Шууд Chart

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалантай уулзалт хийв

2021-10-26 16:56:55

МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өнөөдөр БШУЯ-нд зочилж, сайд Л.Энх-Амгалантай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллах талаар санал солилцов.

МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар уулзалтын эхэнд “Юуны өмнө биднийг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлье. МҮОХ-ны хувьд аймаг, дүүрэг бүрт Олимпын зөвлөлтэй болсон. Үүгээрээ дамжуулан ерөнхий боловсролын сургууль бүрт олимпын танхим байгуулаад байна.

Бидний зүгээс Ерөнхий сайдын ахалж буй Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороотой нягт хамтран ажиллах зорилготой байна. Үүний хүрээнд сургуулиудын олимпын танхимыг шинэчлэн сайжруулах тал дээр яамны зүгээс бодлогоор дэмжиж ажиллахыг хүсэж байна. Энэ бол хүүхэд залууст спорт, олимпизмыг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой.

Бид олимпын боловсролд зориулсан ном, гарын авлага хэвлүүлэхээр бэлтгэж байгаа. Цаашид хоёр байгууллага үйл ажиллагаагаа нэгтгэж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцах гэсэн юм” гэлээ.

Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Таны хэлсэнчлэн олимпизмыг сурталчлах, үүгээр дамжуулан хүүхдийн бие бялдрын боловсролыг шинэ шатанд гаргах шаардлага байна. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн хамгийн гол хэсэг нь урлаг, спорт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. XXI зууны боловсрол зөвхөн мэдлэгээс гадна чадвар, төлөвшил дээр суурилсан цогц чанаруудыг бий болгоход анхаарах болсон. Тиймээс дэлхийн бусад орнууд урлаг, биеийн тамирын чиглэлийн хөтөлбөрүүдэд бодлогын шинэчлэл хийж байгаа. Энэ асуудалд МҮОХ-той хамтарч, хөтөлбөрийн шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байна” гэв.

Уулзалтуудын үр дүнд биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, дунд сургуулиудын олимпын танхимыг сайжруулах, биеийн тамирын багш бэлдэж буй тогтолцоог өөрчлөн шинэчлэх тал дээр БШУЯ, МҮОХ хамтран ажиллахаар боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалантай уулзалт хийв  
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй