
Америкийн нэрт зохиолч Жером Дэвид Сэлинжерийн “Хөх тариан талбайн ирмэгт” хэмээх дэлхийн сонгодог роман монгол хэлнээ орчуулагдан гарлаа. Уг номыг “Маш нууц” сонины эрхлэгч, орчуулагч О.Чинзориг уншигч түмэнд зориулан дуун хөрвүүлжээ. Харин номын редактораар түүний ах зохиолч, орчуулагч О.Чинбаяр ажилласан байна. О.Чинзориг өмнө нь “Монголын авьяаслаг бизнесмэнүүдийн нууц” номыг Ж.Батсүхийн хамт бичиж оны шилдэг номын шагналыг хүртэж байсан билээ. Үүнээс гадна тэрбээр “Дэлхийн шилдэг бизнесмэнүүд 1, 2”, “Тархи угаах урлаг”, “Ертөнцийг өөрчилсөн 50 компани”, “Монголын баялаг бүтээгчид”, “Монголын гайхамшигт брэндүүд” зэрэг бизнесийн чиглэлийн ном, зохиолыг бичиж туурвижээ. Харин Ж.Д.Сэлинжрийн “Хөх тариан талбайн ирмэгт” хэмээх энэхүү роман нь түүний хувьд орчуулсан анхны уран зохиолын бүтээл юм. Орчуулагч О.Чинзориг цаашид ч мөн уран зохиолын сонгодог орчуулгын бүтээлүүдээс уншигч олон түмэнд хүргэхээр зориг шулуудан туурвиж байгаа аж.
Тэгвэл Ж.Д.Сэлинжер нь “The Catcher in the Rye” хэмээх өөрийн цорын ганц романаа арван жил бичсэн аж. Дайны үеэр ч тэр бичгийн машинаасаа салаагүй гэдэг. Уг роман маш их амжилт олоод зогсолгүй Сэлинжерийг дэлхий даяар алдаршуулсан билээ. Зохиолын гол баатар Холден Колфилд 16 настай бөгөөд хүүхэд ч биш, мөн эрх чөлөөт, биеэ даасан, хариуцлага хүлээх чадвартай том хүн ч бус билээ. Төрөлх Нью-Йорк хотын гудамжаар тэр элсэн цөлд таваргаж яваа мэт алхана. Гэрийнхээ ойролцоо байх ч орон гэргүй хүн шиг өөрийгөө санана. Амьдралын босгоны өмнө тээнэгэлзэнгүй байдалтай зогсох энэ өсвөр насны хүү их нээлттэй, ялдам атлаа амархан гомддог, цочмог мөртлөө бусдад ч сэтгэлийн шархыг өөрийн мэдэлгүй учруулчихдаг нэгэн. Бусад хүмүүс бага ч атугай худал хуурмаг, амиа хичээсэн зан гаргаж, хоёр нүүр гаргах юм уу онцгүй үйлдэл хийвэл хөвгүүн ихэд цочирдон, тэр болгоныг тун эмзгээр хүлээж авна. Нөгөө талаас, энэ ёсзүйн максимализм нь зохиолын баатрыг амьдралын бодит байдалд огт дасан зохицож, бэлтгэгдээгүй болохыг нь харуулна.
Уг роман хэвлэгдэж гарснаас хойш 60 гаруй жил өнгөрсөн ч Холден Колфилд гэх хөвгүүний өөрийнх нь хүүрнэсэн түүх өнөө хэр уншигчдын зүрх сэтгэлийг түгшээж, тэднийг өөрийнхөө амьдралын талаар бодолхийлэхэд хүргэсээр байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Ж.Д.Сэлинжерийн “Хөх тариан талбайн ирмэгт” роман уншигчдын гарт очлоо | ||
Үзсэн: 1437 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.