Шууд Chart

Монголын мэдээ суваг “Евро-2016” тэмцээнийг HD форматаар шууд дамжуулна

2016-06-06 15:00:00

МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" суваг 2016 оны Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх албан ёсны эрхийг авсан. Энэ сарын 10-ны өдрөөс 51 хоногийн хугацаанд үргэлжлэх уг тэмцээнийг HD форматаар дамжуулахаар боллоо. MNB.mn сайт энэхүү тэмцээнийг шууд дамжуулна. Мөн "Евро-2016" тэмцээнийг MNB.mn сайтаар нөхөж үзэх боломжтой юм.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийн сэтгэгдлийг сонслоо.  

-"Евро 2016" тэмцээнийг "Монголын мэдээ" суваг шууд дамжуулах онцгой эрхийг төсвийн ямар нэг дэмжлэггүйгээр авсан. Хөлбөмбөгт дуртай үзэгчдэд маш том боломж олгосон үйл явдал гэж бодож байна? 

-Өмнө нь бид иргэдээс авдаг телевизийн хураамжийн мөнгөө өдөр тутмынхаа үйл ажиллагаандаа зарцуулдаг байсан. Контент худалдаж авах тал дээр бол киноноос цааш хэтэрдэггүй байсан. Тийм учраас бид кино худалдан авахад зарцуулж буй мөнгөө багасгаад томоохон контентуудад зарцуулахаар шийдсэн.

Дэлхийн хэмжээнд дөрвөн жилд нэг удаа болдог хоёр том контентийг авахад мөнгөө зарцуулъя гэдэг бодлого барьсан. Нөгөө талаасаа МҮОНРТ олон нийтэд хүсч байгаа зүйлийг нь өгөх үүрэгтэй учраас ийм бодлого барьсан. “Рио 2016”, "Евро 2016” гээд хоёр том тэмцээнийг шууд дамжуулах онцгой эрхийг авч чадсандаа баяртай байгаа. Энэ бол зүгээр олддог эрх биш. Нэлээн их өрсөлдөөн болдог, цаанаасаа ч гэсэн бас их шаардлага тавьдаг. Жишээ нь, UEFA-г шууд дамжуулахын тулд заавал HD формат руу шилжсэн байх ёстой гэдэг. Тэгэхээр бид бол их урт удаан хугацааны яриа хэлэлцээрийн дүнд энэ эрхийг авч чадсан.

 1960 оноос эхтэй “Евро-2016”  тэмцээнд энэ жил анх удаагаа Европ тивийн шилдэг 24 баг өрсөлдөхөөрөө онцлог юм. Өмнө нь тус тэмцээнд хамгийн ихдээ 16 баг өрсөлдөж байсан. “Евро-2016” тэмцээний нээлтийн тоглолт Парис хотын дагуул хот болох Сен-Денигийн цэнгэлдэх хүрээлэнд болно. Франц улс 3 дахь удаагаа тивийн АШТ-ийг зохион байгуулж байна.

МҮОНРТ-ийн уран бүтээлчид 2002 онд анх хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байсан. Энэ удаагийн ЕАШТ-ийг  зургаан тайлбарлагч тайлбарлан хүргэнэ. Мөн анализ хөтөлбөр, тааврын уралдаан, тэмцээний эргэн тойрон дахь мэдээлэл, тоглолт зэргийг давтамжтайгаар үзүүлэх юм.


"Монголын мэдээ" сувгийн ахлах редактор Г.Отгонжаргалаас дараах асуултад хариулт авлаа.

-"Монголын мэдээ" суваг "Евро-2016" тэмцээнийг шууд дамжуулах эрхийг хэрхэн авсан бэ?

-"Евро-2016" тэмцээн зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 10-ны хооронд Франц улсын 10 хотод зохиогдоно. Европын аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсоор шууд дамжуулах онцгой эрхийг UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбооноос авдаг. Бид шууд дамжуулах онцгой эрхийг авч чадсан.

-Тэмцээний шууд дамжуулалтын цагийг сонирхож байгаа хүмүүс их байгаа байх?

-Хэсгийн тоглолтууд нь шөнө 22:00 цагаас эхэлж байгаа. Манай албан ёсны хөтөлбөр орой 21:30 цагаас эхэлнэ. Тоглолтын өмнө тайлбар ярилцлагууд хийж байгаад 22:00 цагаас албан ёсны тоглолтоо шууд дамжуулна. Шөнийн 01:00 цагаас хоёр дахь тоглолт, шөнийн 04:00 цагаас гурав дахь тоглолт болно. Хэсгийн шатны тоглолтууд явагдаж байгаа үед зарим шөнө хоёр тоглолт, дийлэнх шөнө гурван тоглолт болно. Мэдээж энэ тоглолтуудыг үзэж амжаагүй хүмүүс өдөр нь давтаад үзэх боломжтой. "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөр бүрийн төгсгөлд “Euro news” нэртэй Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд болж байгаа үйл явдлуудыг багтаасан мэдээ үзэгчдэд хүрч байх юм. Мөн тоглолтын үеэр тааврын хөтөлбөр гэх мэт сонирхолтой олон хөтөлбөрүүд явагдана.

-Тоглолтыг хэдэн хүн тайлбарлах вэ?

-Тайлбарлагчдыг нэлээд их шалгаруулж байж авсан. Хөлбөмбөгийн спорт хөгжихийн хэрээр залуучууд маань их үздэг, өөрсдөө мэдээлэл ихтэй болсон. Тийм учраас тайлбарлагчдыг шалгаруулж авсан. Мөн ихэвчлэн залуучуудыг авсан. Яагаад гэхээр хөлбөмбөг их залуужиж байна, залуус ч их үзэж байна. Нийт зургаан тайлбарлагч ээлжилж тайлбарлахаар төлөвлөж байгаа. Одоогоор дөрвөн тайлбарлагчийг сонгон шалгаруулж аваад байна.


"Евро-2016" тэмцээний тайлбарлагч Б.Батзаяатай уулзлаа. 

-"Евро-2016" тэмцээнийг тайлбарлах баг бүрдэж байна уу?

-Ер нь бол хөлмбөмбөг гэдэг маш том соёл байдаг. Тухайн улс оронд мөн соёлыг түгээж байдаг. Миний хувьд лигт тоглодог байсан. 12 жил хөлбөмбөг тайлбарлаж байна. Багаа бүрдүүлэхдээ мөн хөлбөмбөг тоглодог, гадаад хэлний мэдлэг өндөртэй, тайлбарлагч хийж байсан хүмүүсийг авсан байгаа. Зургаан хүнтэй баг бүрдүүлж ажиллана.

-Шууд дамжуулалтын талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Бид шууд дамжуулалтын үеэр гадны жишгийг судалж байж нийт 51 тоглолтынхоо төлөвлөгөөг гаргасан. График, хөтлөлт, виртуаль эффект ашиглах гээд бүх зүйлийг огт өөр өнгө төрхтэйгээр дамжуулна.  Энэ бүхэн Монголын хөлбөмбөгийн соёлд маш том өөрчлөлт авчирна гэж бодож байна. Энэ боломжийг бүрдүүлж байгаа МҮОНРТ, "Монголын мэдээ" сувгийн хамт олондоо баярлалаа гэж хэлье.

Нэмж мэдээлэхэд, 15 дахь удаагийн ЕАШТ-ий тоглолтуудын хуваарь Монгол Улсын цагаар:
-Нээлтийн тоглолт 03:30
-6 хэсгийн бүх тоглолт болон шөвгийн 16-гийн тоглолтууд 22:00, 01:00, 04:00 цагаас
-Шөвгийн 8, хагас шигшээ, шигшээ тоглолтууд бүгд 04:00 эхэлнэ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Монголын мэдээ суваг “Евро-2016” тэмцээнийг HD форматаар шууд дамжуулна   
Үзсэн: 7558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.95.xxx] 2016-11-13 16:31
Зочин [103.57.95.xxx] 2016-11-13 16:29
Гайхалтай.
Зочин [103.57.95.xxx] 2016-11-13 16:28
Би лав үзэн.
Зочин [202.170.71.xxx] 2016-06-10 15:26
Асарууд тоглолтууд гаргахдаа зөвшөөрөл авч байгаа юу? Ямар утсаар холбоо барих вэ?
Зочин [202.9.41.xxx] 2016-06-06 21:50
оноолтуудййг нь цаг он сартай нь тавиад өгөөч
АДМИН [103.10.21.xxx] 2016-06-07 08:16
Өнөөдөр энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ.
зочин [103.26.193.xxx] 2016-06-06 15:19
Монголын мэдээ сувгийнхандаа баяр хүргэе. МҮОНРТ үргэлж анхдагч шүү. ЕАШТ-ийг тэсэн ядан хүлээж байна. mnb.mn сайтаар үзэж боломж бий юу? Та бүхэнд амжилт
Админ [103.10.21.xxx] 2016-06-07 08:15
MNB.mn сайтаар үзэх боломжтой... Тоглолт бүрийг цаг тухай бүрт нь сайтын нүүр хуудсаар шууд дамжуулахаас гадна нөхөж үзэх ч боломжтой...
Зочин [202.131.225.xxx] 2016-06-07 11:48
Гоё шүү, баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй