Шууд Chart

“Борог өвс” өгүүллэг

2019-06-06 08:58:28

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн “Сэмэрч үл барагдана” номонд багтсан “Борог өвс” өгүүллэгийг хүргэж байна.

Наран ээсэн хаврын налгархан өдөр ээрэм талд цас нэгэнтээ хайлж, энд тэндгүй шалбааглан хаа нэг нуга судагт хур цасны үлдэгдэл амь бөхтэйгээр харлан цоохортоод байгаль дэлхий нялхарч, атирсан биенийхээ зоог тэнийлгэнэ.

Хөрст дэлхий аагаараа гэсэж, өт хорхой хийгээд өвс ургамлын үндэс амь орж, үржил шимээр ивэлсэн газар эхийн мөөмийг ховдоглон үмхэлж байна уу гэлтэй. Бор борхон толгодын энгэр ээвэр газарт бурзайн шаргалтах хэсэгхэн борог өвс бүтэн өвөл цасанд шалчийтал дарагдсан хэлбэрээ хадгалан бодол болох мэт хэвтэх агаад хаа зарим нэг салхинд сэрвэлзэн сэгэлзэх нь дахиж ирэхгүйгээр одсон насаа дурсах мэт. Харин нялх ногоо соёолон, хөөрхий борог өвсөн дундуур наран зүг тэмүүлэн зэргэлдээх үеийн нөхөдтэйгээ уралдан, хашгичин гарч ирнэ.

Гэнэн цайлган насандаа ч болоод тэрүү, гэрэлт ертөнцөд цухуйж чадсандаа тэрүү өөрийг нь юухнаас ч хамгаалан манаж хэвтэх урд жилийн борог өвсийг үл тооно. Урд жилийн борог өвсний доорхи уржнан жилийн өвгөн борог өвс өөрийнх нь үндсийг хооллон өнгө зүс нь харлан хаг болон хэвтэхийг бол бүр анзаарахгүй. Анзаарахгүй ч юу байх вэ ерөөс тэр мэдэхгүй.

Гагцхүү ганган ногоон биеэ гялтагнуулж, нарны алтан цацраг, анхны бороон ариухан дуслыг танхилхан биендээ шингээж, өнгөний сайхныг цэцэгсийн хамт хослуулан, үнэрийн анхилууныг өргөн талаар нэг агаарын мандалд униартуулахыг хичээх мэт. Өнгөрсөн жил өөрийгөө ямар байсныг, өвгөн борог өөрийг нь хэрхэн ачилсныг, орчлонгийн эрээн барааныг одоо л нэг ойлгож байна уу гэлтэй харьцуулж борог өвс өвгөн боргийн дээр, өнөө жилийн нялхсын ёроолд атиран нугарч хэвтэнэ.

Ноднин жилийн хавар бас л ийм байсан даа би. Болгоомжгүй багын зангаар салхины аясаар сэгэлзэж, бороо борооны түрүүчид баярлан ганхалзаж, болох болохгүй юмыг үл анзаарч, энэ бяцхан довон дээр ганцаараа юм шиг дэрвэлзсэнсэн. Дуутай бороог дагаж мөндөр цохидгийг, дуугүй бороо зүсэрч нар үзүүлэхгүй найм хоноход шалбийтал нороод навсайж унадгийг, эсвэл үндсээ баахан тарчлааж өөрийнхөө биеийг хорчийж хонхойтол шимээд ч юу ч гарахгүйгээр хатаж харангаддагийг мэддэггүйсэн. Энэ бүгдэд миний доор хэвтээ хаг болсон энэ хөөрхий хамгаалж намайг аварсныг тэр үед би мэдээгүй л юм даа. Бусадтай уралдан сугсарч бузгай хурдан ургаж үхэр малын хоол болдгийг энэ нялх амьтан яаж ч мэдэх билээ дээ хөөрхий. Бэржгэр хатуу хэлээрээ битүү нэг ороогоод татах агшинд чиний өмнөөс би ам руу нь урьдчилж орохыг чи мэдэхгүй, буцаад эрүү нь эргэж буухаараа бузгай зөрж буудгийм. Тэр агшинг бид тэнгэрийн аз гэдгийм даа. Бултаж бид ямар чадах биш дээ.

Нар налайсан налгар намар гэж байдгийм. Салхи салхины аясаар эм цэцэгсийн тоос энүүгээр тэрүүгээр эргэлдээд л ээдээ мөн чиг сайхан шүү. Олондоо олон тэд. Олдоно доо олдоно тэд. Сэрүүн намар наашлаад, сэрчиг сэрчиг салхи гунигаар үлээхэд сэм сэмхэн санаа алдах шиг сэрвэгэр эрэвгэр үзүүрээс чинь сэтгэл гундтал цайраад эхэлдгийм. Ээдээ! энэ орчлон хатуудаа хатуу .

Цаг цагийн хатуу эхэлж цасны түрүүч унахад, гандаж гундсан чи гайгүй сайн нугарч үндсээ даран хэвтэх болно. Чиний доор би үржил шимээ газарт шингээн өгөрч харлан унах болно. Амьдрал гэдэг угаасаа л ийм шүү дээ.

Гэхдээ одоо чамайг хавар зун намар гээд хачин урт, дэндүү тансаг амьдрал хүлээж байнаа. Сугсайтал ургаж, сагсайтал цэцэглээрэй. Энэ сайхан дэлхий чиний үнэрт мансууран нялхарч, чиний өнгөнд баярлан бахархадгийм шүү дээ.

Бодол болон хэвтэхдээ мань борог бас болоогүй ээ хажуу хавиргынхаа борогтой хань татах мэт орооцолдон гогцоорно…

 

2007.09.02

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Борог өвс” өгүүллэг  
Үзсэн: 2531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй