Шууд Chart

Зээргэнтийн гол (Өгүүллэг)

2019-05-22 13:40:47

 

Эрхэм уншигч та бүхэнд зохиолч Жамбын Түмэнбаярын “Зээргэнтийн гол” өгүүллэгийг хүргэж байна.

Тэнд өндөр үнэтэй юмыг хамгийн хямд авах, хамгийн хямд юмыг өндөр үнээр зарах гэсэн хүмүүсийн эрмэлзлэл хоорондоо мөргөлдөж, хүмүүн төрөлтний шунахай, нэрэлхүү, хуурамч зан чанар тод илрэх тул хоосон хиймэл дүр эсгэлгүй жинхэнэ дүр төрхөөрөө байж болохуйц газар.

Тэтгэвэртээ гарч зав зай ихтэй болсон би элдвийг ажиглан захын тоосонд дарагдан тэнэх дуртай болов. Намрын нэг өдөр нилээд удаан явж чилсэн хөлөө амраахаар өндөр багана бараадан зогсов.

Хоёр гартаа барьсан ачаандаа түүртэн явах намхан шар авгай мөн зогсож, наймаачин хүүхний сул орхисон сандалд яаран суух нь надаас самбаатай ажээ. Тэр, шинэхэн хүрэн торгон дээлийнхээ хормойг хумин, эргэн тойрноо хайхрамжгүй ажиглана.

Тэр бид хоёрын харц мөргөлдөөд “Нохой долоо, энэ бид хоёр ч дээ“ гэсэн янзтай тоомсоргүй салав. Яах аргагүй танил царай тул би сэмхэн ахиж харлаа.Тэр ч бас намайг хулгайлан харна. Хорвоод өнгөрөөсөн дал шахам жилд олон хүнтэй уулзаж учирсан би, хөдлөх бүрд танил царай тааралддаг тул харц буурууллаа. Нөгөөдөх маань ч ижил бололтой харц салгав. Гэвч харах нь эрх чөлөө мөнийг батлан дахин харц мөргөлдөв. Гайхаж, сонирхон, таньж ядан байх тэр үед, хажуугаар зөрөх нэгэнд шахагдан сандрах түүний, баруун нүдний унжсан зовхи өргөгдөн нууц давхраа тодрохыг ажсан би өөрийн мэдэлгүй урагш алхжээ. Сандран тулгамдсан тэр, “ Үгүй ер өө, чи мөн үү…” гэсээр угтан бослоо.

Мэнд ус, бие хаа, ажил төрөл, нутаг газраа асууж, хариулцгааж хэн хэнийгээ сонжин ажиглана. Өөрийгөө намхан туранхай үрчгэр шар эмгэн болсноо эс мэдэх тэр, намайг халзарч, үс сахал бууралтан бөгтийснийг дүрслэн шоолж тоочино. Гэхдээ дууных нь аялгуу өхөөрдсөн, гайхсан, баярласан байх тул би ч даган баярлаж байв.

Ертөнцийг дуусгаж яваа өвгөн надад, тавь шахам жилийн дотор өөрийгөө хэрхэн өөрчлөгдсөнийг сонсон, өхөөрдүүлэн зогсох минь таатай байлгүй яахав. Ярилцагч түүний минь аав ээж, ах дүү, үйл явдал, үнсэн таалах нь, бүүр адууных нь тамга нь хүртэл тод санагдавч ганц өөрийнх нь нэр санаанд орохгүй сандраана. Би

- Пэрэнлэйдорж ахынх чинь хаана яаж суудаг вэ? Цэрмаа эгч… гэх үед гачлантай нэрийг нь санамагц… Дашмаа гэж чанга хашгирав.

Дашмаа овгосхийн чочиж гайхсан мэт намайг харснаа

- Ах геологийн жолооч болсон. Манай нөгөө бага дүү Цэцэгмаа тэд нар Дорноговьд суурьшсан. Цэрмаа эгч аймгийн төвд алба хааж байгаад тээр жил өнгөрсөн гэж миний эмх замбараагүй асуултыг цэгцлэн хариулав.

- Тэгвэл танайхнаас Зээргэнэтийн голдоо үлдсэн айл байхгүй, манайхтай адилхан юм шивдээ.

- Тиймээ. Нутагтаа очих юмсан гэж мөн ч их санах юм. Зав зай олдохгүй явсаар…

Ийн хүү ярилцаж, зөрөн өнгөрөх хүний урсгалд торон, наймаачдын яршиглах харцанд хөөгдөнө. Бид хоёр сийрэг газар эрсээр цайны газрын шороотой довжоон дээр мөн шороотой цаас дэвсэн сууж аваад ярихыг ч үзүүлж гарлаадаа. Хүүхдийнхээ тоогоор хоёроор илүү тул, нэгийн давааг Дашмаа авлаа. Барьж яваа тээшнээсээ чихэр атган өгөх тэр

- Хотын та нар чинь зав чөлөө ихтэй мөртлөө юугаа хийж хэвтдэгийм гэж айльгүйтэх аядан үрчгэр гаранд минь хүрнэ.

- Монголын үрсийг чадлаараа л олшруулсан гэж би хариу айлгүйтэв.

- Монгол ч гэж дээ. Шинэль өмсчихсөн, халзан орос өвгөн шиг харагдсаныг яанаа гэж Дашмаа чанга инээж муу хавар намрын пальтоны минь энгэрийг засав.

Авдаг тэтгэврийн минь тоогоор, хувин сүүний үнэ илүү тул хоёрын давааг би авлаа. Түүнийгээ батлах мэт хажуугаар өнгөрөх зөөврийн хуушуураас гурав, гурвыг авч, би Дашмаагаа даалаа. Ааруул боорцог булаалдсан бага насны минь гэрч хажууд суух тул тэр хуушуурын амттай гэдэг нь хачин. Ходоод дотрын хуучтай болсон гэх хэдий ч амтархан идэхийг үзвэл Дашмаад ч мөн адил бололтой.

- Мартсанаас мал мэнд үү гэгчээр, Очироо маань сайн уу? Цуг яваа юу? гэж хоромхон зуурын энэ жаргалтай мөчөө алдахаас айх мэт аяархан асуувал

- Тэр минь бурхан болсоон. Жил гаруй болж байна…Тэгээд би чинь “дэргэдээ хэвтүүлэх аавтай ч болоосой, бөн бөн “ болсон шүү дээ гээд Дашмаа дахиад л инээв.

Манай баруун саахалтын Цоомоо гуай гэж, олон нөхрийн гар дамжсан, ганц бие, шүд эмсгий, хижээл эгчийг харагдмагц

“Дэрс даадаг шүдтэй ч болоосой миний ээжий бөн бөн

Дэргэдээ хэвтүүлдэг аавтай ч болоосой миний ээжий бөн бөн“ гэж хоёулаа төрхгүйтэн дуулдаг байснаа санаж би ч инээж орхив.

Бидний насны хүмүүс нэгнийхээ ханийг өнгөрөн одсоныг сонсоод инээх биш, уйлах ёстой атал бид хоёр инээлдэх ажээ. Ханиа алдсан Дашмаа зовлонгоо ярьж надаар өрөвдүүлэхийн оронд бага насаа дурсах нь эрхэм байсан бололтой. Ярианы эрч ид чангарч таньж мэдэх хүмүүс, ангийн хүүхдүүдийн хэн нь амьд, хэн нь үхсэнийг тоочин, ээ хөөрхий гэж олонтаа дуу алдацгаагаад, дараа нь хэн нь хэнтэйгээ суусан, хэдэн хүүхэдтэйг харилцан мэдээлэлцээд улс төрийн сэдэвт ороогүй байхад Дашмаа яарч эхлэв.

Хотоос хойно орших нэгэн сумын төвд Дашмааг минь аваачих ёстой зөөврийн унааны зогсоол өөд ачаа тээшиндээ будилан будилсаар очих замдаа хаягаа солилцох, бүүр бичих болж улам будилцгаав. Маргааш л хэн хэнийдээ давхиад хүрнэ гэдэгтээ үнэмшиж, айлчлан очицгоож чадахгүй хэмээн үл итгэнэ. Өтөлсөн ухаанд минь нэр нь удаан тогтохгүй нэгэн сумын төвд байгаа хашааныхаа хаалганы өнгийг Дашмаа дахин давтан хэлсээр.

Өөрийгөө залуу болсон мэт дэвэлзэх би чадлынхаа хирээр гар гарган гялгар хүүдийтэй алим авчран Дашмаадаа өгөхдөө тэр алимыг даах өөрийн гэсэн шүдтэй эсэхийг үл анзаарна. Ингэж Дашмаа явж, би хов хоосонд ганцаараа үлдлээ…

Захаас буцахаар суусан автобус чихэлдээнтэй ч удаан ч бодол дурсамжаа хөврүүлэн суухад таатай ажээ.

…Дашмаагийн аав Содном гуайх, манайх хоёр нэгдлийн хонь бригадын малчид, зарим жил айл, зарим жил саахалт нутаглана. Дашмаа бид хоёр Зээргэнэтийн голын уснаас адилхан ууж, овоо толгодынх нь шороо, хонины бууцанд адилхан хиртэж, мөн тэр усаар адилхан цэвэрлэж өсцөгөөсөн. Бид тоглож, эвлэж, эвдрэлцэж, нэгнийгээ эцэг эхдээ ховолцгоож, заримдаа гэм буруугаа хамтран нуулцдагсан. Уул нь би нэг насаар ах ч нэгэн ангид суралцаж, ойрхон байх уурхайн сууринд эгч ахындаа өвөлжинө. Сургууль дээр бол нэр холбогдон шоолуулахаас эмээж бараг танихгүй мэт царайлдаг ч зун болохоор их л ойр дотно нөхөрлөнө.

Наймдугаар ангиа дүүргэсэн зун манайхан айл зусав. Би гэждээ, тахианы өрөвлөг шиг үс сөөсийлгөсөн биерхүү өндөр бор хүү, гозон гадас хочтой. Харин Дашмаа намхан мөртөө хэвлүүн хөөрхөн биетэй бүсгүй болон өсөж, газрын битэг гэдэг хочоо гээж эхэлж байв.

Тэр зун бид хоёрын нас, хонь хариулах ажлаас ахдан, дүү нар халааг минь авсан үе юм байх. Нялх хусран нийлсэн зургаан гүү уяуулах Содном гуайн хээр азрагатай адуу, долоон гүүтэй өөрийнхөө хэдийн эзэн нь би болж, дээл хөөргөж, уурга хугачсан онгироо амьтан давхидаг болсон.

Дашмаа бид хоёр элдэв шалтагаар олонтаа уулздаг ч өөр хэн ч үгүй хоёулахнаа байдаг үе өдөрт зургаантаа тохиох нь гүү саах үе байлаа. Зуны ялаа батганатай ноцолдон, хоёр гэрийн, бас Зээргэнтийн голоор хэсэн давхих хөлчүү эрсийн айргийг бэлдэх энэ ажил бид хоёрт аз жаргал өгнө. Саран тамгатай хүрэн гүүний зөв гуянд улаан капрон алчуур тасамдсан шанхаа наан, нууцхан давхраат хээр нүдээ тормолзуулан инээх Дашмаа, хэн нэгнийг хүсэмжлэх мэт, халуунаар тэврэн элгэмсэхийг дүрслэх мэт харагдаж, сэтгэл хөдөлгөдөгсөн.

Бид эрчлэн булгилах залуу цусныхаа аагаар бүгдийг шоолон даажигнана. Зээргэнтийн голынхоо хүн бүрийг, халуунд ялаархан бие биендээ наалдан зогсох, бас холдон зугтаах нэгнээ тэнэг мэт дагах адууг ч, хээр унтаад сэрэхдээ өөр тийш давхих хонь хургыг ч, оодогнон харайлгах мөртөө гэнэт зогсон эргэх тугал бярууг ч бүгдийг хайрлахгүй шоолдог байв. Бүүр байчихаад эвгүйхэн унаж нэгнийгээ дэрлэн ойчсон хомоол хүртэл инээдийг минь хүргэдэгсэн.

Тэгж инээд цангинуулан гүүгээ саагаад саамтай, саалийн гурван хувиндаа хэлхэгдэн явсаар ирж, манай саамыг Дашмаа, Содном гуайхыг би оруулж өгдөг байлаа. Магтуулж, чихэр боов горьдоогүй ч тэгж аашилдаг их л “том хүмүүс” байж дээ бид хоёр.

Ойрхон байх Оцон толгойн хадны дэргэд, саах нийлүүлсний дараах зарим үдэш ойр хавийн хүүхэд, үүхэдтэй цуглан сууж

“Орчлон дэлхийд аялсан

Онгон цагаан сар уудаа” хэмээн дуулалдан байхдаа бүүр ч “том хүмүүс” болцгоодогсон. Худал үнэн ярьцгааж онгирцгоож , бас мөрөөднө .

Би болохоор өөрийгөө гүн сэтгэгч, их эрдэмтэн, алдарт зохиолч, зураач, хөгжимчин болсноор мөрөөднө. Чухам хэн болох нь өдрийн үйл явдалаас шалтгаалдаг бөгөөд тэр үйл явдалд ямар нэг хэлбэрээр холбоотой хөөрхий муу газрын бэтэг Дашмаа, миний мөрөөдөлд багтах газар байхгүй л дээ. Хамт суралцдаг аль л өнгөтэй, өөдтэй охидод ганган гоё үгтэй захиа өгч, хаяж , хаягдсан хэмээн хөөрцөглөн, өөрийгөө Лермонтов гуайн Печорин гэж боддог надад Дашмаа мэт нь яаж ч тоогдох билээ.

Тийн хүү жинхэнэ томд эс тоогдох, жинхэнэ жижгийг эс тоох гайхамшигт зун дуусаагүй байхад, миний үеэл Найдан ах манайд ирэв. Авга ахынхан гадаадад амрахаар явж, дээд сургуулийн анхны ангийг дүүргэсэн хүү нь манай тавиул болж байгаа юм санж. Хөдөөгийн бидний огт мэддэггүй, хотын гоё тансагийн амьд хэлтэрхий Найдан ах донж маяг, хэлэх үг, ихийг үзсэн тоомжиргүй, басангуу байдлаараа бишрээж гүйцэв .

Хөдөөгийн элдэв үйлэнд надад хүртэл гологдох тэр, гайхамшиг гэхээр олон зүйл, ялангуяа үзэсгэлэнт олон охидтой хэрхэн яаж харилцдаг, тэр охид өөрт нь чухам “ юу ч биш “ байдаг тухайгаа ярих нь надаас үлэмж давуу. Уншсан ном, үзсэн кино элдэв зүйл нь намайг дэлдийлгэх төдийгүй “ Монгол бүсгүйн үзэсгэлэнд дурлаад сөгдөхгүй үхье би“ гэх мэт шүлэг бичдэг нь миний мөрөөдлийг хулгайлаад авчихсан юм шиг санагдана. Ийнхүү Зээргэнтийн голд нэгэн гайхамшиг бий болж үеийн биднийг алмайруулж орхилоо.

Найдан ах Дашмаа хоёр тоглож, шоглож байхыг би хэдэнтаа анзаарч дотроо дургүй хүрэвч олон охидтой харилцан, бас тэднийгээ үл тоох, ихэмсэг нэгэн болох мөрөөдлийн хүлээсэнд ороолдоод мэдээгүй царайлдаг байлаа.

Саах нийлэн бүжиглэх нэгэн үдэш Найдан ах

- Чи, Дашмааг аваад ир. Бид хоёр ярилцсан юм гэх нь тэр. Намайг балмагдан ээрч, түгдрэн бүлтэлзэхэд

- Заа, юундаа айсан юм бэ. Том эр байж иймхэн юманд гэлээ. Нэрэлхүү занд дарагдан том эр гэх үгэнд овойж “ За “ гэчихсэн байлаа.

Хонь хурга майлах, гүүргийн дуу хадах үдшийн бүрийд хашгичан гүйх Дашмаа хонь хорихоосоо тараах нь илүү харагдана. Даган гүйж зэрэгцээд хумхин тэвэрч Оцон толгойн зүг алхлав.” Яах гэсийм, тавиач, тавь л даа” хэмээн тонгочих Дашмаа төдхөн номхорч, энгэрт минь нүүрээ наан шуухитнана. Болзсон нэгэн судагт сүүдэгнэх Найдан ахын дэргэд Дашмаагаа буулган “ май” гэж түлхэж орхиод зугтах мэт эргэн алхав.

Зээргэнтийн голыг цагаан сүүгээр будах мэт цайлгасан тэр үдшийн сар бутран ойчоогүйг бодоход над шиг тэнэг, онгироо амьтаныг урьд нь олонтаа харсан байж таараа

Маргааш өглөө нь анхны саамын үеэр Дашмаа бид хоёр уулзав. Эхний унагыг тайлж хөхүүллээ. Тэр ууртай, ихэмсэг царайлж, нүүрэнд нь өчүүхэн ч инээмсэглэл илрэхгүй байв. Дашмааг нууцхан тоодог өөрийнхөө сэтгэлийг огоорч, тэр хоёрт тус болсон гэж биеэ дөвийлгөх би магтаал сайшаалыг хүсээгүй ч саймширан марсайж

- За… тэгээд юу болов. Сайхан байгаа биз гэвэл Дашмаа

- Хн гээд ширэв татлаа. Найдан ахтай сайн болчихлоо гээд надад эгчирхэх санаатай, тэгдэггүй байлгүй гэсэн шүү бодол орж ирэхэд, хардаж харамлах аятай гомдон хөрвөөсөөр нойр муутай хоносоныхоо өшөөг авах гэсэн юм шиг

- Наад гүүнийхээ гуяыг тэвэрч байгаа шигээ Найдангаа тэвэрч… гэж хэлж дуусаагүй байтал тэчьяадан уурлаж шүд зуусан Дашмаа

- Тэнэг хар, Гомбын гозон толгойт, тавьтын цээж, тавтын бөгс өөдгүй шаар… гээд л хөврүүлж эхлэв. Аавын нэрийг хэрүүлд хутгасан төдийгүй шинэ хоч олж өгсөнд уурсан шаралхсан би

- Юундаа галзуурсийм. Худлаа юу, ямар худлаа юу. Найдантай тэгдэг…еэ, Найдантай тэгдэг гэж хэлээд тавьчихав.

Дашмаа дутуу саасан гүүн доороос үсрэн босож хувинтай саамаа шидээд адууны нойтон баас шүүрэн авч нүүлгэж эхлэв. Баруун шанаа минь нойтон баасанд оногдон, барьсан унагаа алдаад, хааяагүй байх адууны нунтаг шавхайгаар цацлан эсэргүүцэв.” Том хүмүүс “ болсоноо нэгэнт мартсан бид хоёр багын зангаар бие биеэ хочлон хэрэлдэж, заримдаа хэлээ гарган дооглож, тэнэг мангуугаа дуудалцан, тэнгэр газрыг нийлүүлэн алдлаа.

Зэлнийхээ хоёр гадсыг тус тусдаа бараадан шуухитнан суух биднийг, үргэж бужигнасан адуу зэлэндээ ойртон ирж халхлаж эхлэв. Улаан хүрэн царайлж цахиртан чарлаж байсан Дашмаагийн дуу намдаж гомдон уйлах ажээ. Найдан ахын шагнал мэт өгсөн папирос тамхийг асаасан би, гүн зовлонд унасан сэтгэлээ онгойлгох томчуудыг дууриан, шүүрс алдах гэсэн ч утаанд нь ханиалгаад нэг л олигтой болсонгүй.

- Еэ еэ, бөө вөө. Тамхичин, тамхичин. Аавд чинь хэлнэ дээ. Ерөөсөө би, танай гүүг саахгүй, мэдэв үү гээд ухасхийн боссон Дашмаа гэр өөдөө гүйлээ. Их л шуурхай явсан тэр удааширсаар удааширсаар зогсов. Эргэлзэн тээнэгэлзэж дороо холхисноо дур муутай эргэн ирж хажуулдан хэвтэх хувингаа авч цэвэрлэн арчаад

- Тэнэг ээ, унага аа! …гэж билээ. Бид хоёр буруу зөрүү харалцан гүүгээ саагаад анх удаа өөр өөрийнхөө саамыг барьж цувралдан явсаар гэртээ орцгоов .

Тийм сүртэй хэрүүл уйлаан болоход хэн нэг нь заавал ховлодог бид хоёр юу болсоноо ихэд нууцалсаныг бодоход хэнд ч хэлж болохгүй гэм бие биедээ хийсэн юм шиг. Тэгж бидний хооронд цав сууж, дайны байдалтай арав гаруй хонолоо .

Хүргэн ах хотод томилогдон ажиллахаар болж намайг шилжүүлэн авч явахаар шийджээ. Унааны аяыг харж Найдан бид хоёр хамт явцгаалаа. Салан одохдоо хөндий хүйтэн харилцаж Дашмаадаа сайн сууж байгаарай гэх төдий л юм хэлсэн шиг санагдана

Хотын хүн болсон би, хойтон зуны амралтаараа ноосны үйлдвэрт ажиллаж, дараа зун нь гадаадад суралцах хуваарь аван элдэвт мунгинасаар гурван өвөл хоёр зун Зээргэнтийн голдоо очиж чадаагүй. Ажил хийж олсон мөнгөөр минь аавд хромон гутал, ээжид дээлийн даавуу тэргүүтэн олон зүйл авах эгчдээ “Дашмаад юухан ч яахав юм авъя” гэж санаж бодсоноо хэлж чадаагүй нэрэлхүү ичимхий амьтан байж дээ би. …

 

Автобус мөлхөн мөлхсөөр олон байшинт хороололын буудалд намайг буулгав. Гэрийн зүг шуудран алхсан би, муу хөгшинийхөө хажууд Дашмаагийн тухай бодолтойгоо очих нь эвгүй санагдан замдаа тааралдсан сандалд тухлан суугаад бодол дурсамжиндаа умбав.

…Ленинградын том оюутан болсон би их л мундаг амьтан нутугтаа очиход Зээргэнтийн гол минь айраг цагаа, тос сүү үнэртүүлэн угтав. Аав ээж хоёр өсөж томорсоныг минь гайхан тоочоод санасан цангаагаа тайлан баярлаад сүйд. Би ч санаж гансарсан сэтгэлээ амраах гэхдээ, гэр, гүүн зэл, уяа шошго, хот хороогоороо дахин дахин гүйж байсандаа. Ээждээ унага татан зогсох шиг жаргал байдаггүйг ч мэдсэн. Ээж минь ажилд нухлагдсан гараараа гүүний борвийг түших шахам босохыг хараад, элдвийг чалчих чөлөөндөө эмнэг догшин адууны доор хийсэх эрвээхэй мэт хөнгөнөөр босон суух Дашмааг санав.

- Ээжээ, Содном гуайх хаана вэ?

- Хөвийн баруунтаах тэр хоёр гэр. Ноднин Цэрмаагаа , энэ жил Пэрэнлэйг айл болгоод сандруу л байгаа…

- Би, мордож Амбаа, Наяа тэд нарт үнсүүлмээр байх юм. Аавд хэлбэл яах бол? гэж Дашмаагийн тухай заавал ярих ээжээс өрсөн хэлэв .

- Тэгэлгүй яахав. Ийм том болсон хүүгээ нутаг усныхантайгаа золгуулах гэдэг аав ээжид нь жаргал шүү дээ. Аавд нь би хэлье. Маргаашнаас болохгүй юу гээд хошуугаа цорвойн намайг үнсэв.

Маргааш нь аав өөрийнхөө унадаг сайвар борлогийг мөнгөн хазаар эмээлээр гоёж өгөв. Ээж, аавд явуулсан хромон гутлыг, өөрт нь өгсөн саарал даавуугаар хийсэн дээлтэй гарган тавьжээ. Хэтэртлээ гоёсон намайг сайвар борлогтоо мордон дэмбэлзүүлэхэд гаднаа бөртийн зогсох тэр хоёр минь хаанаас нь ч харсан нүд дүүрэн харагдахаар өсгөсөн хүү намайгаа амин хайртай Зээргэнтийн голдоо цацал болгон өргөх мэт харагдана. Архи айраг хэтрүүлэн хүнээ алдав, морь эмээлээ хайрлахгүй шившиг болов, ёс журмаас давж нэр хугалав гэж үглэхээ мэдээж мартаагүй л дээ. Чухам, Нацагдорж гуай, шувуун саарлаа унан яваа мэт өөрийгөө дөвийлгөх би хулсан ташуур дэмнэн өргөх төдийд сайвар борлог гулсах мэт ухасхийнэ .

Нутгийн өвгөд, ах нар хоймортоо суулган элдвийг асуун ярилцаж зарим нь бүүр хөөрөг тамхи ч үзүүлнэ. Айлын эгч нар том эр болсныг тоочин хөөргөх мөртөө, ааруул чихэр атган өгч нэр гутаах нь ч байлаа.

Цахилдаг цэнхэртэх Хөвийн баруун хавтгайд Содном гуайх буужээ. Гэр нь жижгэрч, адуу нь харагдахгүй агаад зайдуу тавьсан тэрэгнээс ганц хээр унага уяжээ. Содном гуай, Догоо эгч хоёр ээлжлэн үнсэж том болсоныг бас л хөөрлөн гайхна. Гэрийн баруунтаах цагаан орыг хэцлэн хааж, хөшиг татан хориг хийж , хээ хуартай цагаан овоолгоор цааз тогтоосон нь Дашмаагийн орон зай бизээ. Хэтэрхий цэмцгэр тэр орны хөлнөөс тос нэвчсэн тас хар ямаан тулам уясан нь Содном гуайн бүрэн эрх бололтой. Мөлхөж явсаар тэр тулмыг авч газарт хэдэнтаа цохин цалгиулсан Содном гуай танил бус даанч бага тэр савнаас, хэдийнээ таних даанч том туушаанд айраг хийж надад барив. Ганц гүүний айрагны унасан тос нь туушаанд наалдан дүрсэн уруулыг өмөлзтөл чимчигнүүлнэ.

- Хүүхдүүдээ айл болгож өмч хөрөнгөө тастасаар ганц гүү сааж үзэж байна. Хөрөнгөгүйдчих гэхээс бус сайхан ундаа юм хөөрхий. Дэлхий дэлэнт хоёр дундрах бишдээ, хойтонгоос зэлээ татнаа. За тэгээд, миний хүү, явсан газар үзсэн харсанаа яриад байгаарай гээд дотносгоор дөхөн суух Содном гуайтай зэрэгцэн аав, ээж, ах дүүс, хэтрээд хүрэн үнээний тухай хүртэл шалгаах Догоо эгч яриа үймүүлнэ.

Жижиг гэр дүүргэх галын илч, онгирох, өхөөрдөх хослох ярианы эрч хоёулаа сулрах үед

- Дашмаа хаачсан бэ? гэж би асуув.

- Пэрэнлэйдоржийнд очсон. Тэднийх Жинстийн арын Аман усанд нэгдлийн гүүтэй байгаа гэж ам булаалдан хариулцгаав.

Жинст гэдэг торлог шивээлсэн уулын арын устай жалганы өргөн дэнжид нэгдлийн гүү саах тав зургаан гэр эгнэн буужээ. Айл бүр хорин таван гүү саадаг болохоор лавтайяа зуун тавь орчим унага зэрэгцэн эгнэж зэлэндээ уягджээ.Уулын арыг бүрхэх адуун сүрэгт хандан, тэдний жингэнэтэл унгалдахад уул толгод ч хагармаар. Энэ дуу өдөржин тасрахгүй жингэнэх нь Зээргэнтийн голын урд хэцийг чимэглэх гоёмсог зурагны дуут чимэг адил санагдана.

Цоо шинэ, цав цагаан таван ханат, Пэрэнлэйдоржийнх ажээ. Хэзээ ч билээ огт хэрэггүй захиа зурвас надаас авч хариу бичилцэж байсан зэрэгцээ ангийн улаан Хандаа өндөр бор хүүхэн болчихоод энэ гэрийг эзэгнэнэ.

Үргэн бишүүрхсэн ч тэврэх шахуу золгон уулзсан Дашмаа бяцхан гараараа бугалгыг минь зөөлөн зөөлөн түншин байж “Үзэгдэж харагддаггүй гозон гадас вэ, чи” гэж өмөлзөн ичингүйрнэ. Тэрээр хүүхэн төрхийг бүрэн олж гоолиг жаахан бие нь улам шаавай дэгжин болжээ. Дашмаа бид хоёр ингэж л уулзсаан.

Гадаа зогсох ачааны машины жолооч, зузаан бор залуу амгаланаар мишээж дотно сайхан мэндлэх нь намайг мэддэг юм шиг. Нэрийг нь Очир гэнэ.

Инээлдэн шуугиж, алиалан тоглосоор үдшийн ажил цэгцэрсэн хойно, борцтой хоолны үнэрийг даран, гэрийн эзний хишиг, лонхот идээг, зуун тавин гүүний саамаар исгэсэн айрагтай сөгнөөд, тэр хотын таних, танихгүй залуустай нийлэн сууж найрлав.

Гоё ганган сэргэлэн цовоогоор цалгих би, дэмбээнд гартах нь ховор, хүсэмжлэх эрсийн харцаар булуулах Дашмаа, дуунд гацах нь ховор.

Тэр зуны богино шөнө бидний хоолой цээлсэн нийлж “Оломгүй далайн усандаа

Ойчих ч үгүй сэтгэл үү дээ “ хэмээн уянгалах нь өдөржин жингэнэсэн зуун тавин унаганы дууг орлох мэт.

Үүрийн өмнөхөн найр тархан хажуулахад бэргэнтэйгээ өвөрлөлдөх Дашмаагийн шивнэн хөхрөх нь сонсогдсоор.

Хот газрын муу зуршлаар оройтож сэрсэн би цай уугаад мордох болов. Гэрийн эзэн эзгүй, Ханд Дашмаа хоёр намайг дайлна. Ажилд захирагдах Очироо хэдийнээ давхин оджээ.

- Би чамтай явж гэртээ харина гэж Дашмаа надад хөдөлшгүй хатуугаар хэлэв.

- Очироотой явчихгүй яасийм? гэж Ханд хажуугаас ороход

- Бидэрт халиунаа авч ир гэж аав хэлсэн.

- Тэгвэл адуунаас бариулая.

Ханд инээмсэглэн хазаар аван гарахад Дашмаа надаас зугатах мэт дагана.

Дааган цагаас нь мэдэх бидэрт халиуны ховилтох оноо хөлсөндөө харлан тодрох үед бид хоёр Өндөр хэцийн зүүн урд хунхуйд орж ирэв. Таслахыг хүлээн дохилзох улбар ягаан жимс мэт улаартан туяарах Дашмаагийн мөрөөр тэврэн тонгойж, дутуу аньсан зовхи , цэмцгэр уруулыг үнэрлэн алдбал, тэрээр зулран зугтаалгүй, өөдөөс тэмүүлэн, сурамгай гэгчээр озон үнсээд амьсгаа авах чөлөөндөө “Бууя“ гэж шивнэв. Хантайран тушсан борлогийн хүзүүнд нөгөө цулбуурыг тооно тушаад эргэхэд минь, цэцэгс алаглах судагийн зөөлөн ногоон дээр гар дэрлэн хэвтэх Дашмаагийн, нингэн тэрлэгээ цоолох шахам түрэх хоёр хөх, хов хоосон агаар мандлыг халуун илчээрээ төөнөн хараа булаав. Гоё үгтэй хоосон хийсвэр захиа зурвасаар үеийн охидоо чочоох төдийгөөс хэтрээгүй, эр эмийн үйлийг эс мэдсэн би тэр үед чухам юу болсоныг санадаггүй, одоо ч дүрслэн бодоод олдоггүй юмдаа. Бүх ертөнцөөс нуугдах мэт яаран хувцаслах бид хоёр гэмшингүй, ноомой, бас ичгүүрт амьтад болчихсон байлаа. Дашмааг нууцхан ажвал, энэ орчлонгоос авах ёстой өчүүхэн юмаа өөрийн сайндаа олж авсан мэт бардмаар гялалзах харцаа ичингүйрэн буруулж, жаргаланд хөшсөн инээмсэглэлдээ хонхойх цайвар хацар нь бүүр цаад гүнээсээ нэвт гэрэлтэн тод шингэн ягаан туяа цацруулж байв. Бид хоёр бүсээ бүслэн бие биеэ харахдаа хүн гэгч хувцасныхаа цаана нүцгэн байдгийг анх мэдсэн хүмүүс мэт ичин гайхана.

Морьдын туурайгаар өвс шороо, царцаа дэвхрэг үсчинэ. Цахилдаг дотор тонголзох тогорууг заан, дэгэн догон хийж явдаг нэгэн хөөрхий багшаа нэрлэвэл Дашмаа түсхийтэл инээж, би ч дагалаа. Инээх юмсан гэж ихэд хүсэвч инээж болдоггүй, шалтаг эрэх үе байдаг бололтой. Уур уцаар, зовлон гунигтай адил инээд ч бас бачимдуулан, нэгэнт сад тавибал үл зогсох мэт, бид хоёр Зээргэнтийн голынхоо ангирыг үргэтэл инээсээр хатируулна.

Хонь угаадаг цементэн шуудууны нэрээр Онгоцны гэж нэрлэгддэг өндөр довон дээр бууцгаав. Одоо Зээргэнтийн голынхон бүгдээрээ бид хоёрыг харж болохоор ажээ. Голын хөндий, хоёр талаар нь алслах уулсыг мал сүрэг битүү бүрхэж, нарны тусгал бүрийг нэг малд оноовол, нар ч багадам санагдана. Энэ сүрдэм, агуу том орчлонгийн яг төв дунд өчүүхэн жижиг, үл анзаарагдам, гэнэн томоогүй хоёр амь, бие биеэ налан суух нь Дашмаа бид хоёр.

- Сургуульд байхдаа би Найдан та хоёроос захиа их хүлээсэн гэж Дашмаа яриа эхлээд

- Найдан гоё үгтэй хүн, захиа бичнэ гэж амласан болохоор нь хүлээдэг байлаа. Тэгсэн мөртөө захиа ирээгүйд нь баярлах мэт болдогсон. Илүүг харж, гоё ганганд хууртсан надад гомдсон чамаас захиа ирэхгүйдээ гэж бодовч горьддог байсан. Чамаас…

- Тэнэглэн онгирч, чамайгаа түүнд аваачиж өгсөн би буруутай болохоор юундаа гомдохов.

- Үгүй, тэр шөнө чинь юу ч болоогүй, харин дараа нь, би өөрөө гээд Дашмаа шуухитнан ногоо зулгаана.

- Тэгээд яах гэж надтай зодолдсон юм бэ?

- Тэнэглэж л байхгүй юу. Чамд хууртагдсан юм шиг санагдаад л. За тэр яахав дээ. Чамаас захиа ирэхгүй болохоор гомддог байсан. Өөр эмэгтэй хүүхдийн нэрийг буцах хаяг болгон, гадна нь бичээсэй гэж хүртэл бодно гээч. Яагаад бичдэггүй байсан юм бэ?

- Мэдэхгүй. Харин ажил хийж мөнгө олоод чамд гоё алчуур юмуу, нэг юм явуулахсан гэж бодож байсан.

- Тэгээд? гэсэн Дашмаа над уруу улам шахан суух ажээ.

- Ичээд эгчид хэлж чадаагүй, бас…

- Бас юу гэж?

- Найдан ах мэдчихвэл шоолно гэж бодогдоод. Дашмаа шүүрс алдав.

- Чи сургуулиа төгсөөд хот орж болсонгүй юу?

- Юун хот орох билээ. Тахир гураваас өөр дүн олдох биш. Сүү сааль, мал, гэрийн ажлыг хэнээр ч заалгахгүй сурчихдаг би, тэр тоо, моо, физик энэ тэрийг заалгаад ч сурахгүй юм чинь. Намайг оёдлын цехэд нормчин болгосон. Хагас жил ажиллаад бие муудлаа. Эмч нар намайг сэтгэл мэдрэлийн өвчтэй гээд хөдөлмөр эмчилгээний газарт явууллаа. Бичигтэд тийм газар байдаг юм билээ. Их муухай газар, хүмүүс нь эрүүл тэнэг нь мэдэгдэхгүй, заваан балиар нь хэтэрхий, хийлгэдэг ажил нь нөгөө л оёдол.

- Чи үнэхээр тийм өвчтэй болчихсон юм уу? гэж би гайхашран, өрөвдөж асуув.

- Толгой өвдөж, уур уцаар хүрч, сэтгэлээр унаад ажил ч хиймээргүй санагддаг байсан. Эмч нар залуу насны түр зуурын юм гэдэг мөртөө эмчилдэггүй, өөрсдөөсөө зайлуулах гэхдээ л тэр газарт явуулчихсан байх. Тэнд ганцаардаж, сэтгэлээр улам унаж зовж байхад энэ Очироо байнга эргэж очдог байсан. Цэргээс, ахтай хамт ирсэн уурхайн модны жолооч хүн. Намайг оролдоод байдаг би царай өгдөггүй удсан даа. Тэр муухай газар айж, ичиж, тулах түших хүнгүй болохдоо Очироод дасаж эргэн ирэхийг нь хүлээдэг болсон. Тэгсээр, тэгсээр түүнд автаж орхисон гэж дуу нь сулран суларсаар бараг шивнэн хэлэв. Тэр, хоолойгоо засан шулуудсан зоримог янзаар

- Түүнээс хойш бие минь сайжирч, толгой өвдөж уур хүрэхээ больсон нь гайхмаар. Очироотой учрах бүр улам эдгэрээд байх шиг санагддаг байлаа. Хаврын эхээр гарч, гэртээ ирсэндээ. Очироо ханилж сууя гэж гуйсаар, би хариу хэлж чадахгүй явсаар байна. Уул нь овоо хүн шүү гэж бүх үнэнээ надад заавал хэлэх ёстой мэт, юуг ч, яагаад ч нууж болдоггүй бие сэтгэлийнх нь хагас би болчихсон мэт бүгдийг тоочин ярив. Тэгснээ

- Чи минь хүнтэй болсон уу? гэж шулуухан асуув.

- Харж явдаг хүн бий гэж би нэрэлхэв.

- Орос уу, Монгол уу?

- За яршиг, ер нь үнэнийг хэлэхэд тийм хүн байхгүй.

- За яалаа гэж чи чинь сургуулийнхаа охидыг үймүүлж захиа шидээд байдаг биш билүү?

- Дашмаа минь, тэр чинь хий хоосон гоё үгээр зугаацаж байсан хэрэг. Үнэндээ би өнөөдөр л

- Худлаа битгий ярь.

- Үнэн. Намайг ганцхан чи л эр хүн болголоо шүү дээ гэж хэлээд Дашмаагийн биед улам наалдах гэж тэмүүллээ. Дашмаа хирдхийн цочиж гайхсанаасаа илүү айсан нүдээр намайг харж надаас хөндийрөөд

- Худлаа гэж бараг хашгирав .

- Үнээн. Чи өөрөө мэдээ биздээ гэвэл тэр сандран балмагдаж

“Үгүй… тэгэх ёсгүй… тийм” гэсэн учир холбоосгүй юм үглэн, царай нь уурласан мэт хүрэнтэн улайж, нүд нь айсан тугалын нүд мэт дүрлийж

- Тиймээ, үнэн байх нь. Би өөрийгөө ариглан хамгаалж чамдаа хадгалж чадсангүй. Би бузар булай… завхай эм! гэж хашгиран хэлээд мордон ухасхийв. Чадлаараа харайх бидэрт халиунаа ороолгох бүрдээ нулмисаа шудрах түүний гар, морио бус өөрийгөө, бас намайг ташуурдах мэт санагдана.

Алмайран суусан би сайвар борлогтоо мордон эргэлзэн тээнэгэлзэж, дороо хэд эргэлдсэнээ гэрийн зүг гэлдрэв. Уруулыг минь тэмтрэн үнссэн Дашмаагийн, цав цагаан шүднийхээ гэрэлд туяаран гялтганах ув улаан, нингэн цэмцгэр уруулыг хүсэмжлэх сэтгэл минь, дооглон мушилзах Найдан ахын ихэмсэг харцыг даах эсэх нь тодорхойгүй байв.

Тэр өдрөөс хойш дөрөв хоноод тэвчээрээ барсан би Содном гуайнд очлоо. Дашмаа, Очироогийн кабинд зүгээр л суугаад явчихжээ.

Тийнхүү явсан л бол, дэлхийн нөгөө хагаст ч бай, саахалтын газар ч бай ялгаагүй тул би хаашаа гэж асуугаагүй. Тэгж салсан Дашмаа бид хоёр удаж, удаж бараг нэрээ мартахын өмнөхөн дөнгөж өнөөдөр уулзах нь энэ дээ.

Хэрвээ би уйлан одсон жижигхэн Дашмаагаа элдэн гүйцэж уйлалдан, бие биенээ ховлосоор Содном гуайндаа очсон бол хэрхэхсэн бол. Өөрийгөө миний нэгэн хэсэг ( ариун ч бай, ариун бус ч бай ) гэж итгэн, юугаа ч үл нуух түүнийхээ үнэнч энхрийллийн шагнал болох олон хүүхэд бужигнуулсан навсгар бор гэр минь Зээргэнтийн голдоо утаа савсуулан байх бусуу.

Үнэхээр Зээргэнтийн голын уул усны лус савдаг гэж байдаг бол, бууриа орхин алга болсон Гомбо, Содном гэдэг хоёр айлын гал голомтыг надаас, боловсон соёлч байдал гэгдэх ямба тансаглал, нэр төр, алдар гавъяа, эд ашиг, амар хялбарт шунасан аминч өчүүхэн надаас л нэхэж байдаг бизээ.

Дашмаагийн шинель гэж нэрлэсэн монгол бус хувцасны энгэрээр намрын сэрүүн салхи шурган жиндүүлэхэд, бодол таслагдаж, би босож алхав. Хажуугаар өнгөрөх арван долоохон настай хүү их хотын утаа униар, бужигнах тоосонд бөглөрөн ханиах чимээ нь төөрөлдсөн янзагын дуу шиг.

 

2006 он

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зээргэнтийн гол (Өгүүллэг)  
Үзсэн: 2634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 09:44
Уншууштай юмаа
erdenee [127.0.0.xxx] 2019-05-22 21:20
davgui

Бидэнтэй нэгдээрэй