Шууд Chart

Япон Улсын парламентын танилцуулга

2016-06-01 13:47:17

Япон Улсын Үндсэн хууль нь 1946 оны 11 дүгээр сарын 03-нд батлагдаж 1947 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр болж эхэлсэн. Япон Улсын Үндсэн хууль нь 11 бүлэг 103 заалттай байдаг. 
 
Япон Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэгт төрийн эрх барих дээд байгууллага болох парламентын эрх үүргийн тухай заасан байдаг бөгөөд тус улсын хууль тогтоох байгууллагыг “The Diet” \National Diet of Japan\ гэж нэрлэдэг. Япон Улсын парламент нь дээд, доод гэсэн хоёр танхимтай. 
 
ДЭЭД ТАНХИМ БУЮУ ЗӨВЛӨХҮҮДИЙН ТАНХИМ 
Япон Улсын парламентын дээд танхим болох Зөвлөхүүдийн танхим нь 242 /2016 оны байдлаар/ гишүүнтэй, бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа нь 6 жил байдаг бөгөөд нийт гишүүдийн 50 хувь нь гурван жил тутамд солигддог. Зөвлөхүүдийн танхимын 100 гишүүнийг бүх ард түмнээс, бусад гишүүдийг Японы 47 мужаас сонгодог. Япон Улсын 30 нас хүрсэн иргэн дээд танхимд сонгогдох эрхтэй байдаг. Зөвлөхүүдийн танхимын гишүүдийн дийлэнх хувь нь Ерөнхий сайдын тэргүүлж буй намаас сонгогддог.  Зөвлөхүүдийн танхимын үндсэн чиг үүрэг нь аливаа асуудалд зөвлөх явдал байдаг тул парламентын эцсийн шийдвэрийг гаргадаггүй. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад хийх ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын парламентын  Зөвлөхүүдийн танхимын дарга Маса-аки Ямазакитай уулзана.
 
Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Маса-аки Ямазаки
 
М.Ямазаки 1942 оны 5 дугаар сарын 24-нд Фүкүи мужид төрсөн 
  • 1965 онд Нихон их сургуулийн хуулийн анги төгссөн 
  • 1976 онд Фүкүй мужын Ооно хотын ИТХ-ын гишүүн 
  • 1979 онд Фүкүй мужийн ИТХ-ын гишүүн 
  • 1985 онд Фүкүй мужийн ИТХ-ын дэд дарга 
  • 1991 онд Фүкүй мужийн ИТХ-ын дарга 
  • 1992 онд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн 
  • 1996 онд Ерөнхий сайд Р.Хашимото-гийн Засгийн газарт Сангийн дэд сайд 
  • 2001 онд Ерөнхий сайд Ж.Коизүми-гийн Засгийн газарт ЗГХЭГ-ын дэд дарга
  • 2007 онд Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 
  • 2012 онд Зөвлөхүүдийн танхимын дэд дарга 
  • 2013 оны 8 сараас Зөвлөхүүдийн танхимын даргаар ажиллаж байна.
ДООД ТАНХИМ БУЮУ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМ
 
Доод танхим болох Төлөөлөгчдийн танхим нь 475 гишүүдтэй /2016 оны байдлаар/ бөгөөд үүнээс 295 суудал нь нэг мандат бүхий тойргоос бүрдэж, 180 суудал нь хувь тэнцүүлсэн системээр намуудад оногддог. Төлөөлөгчдийн танхимын бүрэн эрхийн хугацаа 4 жил байдаг. Японы Улсын 25-аас дээш настай иргэн Төлөөлөгчдийн танхимд сонгогдох эрхтэй байдаг. Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг 295 /2016 оны байдлаар/ тойргоос сонгодог бөгөөд тухайн тойрогт харъяалагдах хүн амын тооноос хамааран 2-6 гишүүнийг нэг тойргоос сонгодог байна. Доод танхим нь хугацаанаасаа өмнө тарвал дахин сонгууль явагддаг. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад хийх ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошиматай уулзах юм. 
Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ошима Тадамори
 
 1946 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Аомори мужийн Хачинохэ хотод төрсөн
  •  1970 онд Кэио их сургуулийн хуулийн ангийг төгссөн
  •  1974-1979 онд Майничи сонинд ажилтан     
  •  1975-1980 онд Аомори мужийн ИТХ-ын гишүүн
  •  1983 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон
  •  1986 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр 2 дахь удаа сонгогдсон
  •  1990 оны 2 сард Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр 3 дахь удаа сонгогдсон
  •  1990-1991 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
  •  1993 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр 4 дэх удаа сонгогдсон
  •  2000 ондТөлөөлөгчдийн танхимын гишүүнээр 6 дахь удаа сонгогдсон
  •  2009 ондТөлөөлөгчдийн танхимын гишүүнээр 9 дэх удаа сонгогдсон
  •  2012 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр 10 дахь удаа сонгогдсон
  • 2014-2015 онд Төлөөлөгчдийн танхимын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2015 оны 4 сараас Төлөөлөгчдийн танхимын даргаар ажиллаж байна.
Япон Улсын парламентад улс төрийн нам, эвсэл холбоодоос сонгогдохоос гадна бие даан нэр дэвшин сонгогдож болдог. Парламентын хоёр танхимын гишүүнээр нэгэн зэрэг сонгогдож болдоггүй. Парламентын гишүүн нь танхимд байр сууриа илэрхийлэн үг хэлснийхээ төлөө хариуцлага хүлээхгүй.
 
Төлөөлөгчдийн танхимд спикер, дэд спикер, Зөвлөхүүдийн танхимын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь тус тусын танхимаасаа нууц санал хураалтаар сонгогдоно. Төлөөлөгчдийн танхимын спикер нь танхимын үйл ажиллагааг зохион байгуулан, протокол хөтлөх, танхимд хэв журам сахиулах, танхимд дэг сахиулах, танхимын захиргааг хянах, танхимын хороодын хуралдаанд хандан үг хэлэх зэрэг эрхтэй.
 
Парламентын ээлжит чуулган жилд нэг удаа 12 дугаар сард эхэлж 150 хоног үргэлжилдэг. Парламентын ээлжит чуулганыг жилд нэг удаа зарлан хуралдуулахаас гадна Сайд нарын кабинет буюу Засгийн газар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болдог. 
 
Чуулганы үргэлжлэх хугацаа парламентын 2 танхимын гишүүдийн санал хураалтыг харгалзан тогтоодог.
 
Япон Улсын парламентийн Зөвлөхүүдийн танхим нь судалгааны хороодтой байдгаараа онцлогтой. Судалгааны хороо нь хуулийн төсөл, саналын талаар болон зарим онцгой асуудлаар урт хугацааны, олон талт, дэлгэрэнгүй судалгаа хийдэг.
 
Зөвлөхүүдийн танхимыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор нарийн бичгийн дарга нарын газар ба хуулийн товчоо мөн ажилладаг.
 
Үндсэн хуулийн дагуу парламент нь улсын төсөв, санхүүг зохицуулах онцгой эрхтэй. Ээлжит хуралдаанаар хэлэлцдэг хамгийн чухал хуулийн төсөл бол дараа оны улсын төсөв байдаг. Төсвийн талаарх хоёр танхимын санал зөрсөн үед Төлөөлөгчдийн танхимын хэлэлцүүлгийн шийдвэрийг Зөвлөхүүдийн танхим 30 хоногийн дотор ахин хэлэлцэж, өмнөх байр сууриа хэвээр хадгалж үлдвэл Төлөөлөгчдийн танхимын шийдвэр парламентын шийдвэр болдог.
 
Хуулийн төслийг парламентын 2 танхимаар дамжуулан хэлэлцэж баталдаг. Ингэхдээ тухайн хуулийн төслийн нэг танхимд таван өдрийн дотор багтаан хэлэлцэж, нөгөө танхимдаа өгөх журамтай. Парламентын 2 танхимын олонхийн саналыг харгалзан хуулийн төслийг баталдаг боловч Төлөөлөгчдийн танхим голлох үүрэг гүйцэтгэдэг.
 
Ерөнхий сайдыг шинээр томилоход доод танхим нь дээд танхимаас илүү эрх эдэлдэг. Доод танхим л зөвхөн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхээ шууд илэрхийлэх давуу эрхтэй байдаг. Энэ нь парламентын бодлого дахь доод танхимын эдэлдэг хамгийн чухал эрх юм.

Япон Улсын парламентын танилцуулга  
Үзсэн: 2595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.228.xxx] 2016-06-02 11:32
hfghfghz
Зочин [202.131.228.xxx] 2016-06-02 11:31
ddsfsdf

Бидэнтэй нэгдээрэй