Шууд Chart

900 гаруй залуу Эрхүү мужийн “Байкал 2020” олон улсын зусланд цугларчээ

2014-07-10 14:18:19

2014 оны долоодугаар сарын 1-8-ны өдрүүдэд ОХУ-ын Залуучууд, Спортын Яам, Эрхүү мужийн захиргаанаас 2008 оноос жил бүр зохион байгуулдаг зусланд Оросын бүх мужууд, Монгол, Хятад, Казахстан, Өмнөд Солонгос, Япон, Испани, Австрали зэрэг гадаадын улс орнуудаас ирсэн 900 гаруй залуу Эрхүү мужийн “Байкал 2020” олон улсын зусланд цугларлаа. Бүтэн долоо хоногийн туршид үргэлжилсэн энэхүү зуслангийн үеэр залуучуудад зориулсан лекц семинарууд, туршлага солилцох чадварлаг мэргэжилтнүүдийн олон төрлийн хичээл явагдаж, санхүүжилт авах боломжтой төслөө танилцуулсан.

Зуслангийн үйл ажиллагааг Эрхүү мужийн захиргааны 1-р орлогч дарга Виктор Игнатенко, ОХУ-ын хар тамхитай тэмцэх албаны орлогч захирал Николай Цветков, Эрхүү мужийн Биеийн тамир, Спорт, Залуучуудын асуудал хариуцсан Яамны сайд Павел Никитин нар нээж үг хэлсэн юм. Энэхүү зуслангийн онцлох арга хэмжээний нэг нь Бүх Оросын хар тамхитай тэмцэх сайн дурын хөдөлгөөний III их хурал байсан ба энэхүү хурлын зорилго нь олон нийтийн дунд хар тамхины хэрэглээний эсрэг байр суурьтай байх, эмийн бус эмчилгээг дэмжих, хар тамхины хууль бус эргэлтийг үгүйсгэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэхэд оршиж байлаа.

Тус үйл ажиллагаанд Монголын Залуучуудын холбооны төлөөлөл болсон 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Монгол залуучууд зуслангийн бүхий л хөтөлбөрт бүрэн хамрагдсан бөгөөд урлаг соёлын хөгжөөнтэй хөтөлбөрүүд, олон төрлийн спортын төрлүүдээр бусад орны залуучуудтай өрсөлдөж амжилттай оролцлоо. Нийт 7 төрлийн буюу бизнес, манлайлал-залуучууд, улс төр, манлайлал-олон улсын харилцаа, сайн дурынхан, аялал жуулчлал, хөдөлмөр эрхлэлт, шинжлэх ухаан ба инноваци төрлийн сургалтууд бусад сонирхолтой сэдвүүдээр уулзалт лекцүүд өдөр бүр зохиогдож байлаа. Сочигийн Олимпийн алтан медальт Алексей Негодайло хүрэлцэн ирж залуустай уулзалт ярилцлага хийсэн нь онцлог үйл явдлын байв. Энэхүү залуучуудын зуслан нь жил бүр зохиогдох бөгөөд залуус өргөнөөр оролцох боломжтой ажээ.


900 гаруй залуу Эрхүү мужийн “Байкал 2020” олон улсын зусланд цугларчээ   
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй