Шууд Chart

Алтан-Овооны бага тахилга боллоо

2016-05-25 08:59:38

Төрийн тахилгат Алтан-Овоог дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлалтай. Энэ жил их тахилга болох ёстой байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 181 дүгээр зарлигаар 2017 онд тахих болсон. Тиймээс бага тахилгыг зуны эхэн сарын шинийн 15 буюу энэ сарын 21-нд өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Тахилгын их насны уралдаанд 53 хүлэг тоосоо өргөснөөс С.Энхтөрийн хонгор түрүүлж, Д.Алтанхуягийн бор аман хүзүүдсэн бол Ш.Баатарын хээр, Ш.Эрдэнэбилэгийн хээр алаг, Г.Энхбаатарын бор айрагдсан юм.

Харин 33 даага уралдахад Б.Баярхүүгийн гуулин зээрд торгон жолоогоо өргүүлж, Д.Батхүрэлийн хээр аман хүзүүдсэн бол Г.Ганбаатарын хонгор, Ж.Мөнхтөрийн хар, Ч.Бямбаагийн хар тус тус айрагдаж, хурсан олныг баясгав.

Сонирхуулахад, Алтан-Овоог 1913 онд Богд хааны зарлигаар тахиж байсан түүхтэй бөгөөд 1990 онд шашин соёл сэргэж эхэлсэн үеэс зургаан удаа их тахилгыг үйлдсэн байдаг билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигт энэ жил Сутай, Отгонтэнгэр хайрханыг тахих бол ирэх жил Алтан-Овоо, Ханхөхий уулыг тахиж, лус баясгана.


Алтан-Овооны бага тахилга боллоо  
Үзсэн: 3423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй