
Эх орондоо хайртай хүн бүрт, тэр дундаа хүүхэд залуучууд бидэнд эх орны минь тусгаар тогтнол, эрх чөлөө ямар их үнэ цэнэтэйгээр уламжилж ирснийг үзүүлсэн “Эх орон дуудаж байна” Монголын уран сайхны кино өнгөрсөн сарын 22-нд ёслол төгөлдөр нээлтээ хийсэн билээ.
Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч хэдийнэ үзэгчдийг байлдан дагуулж, кино театруудын тасалбарын борлуулалт нь өндөр хувьтай байгаа тус киноны уран бүтээлчид, үзэгчдtдээ зориулж талархлын өдөрлөгийг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулжээ. Тус өдөрлөгт киноны уран бүтээлчдээс гадна олон авьяаслаг залуучууд нэгдэн оролцсон бөгөөд "Тэнгис" кино театрын гадна талбайд мэргэжлийн бүжигчид болон уран бүтээлчдийн шоу үзүүлбэрүүд явагдаж, “Mongolian sidecar owners club”-ын залуучууд дайны үеийн цэрэг мотоцикльтой, цэрэг эрсийн хамт хотын төвөөр парад хийсэн нь их хотын үзэгчдэд болоод хүүхэд залуучуудад хүрч чадлаа. Ийнхүү эх орон, хайр сэтгэл, хүний амьдралын үнэ цэнийн тухай үзүүлж буй тус киноны продюсер найруулагчаар С.Очирхуяг, найруулагчаар В.Агар нар хамтран ажиллажээ. Мөн хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, зураглаачаар Улсын филормонийн дарга МУУГЗ Даваасүрэнгийн хүү Д.Ангараг, зургийн даргаар Т.Алтантуяа, графикчаар Ш.Тансаг нар ажилласан байна.
Халх голын дайны цаг үеийг орчин үетэй холбон бүтээснээрээ ихээхэн онцлог тус киноны гол дүрүүдэд жүжигчин СТА Э.Ууганбаяр, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, СТА Б.Баттулга, жүжигчин Э.Чамин-Эрдэнэ нар тогложээ. Мөн дүрүүдэд жүжигчин МУГЖ С.Дамдин, жүжигчин Д.Мөнх-Од, жүжигчин Б.Батсүх, жүжигчин Б.Батмэнд, Ө.Энхболд, Б.Леонид, Ж.Буяннэмэх, Ж.Оргил нарын уран бүтээлчид тогложээ. Тэрбээр тус кинонд Монголын олон гайхалтай авьяаслаг уран бүтээлчид тоглосны зэрэгцээ Орос, Польш, Япон зэрэг орны уран бүтээлчид мөн оролцон тоглосон аж.
Эх орон, хайр сэтгэл, үнэ цэнэтэй бүхнийхээ төлөө халуун амиа зориулсан эрэлхэг охид, хөвгүүдийн тэмцлийг уг кинонд сонирхол татам адал явдлаар дүүрэн үзүүлсэн бөгөөд Монголд анх удаа Америкийн кино зураглаачдын холбооноос гаргасан АSC- CDL горимоор албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү киноны өнгө шүүлтийн ажлыг хийсэн байна. Ингээд та бүхэндээ “Эх орон дуудаж байна” Монголын уран сайхны киноны талархлын өдөрлөгийг фото сурвалжлагаар толилуулж байна.
“Эх орон дуудаж байна” киноны талархлын өдөрлөг боллоо | ||
Үзсэн: 1392 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.