Шууд Chart

Өнөөдөр "Монгол бахархлын өдөр"

2022-11-24 07:35:03

Өнөөдөр Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна.

Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон.

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд хоёр хүнд олгохоор болсоноос гадаадын иргэн анх удаа энэхүү эрхэм шагналыг хүртэнэ. Тодруулбал, Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордод Монгол түмний бахархал болсон эрхэм хүндэтгэлийг хүртээнэ.

Мөн Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнд өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллаж, эрдэм шинжилгээний 30 гаруй сэдэв, төслийн хүрээнд Монгол Улсын хөрс байгаль орчин, экологийн чиглэлээр судалгааны ажил хариуцан гүйцэтгэж дотоодын болон эх орны ихэнх нутгийг хамарсан хээрийн экспедиц зохион байгуулж 310 гаруй бүтээлийг дангаар болон хамтран туурвисан Доктор, профессор Д.Доржготов хэмээх эрхэм хүмүүн "Чингис хаан" тэргүүн зэргийн одонг гардан авна.

Энэ өдөр Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Есөн хөлт цагаан тугаа цэнгүүлэн, хууль тогтоогч УИХ хүндэтгэлийн чуулганаа чуулна. Чингис хааны музейд “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нээгдэнэ.

Монгол түмэн өнөөдрийг омогшил, бахархалаар дүүрэн байж, тэнүүн жаргалтайгаар тэмдэглэн өнгөрүүлнэ.

Эрхэм уншигч та бүхэнд Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийн эрхэм мэндийг дэвшүүлэн өргье.


Өнөөдөр "Монгол бахархлын өдөр"  
Үзсэн: 1957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй