Шууд Chart

Дашдамба бид хоёр

2024-08-30 13:26:17

Монголын радиогийн 90 жилийн ойд...

Дэвэлзсэн хүн гэж байдаг, чимээгүй оргисон хүн гэж байдаг, төвийг сахисан хүн гэж байдаг. Хүн бүхэн нэг ертөнц. Миний эрхэм андууд ч энэ бүхий л төрөлд хуваагдана. Энэ удаа нэг дэвэлзсэн хүний тухай сайхан найзынхаа тухай бичих гэж байна. Энэ хүн бол тэнгэрийн харьяат болсон анд найз Цэрэнжамцын Дашдамба бөлгөө. Дашдамбад хоёр элбэг зүйл бий.

Нэгдүгээрт хөлс. Энэ биологийн төрөл зүйл байх...Хоёрдугаарт инээмсэглэл: Энэ бол сэтгэлийн төрөл зүйл байх...Тэр бид хоёр хоёулаа багшийн дээдийн оюутан байлаа. Нэг дугуйланд сурдаг байлаа. Хоёулаа сургуулиа төгсөөд радио гэдэг айлд очсон. Гэхдээ тэр миний өмнө л яваад байсан. Хоёр жилийн өмнө төгссөн болохоор л тэр. Нөхөрлөсөн сэтгэл зүрхэнд минь өмнө хойнын ялгаа байсангүй. Намайг төгсөөд радиод ирэхэд Дашка Ховд аймагт радиогийн сурвалжлагчаар хөдөөлсөн байсан. Хэдэн жил болоод эргээд ирсэн. Ижлээ олсон юм шиг бид нэг редакцид ажиллаж эхэлсэн.

Жижигхэн юманд ч хөөрч орхино. Хөлсөө шудраад л өмнөөс нь хөөрөөд байна. Бидний сэтгэлийн ширхэг нэгтэй нь дэндүү нэгнээ ойлгоход дөхөм байсан. Өнжүүлийнхээ тухай саарал хоолойгоор сайхан шүлэг уншина. Одоо ч ...Миний өнжүүл гэхээр...гээд л бардамхан уншиж байгаа нь сонсдох шиг. Хэтэрхий цагаан цайлган нууж хаах юм түүнд ер байхгүй. Хүнтэй амархан танилцана. Ер нь хамгийн бодитойгоор үнэлвэл ил захидал шиг хүн. Тиймдээ ч тэр олон нөхөдтэй, тэдэндээ үнэнч явсаар буцсан. Бид хамгийн сүүлд Сүхбаатарын талбайн хоёр талаас дуу шуу болон уулзаж найз маань хоёр номынхоо эх бэлтгэсэн бариад үзүүлж харуулж хэсэг саатаж билээ.

Бид бол гэр бүлийн нэг фракцын найзууд учраас бидний уулзалт тоймгүй л дээ. Тэр бүхнийг яриад байх шаардлагагүй. Дашка минь редакцийн хэдийнхээ тухай дотно хэдэн андынхаа тухай өвөрмөц хөрөг найрууллын ном хэвлүүлсэн. Бид ч баярлаж тэр ч баярлаж л байлаа. Дашкагийн эхнэр Хишгээ бол манай фракцын албан ёсны өргөмжит “сөн”-чин. Хишгээ л байхгүй бол хоолойгоор давахдаа дургүй сархад бүр уйдчихыг яана. Хишгээ ороод ирвэл зам нь шулуудна. Хишгээ бол Төв аймгийн Батсүмбэрийнх. Аав ээж хоёр нь хоёулаа хөдөлмөрийн баатар гээд бодохгүй юу...Эднийх хоёр охинтой. Зээ нар нь өсөж л байна. Нэг охин нь шүлэг бичнэ. Алганы толионд багтам хөөрхөн цэнхэр хавтастай ном сурагч байхдаа хэвлүүлсэн нь одоо ч миний номын санд байж л байна.

Дашка бид хоёр хол ойрын томилолтонд хамт их явсан. Хамгийн сүүлд бид хоёр Өвөр монголын Шилийн гол аймгаар 7 хоног давхисан даа. Бид хоёрын ганзага ч сайн нийлнэ. Дашдамба Чимээ бид гурав санагдана. Нэг жил наадмын морь дагаж сурвалжиллаа. Болдбаатар гэдэг залуу жолооч цэнхэр УАЗ-469-тэй. Хурдан морь дагаад л Айдас уруудахын үед бүгд л хурдан морин дотроо шингэчихсэн ухаан мэдрэлээ алдсан өөрийгөө ташуурдах шахсан юм байлгүй. Тэрэг маань нэг ондгос гээд л нам болчихлоо. Тэгсэн чинь харайлгаад урд амортизатор нь суга үсэрсэн байж билээ. Адуу гэхээр адуу болчихдог гурван нөхөрт энэ юу ч биш үе зөндөө. Аав нь Цэрэнжамц гэж тогдогоносон хөнгин шингэн өвгөн. Сайн уяач. Цэрэнжамцын хүрэн гэж сайхан хурдан ажнайтай.

Бидний анд Цэндийн Чимиддоржийн “Тэнгэрийн наадам” номонд энэ хурдан хүрэн ажнайн тухай:

“...Биш гээд байгаа юм шиг
“Мөн” тамгатай
Монхор хүрэн
Цээжний хэдтэй уралцах
Цэрэнжамцын хүрэн...гээд л бичсэн байдаг сан.

Дашка бол биднийгээ бодвол “Татвар та бид” гээд бидэнд сэнхрүүлэгч, төрийн ордонд орж гардаг “том сэтгүүлч явлаа. Түүний биднийхээ тухай бичсэн “Элгэн садад” номыг яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва нэгэнтээ үнэлэхдээ: “Тэр, нэгэн цагт бие биеэ нөхцөлдүүлж, бие биенээ ирлэж, бие биенээрээ бардаж, алуучиг хорвоогийн цацаа цалгиад адарч нэг хамт, омогшиж нэг хамт нөхөрлөж явсан, одоо цагийн цээжнээс харах юм бол дуу дүрсний хураангуйг цогц үзүүлээд дуртмал тэнгэртээ мөнхөрсөн анд Ч.Мягмарсүрэн, П.Баярсайхан, Ц.Чимэддорж П.Бөхбат нарынхаа тухай болон өдгөө цагийн сайханд өвөөд эрэмбэлэгдэж, өнөд сэтгэлийг нь гийгүүлэгч, хааяа ганцаардахынх нь үед ар өвөрт бөртөлзөгч нөмөр нөөлөгт эрхэм журмын нөхөр Д.Шагдарсүрэн, Дан.Нямаа, М.Баттөмөр, Л.Мөнхтөр О.Сундуй нарын зэрэг олон хүний тухай дурсамж дуртгал бичсэнээ “Элгэн садад” хэмээн эмбэрийдэн нэрийдсэн ажгуу....” хэмээсэн байдаг.

Анд минь бид сэтгэлээрээ хамт явсны буян сэрүүн дэнжийн яргуй шиг гал асам хэвээрээ шүү.


Дашдамба бид хоёр  
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй