
Долларын ханшийн огцом өсөлтийг Монгол банкны зүгээс зохиомол өсөлт биш бөгөөд хэд хэдэн шалтгааны улмаас эрэлт ихсэж, нийлүүлэлт багассантай холбоотой гэж тайлбарлаж байгаа. Тухайлбал: Тус банкны ерөнхий эдийн засагч С.Болд хэлэхдээ: “Хадгаламж банкны “Стандарт” банкинд тавьсан өр болон төрийн банктай нэгтгэсэнтэй холбоотой дуулиан, Оюу толгойн экспорт зогссонтой холбоотойгоор Чингис бонд, Хөгжлийн банкны бондын үнэ ихээхэн унаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ огцом буурсан. Эдгээр хүчин зүйлс нь валютын захад нөлөөлсөн гэж үзэж байгаа.
Дэлхийн банкны зүгээс Монгол улсын эдийн засгийн байр байдал 2011-2012 оны хооронд хурдацтай өсөлтөө хадгалан үлдэж байсан боловч 2012 оны дундуур БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор Монгол улсын нүүрсний экспорт ихээр унаж, гадаад худалдаа саарсантай холбоотойгоор эдийн засгийн өсөлт огцом буурсны улмаас долларын нийлүүлэлт багасч, эрэлт ихэссэн гэж дүгнэж байгаа.
Хөндлөнгийн ганц байгууллага болох эдийн засгийн аудитын газар, санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ноён долларын ханшны огцом өсөлтийн талаар үнэлгээ шинжилгээ хийдэг байгууллага биш гэлээ.
Ихэнхи эдийн засагчид дээрхи тодорхойлолттой утга нэг тайлбар өгч байгаа бол зарим нэг нь удахгүй болох хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хөөрхөн тайлбар хийх нь ч бий. Тухайлбал: Энэ үеэр сурагчийн хичээлийн хэрэгслэлийн импорт нэмэгдэж, юан болон бусад валют бага зэрэг нэмэгддэг гэж байгаа.
Зарим нь долларын ханш өсч, Монгол мөнгө үнэгүйдэх нь дотоодын үйлдвэрлэлийг өсгөх, дэмжих ач холбогдолтой гэж байгаа юм. Тухайлбал: ноос ноолуурын салбар, махны экспорт зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортоос тэдгээр компаниуд өндийн босох юм. Харин импортлогчдын хувьд, бараа бүтээгдэхүүнийхээ үнээ нэмнэ. Ингэснээр эрэлт багасч алдагдалд орох аж.
Бараа бүтээгдэхүүний үнэ хэдийнээ нэмэгдсээр цалин багатай иргэдийн нуруунд хүнд ачаа нэмэгдэх болох нь. Ер нь ямар нэг түр зуурын шалтгаанаар шатахуун, валютын үнэ өсөх бүрт юмны үнэ нэмэгдээд тэр чигээрээ тогтчихдог гаж тогтолцоо үргэлжилсээр байгаа билээ.
Долларын цаашдын өсөлт уналтын талаарх дүгнэлтээс шалтгаалж, эрэлт ихсэх багасах нь мөн хамааралтай. Хэрэв өсөх хандлагатай гэвэл мөнгөө доллар болгох гэсэн иргэдийн эрэлт ихсэж, долларын ханш нэмэгдэнэ, харин буурна гэвэл эрэлт багасч, ханш нь сулрах юм. Тиймээс долларын ирээдүйг мэдээлэх шаардлагагүй биз ээ.
Монгол банкны зүгээс Хадгаламж банкыг үүний шалтгаанд дурдаж байгаа нь хоосон зүйл биш. Мэдээж Хадгаламж банкийг төрийн банкинд нэгтгэх ажиллагааг Монгол банк нэг л өдрийн дотор амжуулсан. Монгол банк тус банкны алдагдалыг долларын өсөлтөөр нөхөж буй эсэхийг хянах хөндлөнгийн байгууллага гэж алга. Тэгэхээр ганц монопол эрхтэй Монгол банкинд ч бүрэн итгэж болох эсэх нь эргээлзээтэй байгаа юм.
Мөн энэ үйл явц нь 2012 оноос хойш дараалаласан хоёр сонгуулийн үр дүн болох нь харагдаж байгаа юм. Засгийн газрын анхаарал суларсан төдийгүй сонгуулийн үеэр бидэнд сайн сайхан амлалт өгч, итгүүлэхийн тулд дээрх нөхцөл байдлыг хойшлуулсаар сонгуулийн дараа гэнэт шаар хагарах мэт дампуурлууд үргэлжилж байгаа нь энэ гэхэд хилсдэхгүй.
Одоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Тэгэхээр хөрөнгө оруулахын тулд хэн нэгэнд ашигтай, манайд ашиггүй төслүүдийг дэмжиж ирсэн туршлагаараа дэмжихийг олон улсын хөрөнгө оруулагчид гэтээд сууж байгаа биз. Хэрэв өнөөдрөө бодох юм бол алсдаа Монгол улс гадны томоохон компаниудын гарт орж, түүнээс хамааралтай эдийн засагтай улс болчихож болзошгүй байна.
Чингис бондын хөрөнгөөр зам засвар, барилга, зэрэг үндэсний бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжиж байгаа. Харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эхлэнгүүт хөрөнгө оруулагчид багасч байгаа нь хачирхалтай.
Ноён долларын ирээдүй бүрхэг байна | ||
Үзсэн: 2375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.