үхсэн, Бадраа гэдэг жаахан залуу бас л тэгэж амь хохирсон. Боловсрол. Тоглоомын талбар болж дууссаагүй арвин талбар. Монгол залуус боловсрохоор гадаадад их явжээ. Америк Герман зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад гол төлөв баян чинээлэг айлын үр хүүхэд суралцана. Төрийн сангаас зээл авч одсон залуусын олонхи нь эргэж ирэх нь бүү хэл усанд хаясан чулуу шиг алга болсон. Эргэж ирээгүй тэдний төлбөрийг нийлүүлбэл Малайзын хоёр өндөрөөс хавьлүй илүү байшин барих байжээ. Тэгэж бодогддог. Гадаадад залуу насаа өнгөрүүлсэн баатрууд олон бий. Тэд амьдрал хайж явсан. Ар гэрээ тэжээхээр явсан Харьд илжиг шиг зүтгэн хамаг хөлсөө цувуулах тэдний буянаар ээж аав эмээ өвөө нь цагаан сараар нүүр улайхгүй хүнд өгөх оймстой айл хэсэхэд хөл дүүжлэхунаатай сууцтай болжээ байга. Айл өрхийн үндсэн капитал иймэрхүү хуримтлагдаж байна. Олон жаахан хүүхдүүд хоёр талд амьдрах эцэг эхийн дунд хагас өнчирч зарим нь төрсөн ээж ааваа мартжээ. Эхэд нь туслах танихгүй ахыг ааваа гэж бодож өссөн. Нөхрөө орхиж удахгүй ирнэ гээд нулимстай явсан бүсгүйчүүл нутаг нэгт залууг хань татаж дассаар өвөр хувааж, дэр нийлүүлж амьдарч явна.
 
Гэр бүлүүд тус тусдаа амьдрах болсон монгол залуусын амьдралд хэн буруутай вэ гэхэд зах зээл үү засаг төр үү.гэхэд эзэн олдогүй талдаа. Ядуурал нүүрлэж гуйлгачин олширч хулгайч луйварчнаар дүүрсэн энэ монголын төлөө хэний зүрх цохилж хэний сэтгэл эмтэрнэ гэвэл бид бүгдээрээ ч хий хоосон халаглаж юу ч чадахгүй дэмий сууцгаан утаандаа хахаж цацсаар нэгэн өвлөөс нөгөө өвөл рүү нүүцгээнэ. Төрийн түшээд нь хэрэлдэж гэдсэндээ хөлөө жийлцэн хөх тэнгэрийн дор монголын далбаа гунигтай гудайсаар нэг өдөр өнгөрч нөгөө өдөр эхэлнэ. Түрүүн хэлсэн хулгайг дахин хэлье Хулгай хар мөртэй гэдэг. Нийгмийг бохирдуулж улсыг уруудуулсаар хулгай монголын нийгэмд бактери вирус шиг үржжээ. Буянт мал сүрэг рүү бузар гар дүрсэн хар хулгай монголын хөдөөгийн ажилгүйчүүдийн нэг үндсэн амь зуулга. Хорин нэгэн оны гамин барон шиг л айл хунарын хоттой мал руу нь шууд дайрна. Урьд цагийн хулгайч баян айлын ганц нэг хонь ямаа суйлж үнээ тугалхан туугаад явчдаг байсан бол одоо цагийнх нь адууг азаргаар нь хонийг сууриар нь хамдаг болжээ. Тэгээд талыг там болтол хулгайн малаа нядалж улай үзсэн хэрээ чоно шиг авирлан монгол хүнд урьд хожид дуулдаагүй нүгэл үйлдэж байна.. Хулгайчдын нядалгсан мах хүнсэнд нийлж монголыг хоногийн хоолтой залгуулдаг нь хүнсний зах зээлийн нэг менежмент. Хулгайч бас гэр орон эхнэр хүүхдээ тэжээнэ. Хятад улсын эртний хууль цааз шиг хулгай хийсэн бүхний долоовор хурууг огтловол монголчуудын тал нь мухар хуруулна. Малын хулгайчдын толгой дээр орон байр гэр барааны хулгайчдын бүхэл бүтэн арми бий. Идэх хоолгүй ажилгүйдлээс олон хүн шууд гудамжинд зогсож алга тосохоос ичсэн үү хулгай хийх нь амархан ажил гээд ханцуй шамлан оржээ. Ядуу амьдрал хүнийг гэмт ертөнц рүү түлхдэг гэсэн нь үнэн юмаа.. Гэтэл бас болоогүй ээ. Ажилтай.албатай нь ч хулгай хийнэ.. Оюуны өмчийн, орон байрны, хувьчлалын ,зээл тусламжмйн,гээд цаасан дээрээс сорж иддэг элдэв аргад мэргэшсэн луйварчдаар нийгэм өвчилж хавдрын хэмжээнд хүрсэн дээ.. Одоо цагаандаа гарсан луйварчид хүн мэхэлчихээд арьсыг минь хуулж авдаггүй юм бол юугаа өгдөг юм гээд хууль шүүхийн өмнө биднийгээ даапаалж сууна. Зовж олсон мөнгөө шороо үнхтэл молигдуулж алдсан нь амиа егүүтгэхээс наагуур бухимдаж бараг дээс шидэмсний эрэлд гардаг Харин..овсгоотой нь аль хэдийн хилийн дээс давж ор мөргүй талийсан гэж байгаа. Хулгайч хүнд юмаа алдаж луйварчдад мэхлүүлдэг нь та бидний гэнэн цагаан сэтгэл ч юм бүгдийг хүч хөдөлмөр зарцуулалгүй үлгэрт гардаг шиг бэлэн зэлэн гэнэт олж авах гэсэн бидний залхуу ховдог сэтгэлийн буруу бий.. Энэ бүгдийн тухай эмгэнэн бодоход солиотой хүний жүжиг шиг санагдана. Эмгэнэлтэй бөгөөд инээдэмтэй жүжиг Энэ жүжгийг бид өөрсдөө бичиж найруулж өөрсдөө тоглож байгаа. Одоо хэнээрхлийн тухай хэдэн үг хэлье Үнэтэй бүхнээр уралдаж үрэлгэн баярхуу загнадаг нь энэ цагийн монгол зан болов. Галууг дуурайсан хэрээ хөлөө хөлдөөв гэдэг ч бие биенээ дууриасан монголчууд бидний хөглөх мунгинах үнэхээр инээдтэй.
 
- Өнөөдөр чи дийлсэн бол маргааш би дийлнэ гэж уралдаж уралцаж хайран хөрөнгө мөнгийг ус цас шиг үрнэ.. Машинаар, байшингаар ,эдпэн газар, эд хөрөнгөөр, хүүхнүүд охид юугаараач уралдаж мэднэ. Хэнээрхэл гэдэг нь бэлтэй нь хөөргөө гайхуулахад бэлгүй нь хоосноо гайхуулна.Тэгтэл идэш уушаа ихдүүлсэн мариатай хүүхнүүдээр бизнесс хийдэг тураалгын компани ч уралдаж эхэлсэн. Өнгөрсөн нийгмийн социалист уралдаан өнөөдөр өмч хөрөнгийн уралдаан болж зарим нь хөлд нь чирэгдэн хөгөө чирнэ. Мунхаг шуналд хөтлөгдсөн бэртэгчдээс болж өвгөд хөгшид үр хүүхэд хүртэл нийгмийн баялаг хүртэж чадахгүй хохирч хөсөр унасныг нүдтэй бүхэн харж байгаа ч шал дэмий халаглана. Элдэв чалчигсдаас   улсын төсөв улайж хөрөнгө мөнгөөр нь гараа угааж угааж бултсаар байхад шударга ажиллагсдын татварвараас бүрдсэн улсын сан хайран яйран үрэгдэнэ.. Хавар намар.хувьсгалын идэвхитэнүүд уралдан хаа сайгүй шоудахад ард олон дэмий л уухайлан дагаж баахан орилолдсоноо үдээс хойш ар арынхаа ажлаа хөөж чимээгүй харицгаана. Харамсалтай.
 
Манай Монгол олон намтай болж уралдсан. Тэд эвлэлдэн нэгдэе гэж уралдсан Удалгүй бүгд тангараг тасарцгааж уралцсан. Энэ бүгд галзуу солиотой уралддаг хэнээрхэлийнх. Одоо шударга үнэний төлөө олныг уриалагч жинхэнэ салхич шувууд ус агаар шиг хэрэгтэй ч тэгэж дуугарах хүн гэгээн өдөр гэрэл гаргаад ч олдохоо болилоо...Хүмүүний биеийг олж төрөөд гүйцэт наслах нь хавьгүй дээрдээ гэж бодох болжээ. Бид залхуу идэвхигүй болж олсон жаахан юмандаа сэтгэл ханаж юунд ч итгэхгүй оцон шувуу шиг сууцгаана. Тэгээд өчүүхэн хувиа хичээгсэд болсон учир гудамжинд тэтгэврийн эмээ өвөө жагсахад зурагтаар харж удалгүй солонгос киноны суваг руу кноп дардаг болжээ.
 
Мянганы зам зөв өө гэж их ажил өрнүүлэхэд нөгөө нь мянгуужингийн зам аа гэж доромжилсон. Өр ширгүй боллоо шүү гэж хэлэхэд өрөнд унагалаа гэж нөгөөх нь хорссон. Их багагүй мэдэмхийрэгсэд монголын төрөөр тоглож ёс суртахуунгүй авирлахад уулын мухарт суугаа өвгөн эмгэн хоёр юуг ч эс ойлгон хойд хайрхандаа залбиран ам амандаа бувтнажээ. Хуурамч дүр эсгэсэн улс төрчид монголын төрөөр цадиггүй тоглож ард түмнээ басамжилсаар нэлээд хэдэн жил боллоо. Хэлд орсон нялх балчраас хөл хазгар чавганц хүртэл улс төр ярин, нэг л мэдэхэд . утаат өвөл халаагаа өгч, улаан шороотой хавар болжээ. Монгол түмэн үнэнд шүтсээр ирсэн тул маргаашийн сайханд итгэж өнөөдрийг эрүүл үдэх хэрэгтэй. Харин элдэв хэнээрхлээл холхон явбал өлзийтэй. Ардчилал энэ мөн үү гэж танд асуумаар санагддаг уу.
 
Социализм ихийг бүтээж бидэнд юм юм үлдээсэн ч хүмүүсийн үзэл бодлыг таг хүлж, хамгийн арчаагүй аялдан дагагч хулчгар болгожээ. Жинхэнэ эрүүл саруул ардчилал л энэ нийгмийг эмчлэнэ. Хаа сайгүй бий болсон хүнд суртал авилга манай нийгмийг хордуулж ардчиллыг бохирдуулсаар хэвтэрт оруулжээ. Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэмд улс төрийн намуудын жинхэнэ утга чанарыг хайгаад хаанаас олох вэ гэхэд хариулт бүрхэг.
 
Сахилга хариуцлагагүй гишүүдээр дүүрсэн нэр төртэй намууд увайгүй ухамсаргүй зарим нэгнээсээ болж ичэж үхмээр явна . Ах нам эрх мэдлээр бялуурч ардчилсан нам өшөө хорслоор өвдсөн хорь гаруй жил ард үлдсэн биш үү. Ардчилсан нийгмийг төгөлдөр байгуулна гэж манийгаа малгайлах намуудад хуарангийн социализмын диктатурын сахилга бат тохирохгүй ч улс төрийн зүтгэлтнүүдийнх нь эх орноо гэсэн чин сахилгатай эрүүл сахилга журам байхгүй бол нам ч байгаад яалаа улс төр ч байгаад яалаа гэсэн бодол гашуун утаанд төрсөн.
 
Тэгсэнд орвол учир мэдэх хэдэн сайхан уужуу ухаантай хөх өвгөд тавьбал хавьгүй дээр гэж бодогдох. Төр болоод засаглалын урт удаан хугацааны тогтворгүй байдал монголыг доройтуулах тусам цөхөрч туйлдсан иргэд бухимдаж тэвчиж ядахдаа эрчүүл нь гутарсан сэтгэлдээ архи уухаас өөр ямар бодолтой явах билээ. Өнөөдөр бид ардчилалсан нийгэм чөлөөт зах зээлд шилжэж сайхан зүйл ихийг бүтээсэн ч маргаашийн тухай бодол утаа шиг гашуун байна. Нэг нь овоо юм хийх нь үү гэтэл цай буцлах хоронд хусаад хаячихна. Гажуудсан ардчилал анархизмд хувирч төрийн үйлс намын хуйвалдааны үзүүрт бузартахад ард олон бид гайхшираа баран гасаллаа. Уг нь цалин хөлс тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн юмсан. Мал сүрэг өсч байгаль хангай маань нөгөөж баялагаа улам дэлгэрсэн юмсан.
Буруу тэшсэн гай энэ юм биз. Ард олонд. арга зальтан, худалч хуурмагтан, улс төрч хэнээтэн, увайгүй аялдан дагагч атгаг өшөөтөн, сувьдаг шуналтан арчаагүй залхуутан эд бүгд байхгүй болбол дэгжиж дэвшихийн цэвэр агаараар дүүрэн амьсгалах л байх. Утааны бохир, улс төрийн бохир хоёроос хурдхан салахсан.
           
Нийтэлсэн: Г.Золжаргал

Угаартсан хүний бодол  
Үзсэн: 3518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2014-03-28 11:01
Чин зоригтон?
124.158.88.xxx [124.158.88.xxx] 2014-03-27 12:50
Цаанаа л нэг гоё. Манай багш. өөртэйгөө ярьж байгаа юм шиг л
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-03-26 16:18
ухаалаг, сэхээтэн толгойдоо юмтай хүмүүсээ сонгохгүй усан толгойтой өөхөн гүзээтэй, 5 цаас эргүүлж явснаас номын хуудас эргүүлж үзээгүй, мөнгө олсныгоо гавьяа гээд бодчихсон нөхдүүдийг төрд битгий гаргалдаа, ядаж л золжаргал ах шиг хүмүүс монголд байгаа ш дээ, ийм хүмүүс гараад юм хийнэ, сонгуулийн хуулинд мөнгө хөрөнгө ихтэй хүнийг нэр дэвшүүлэхгүй, хэрвээ дэвшихээр бол хөрөнгөнийхөө хэмжээнээс шалтгаалаад улсад тушаадаг байх хэрэгтэй ш дээ, тэгээд гишүүн болохын өмнө байсан хөрөнгө нь гишүүнээс буусных нь дараа дорж хаяж 2 жилийн дотор нэмэгдээгүй байх хуулийг гаргуул таарна
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-03-26 16:12
тийм нэг хөрөнгө мөнгөөр хөөцөлдөггүй, хийж бүтээхээр хөөцөлддөг худалч хулчгар бялдууч биш, зүгээр л хөдөлмөрч шударга хүмүүс төрийн удирдлагад гаргах хэрэгтэй байна, гадаад дотоод хэлтэй л гэнэ, газар орноор явсан л гэнэ, баян цатгалан л гэнэ, үйлдвэр компанитай л гэнэ ийм л хүмүүсийг ээлж дарааллуулан сонгосоор ирлээ, эцэстээ сонгуулах биш нөхдүүд хүчээр өөрсдийгөө сонгуулдаг боллоо, ийм хүмүүсийг төрд гаргаад ямарч үр дүнгүй гэдгийг монголчууд минь ойлгоосой, жишээ золжаргал ахыг их хуралд нэр дэвшүүл эргүү шаарнууд дагвадорж юмуу сумо батбаярыг сонгочихож мэднэ шүү, монголын сонгогчид ийм л тэнэг байна шүү дээ
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2014-03-26 12:51
Ah ch nileen buhimdaj dee.

Бидэнтэй нэгдээрэй