Шууд Chart

Хакүхо хэмээх нэр сүмо гэх үгтэй үеийн үед цуурайтсаар байх болно

2023-01-30 12:19:14

Их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол өнгөрсөн бямба гаригт болж, энэ тухай дэлхийн олон орны хэвлэл онцлон бичиж байна. Түүн дундаас www.bloodyelbow.com сайтын нийтлэлийг онцлон, орчуулан хүргэж байна.

Агуу сүмочдын нэг, магадгүй бүх цаг үеийн хамгийн агуу сүмоч Хакүхо зодог тайллаа

2021 онд зодог тайлах болсноо албан ёсоор зарлаж, сүмогийн түүхэн дэх хамгийн агуу сүмоч хэмээн олон хүний зүрх сэтгэлд үлдэх Хакүхо Шо Токио хотын "Рёгокү Кокүгикан" ордонд сэтгэл хөдөлгөм ёслолын ажиллагаа хийж, спортод баяртай гэж хэлэв.

Уламжлалт ёслолын арга хэмжээний үеэр 37 настай ёкозүна залуу сүмоч озэки Такакэйшо, Хошорю нарын хамтаар сүүлийн удаа дохё-ири буюу дэвжээний ёслол үйлдэв. Ирээдүйн ёкозүна гэгддэг озэки Такакэйшо энэ сарын башёд түрүүлсэн бол озэки цолонд хүрэхээр зорьж байгаа сэкивакэ Хошорю нь Хакүхогийн нутаг нэгт, монгол бөх.

Ёслолын арга хэмжээний үеэр олон үзүүлэх барилдаан болж, Хакүхогийн дохё дэвжээн дээр хамгийн сүүлийн удаа гарч ирсэн нь оргил үе байлаа. Тэрбээр өөрийн хүүгээ сүүлийн тулаандаа сонгосон байв. Тэр хүүдээ хэзээ ч мартахгүй мөчийг бэлэглэлээ.

Магадгүй, энэ нь тэр өөрийгөө “Цагаан гарьд”-ын удамд маваши өмсөх сүүлийн хүн нь биш гэдгээ илэрхийлэх гэсэн санаа байх.

Цэнгээнт үзүүлбэрүүд дуусмагц арга хэмжээний гол ёслол болох Хакүхогийн зодог тайлж буйг бэлгэдэх сэвлэг үсийг нь үргээх ажиллагаа эхлэв.

Олон зуун хүн Хакүхогийн үсэнд хайч хүргэсний дараа түүний багш Чикүбаяма Масакүмид гэзгийг нь хайчлах эрхэм бөгөөд хүндэтгэлтэй үүрэг ногдсон.

Ёкозүна асан Харүмафүжи Хакүхогийн үсэнд хайч хүргэх үед агуу их сүмоч нулимс унагасан мөч мөн сэтгэл хөдөлгөм байв.

Хожим нь Хакүхо шинэ үс засалттай, шинэ костюмтай гэрэл зураг татуулсан байлаа. Зодоглож байгаа сүмоч олны өмнө орчин үеийн болон барууны хувцастай ил гарч болдоггүй дүрэмтэй.

Мөнхбатын Даваажаргал 2001 онд анх сүмогийн ертөнцөд хөл тавьсан. Зургаахан жилийн дараа тэр 22-хон насандаа ёкозүна цолонд хүрч байлаа.

Хакүхо сүмогийн “муу жаал” болох Асашёрюгийн дараа ёкозүна цол хүртсэн хоёр дахь монгол, дөрөв дэх гаднын сүмоч. 2015 онд Хакүхо 33 дахь түрүүгээ авч, дөчин жил ноёрхсон дээд амжилтыг эвдсэн. Тэрбээр 2021 онд зодог тайлах тухай зарлахаасаа өмнө нийт 45 түрүү авчээ. Хакүхо нэг жилд хамгийн олон түрүүлсэн, дараалан хамгийн олон даваа авсан, дээд зиндаанд хамгийн олон түрүү авсан гээд дээд амжилтуудын эзэн.

Тэр мөн бүх цаг үед хамгийн удаан хугацаанд ёкозүна цолтой барилдсан агуу сүмоч.

Хакүхо нь гадаад ертөнцөд зөвхөн агуу их бөх төдийгүй шилдэг тамирчдын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Түүний хүч чадал, уран мэх, ур чадвар телевиз үзэгчдийг татсан. Тэрбээр залуу сүмочдыг дасгалжуулах, өөрийн дэвжээтэй болох зөвшөөрөл авсан. Хакүхо одоогийн дэвжээндээ залуу авьяастнуудыг нээж, хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгаа. Тухайлбал, ихэд алдаршиж буй Энхо, өсвөр үзэгдэл хэмээгдэж буй Очиайг дурдаж болно.

Хакүхо дохёд өөрийн биеэр гарч, хүч үзэхгүй ч Хакүхо гэдэг нэр олон үеийн туршид сүмотой утга адил цуурайтсаар байх нь дамжиггүй.

Эх сурвалж: https://www.bloodyelbow.com/


Хакүхо хэмээх нэр сүмо гэх үгтэй үеийн үед цуурайтсаар байх болно  
Үзсэн: 423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй