
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.
-*-
Би найзынхаа аврагч нь байсан юм билээ
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийтлэлийн уралдааны тухай сонсоод энэхүү түүхийг бичихийг хүссэн юм. Хөдөөгийн бөглүү сумдад охид гэр бүрийн хүчирхийлэлд өртөж хохирсоор байдаг. Энэ талаар сургалтанд хамруулж өөрийгөө хамгаалж болдог гэдгийг мэдрүүлээсэй гэсэндээ энэ түүхийг хөндөн бичлээ.
Би тэр үед жаахан охин байсан. Жаахан охин ч гэж дээ зургаадугаар ангийн хүүхэд байлаа. Би л өөрийгөө жаахан гэж боддог байснаас биш миний үеийн охид эхнээсээ амьдралын хатуу хүтүүг туулж, бэлгийн дарамтад өртөөд эхэлчихсэн байсан юм билээ. Надтай их дотно үерхдэг манай ангийн Цэрмаа /нэрийг нь өөрчлөв/ гэж царайлаг, сурлага сайтай охин байлаа. Манай гэр хөдөө байдаг тул би хагас бүтэн сайнаар гэртээ харих гэж хоног тоолон хүлээнэ. Хөдөөгийн бөглүү сумын сургуулийн бидэнд хагас бүтэн сайнаар гэртээ харих шиг сайхан юм байхгүй.
Цэрмаагийн гэр ч манайхтай ойрхон байдаг. Тэгээд би найзыгаа хоёулаа замын машинд суугаад гэртээ харих уу гэхээр хачин их дургүйцээд “Би явахгүй. Дотуур байрандаа л байж байя. Би гэртээ харих дургүй” гэнэ. Яагаад тэгдэг учрыг нь мэдэхгүй болохоор би “Залхуу амьтан. Хонь хариулахаас залхуураад байгаа юм уу” гэж ирээд л муу найзыгаа хатуу үгээр булдаг байлаа. Харин тэр надад юу ч хэлэхгүй дуугүй л санаа алдчихаад сууж байдагсан.
Заримдаа тэр байн байн санаа алдаж “Чи эр, эм хүмүүс юу хийдгийг мэдэх үү? Би гэрээсээ зугтаамаар байна” гэж сонин сонин юм ярьдаг байв. Харин би тэрийг нь огт тоохгүй. Тоглох л юм бодно. Бид долоодугаар ангид ордог намар Цэрмаа маань хичээлдээ ирсэнгүй. Багш Цэрмааг шилжсэн гэлээ. Би түүнийг хотын охин болж дээ л гэж бодож байв. Харин долоо хоногийн амралтаар намайг хөдөө ирэхэд Цэрмаа хонь хариулж яваад надтай тааралдлаа. Тэгээд аав нь суруульд явуулахгүй хөдөө гаргаж малчин болгож байгаа талаар ярилаа. Надад бол зарим нэг хичээлийг хуулах хүнгүй болж байгаа юм байна даа яанаа л гэсэн бодол байснаас биш найз минь яаж насаараа хөдөө амьдрах юм бол, яагаад сургуулиасаа гарсан талаар нь огт сонирхсонгүй. Тэр өдөр л найз маань надад бүх сэтгэлийнхээ нууцыг ярьсан юм. Аав нь өөрийх нь төрсөн аав биш төдийгүй үргэлж хүчирхийлдэг байжээ. Тэгээд байнга хажуудаа байлгахын тулд сургуулиас нь хүртэл гаргасан гэнэ. Мөн тэрээр “Ээжийг маань эмчилгээнд явуулж байгаа нэрээр хот руу байнга явуулдаг.
Тэгээд хонь манаж байгаа гээд намайг байнга өвөртөө унтуулдаг. Би одоо яах вэ” гээд л уйлж билээ. Тоглоомноос өөр юм бодож яваагүй надад энэ үнэхээр том цохилж болж би өөрийгөө яах ёстой, найздаа яаж тус болохоо үнэхээр мэдээгүй юм. Дэмий л архи ууж агсам согтуу тавьдаг аавыг нь харахаар уур хүрч, болдог бол энэ бүгдийг нь тэр хавийн бүх хүмүүст хэлж аавыг нь шоронд оруулах юмсан л гэж бодно. Тэгээд өвлийнхөө амралтаар Цэрмаатайгаа уулзахдаа би энэ бүгдийг хүмүүст хэлэх хэрэгтэй гэсэн ч найз маань зөвшөөрсөнгүй.
Хэрвээ хэн нэгэнд хэлбэл “Ээжтэй чинь хоёуланг нь ална гэсэн. Одоо надад ямар ч арга байхгүй” гэлээ. Ингээд л өдөр хоногууд өнгөрсөөр нэг л мэдэхэд би энгэртээ хонх жингэнүүлэн гүйж, наймдугаар ангиа төгсөж, харин Цэрмаа маань гэдсэндээ маамуутай, нүдэндээ нулимстай сууж байсансан. Мэдээж хүүхэд нь хойд аавых нь хүүхэд. Манай тэр хавийхан ч шивэр авир хийж Намнан /нэр өөрчлөв/ дагавар охиноо хүүхэдтэй болгосон гэж ярих болов. Гэтэл тэднийх нэг л өдөр нүүгээд явчихсан. Хаашаа гэдгээ ч хүмүүст хэлээгүй. Ингээд би гэдэг хүн найзыгаа бодохоос өөр тус хүргэж чадалгүй үлдсэн сэн. Сүүлд сонсох нь ээ тэднийх Сэлэнгэ аймагт очсон байсан. Найз маань ч бүр хойд аавыхнаа эхнэр нь юм шиг болж, хөөрхий ээж нь үг ч хэлэх эрхгүй өрөвдөлтэй хүн, хатавч бараадасхийн зарц боол шиг нь бага гэртээ амьдардаг болсон. Хүүхэд нь овоо том болж байгаад хонь угаадаг керлин гэдэг шингэн уугаад нас баржээ.
Дараа нь дахиад нэг хүүхэд төрсөн. Цэрмаа энэ дарамтнаасаа залхаад ор сураггүй алга болчихсон гэдгийг ярьсан юм. Арваад жилийн дараа сонссон энэ түүх үнэхээр бараан бас аймаар байлаа. Сэтгүүлч мэргэжил сонгож нийгмийн сайн сайхны төлөө хэр чадлаараа тэмцэж яваа надад ямар их гунигтай хувь тавиланг мэдрүүлсэн гээч. Тэгээд би найзыгаа хайсан. Арай гэж нэг утасны дугаар олоод залгатал найз минь мөн байсан.
Тэр “Оюутолгой”-д тогооч хийж байгаа гэв. Тэгээд “Найз нь одоо сайн явна. Би дахиж тэр гэрт хэзээ ч очихгүй. Одоо л би жинхэнэ амьдралаа олсон” гэлээ. Ээжтэйгээ уулзахгүй юм уу гэхэд “Харин би очихгүй ээ. Ээж минь л юм бол намайг том хүн байж аврахгүй яасан юм бэ. Бид нар бол охиноо хэзээ ч тэгж бузарлуулахгүй биз дээ. Би ганцаараа хүн” гэсэн юм. Найзын маань хамгийн эхний аврагч нь уг нь би байсан. Би даанч юу ч хийж чадаагүй. Харин хоёр дахь аврагч нь ээж нь байсан. Гэхдээ найз маань хэтэрхий уруу дорой ээждээ гомдсон юм билээ. Надад ч бас гомдсон байх. Найзыгаа уучлаарай.
Н.Мөнх-Өлзий /secret.mn/
Би найзынхаа аврагч нь байсан юм билээ | ||
Үзсэн: 3489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.