Шууд Chart

Монголын анхны холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24“ уралдаан эхлэхэд бэлэн боллоо

2024-05-07 15:36:27

“Монголын морин тойруулгын клуб” ХХК-ийн санаачилгаар холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24” уралдаан энэ тавдугаар сарын 11, 12-нд буюу бямба, ням гарагт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт монгол болон сонгомол төрлөөр болох гэж байна.

Сонгомол төрөлд шүдлэн, дунд нас, дээд нас уралдах бол монгол төрөлд хязаалан, соёолон, их морьд уралдана. Зургаан насны ангилалд тус бүр түрүүлж бүртгүүлсэн 40 адуу, нийтдээ 240 адуу уралдах тов гарчээ.

Энэ талаар Монголын морин тойруулгын клуб” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Наранбат "Анх удаа монголд холын зайн морин тойруулгын уралдаан болох гэж буй учир бид Олон улсын стандарт, жишгийг нэвтрүүлэхэд онцгой анхаарсан. Жишээлбэл анх удаа маш өндөр нарийвчлалтай зураг авдаг Photo finish камер байршуулж байна. Дэлхийд алдартай Кинтаки, Хонконгийн жокей клубт хэрэглэдэг секундийг 3000:1 хуваасантай тэнцэх нарийвчлалтай камераар зураг авна гэсэн үг. Морьдын тохом дээр дугаар байршуулна. Хэн гэдэг уяачийн морь түрүүлж барианд орсныг өндөр нарийвчлалтайгаар дэлгэцэд харуулж, үзэгчид мэдээллийг нь шууд хүлээн авна" гэлээ.

“Hipay Cup 24” уралдаанд 12-оос дээш насны унаач хүүхдүүд уралдах бөгөөд хамгаалалтын каск малгай, эмээлтэй байна. Уралдаанд оролцох хүүхдүүдэд Монгол даатгалтай хамтарч 60 сая төгрөг хүртэлх нөхөн олговортой даатгалын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Мөн уралдах хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулах аж. Уралдааны бай шагнал ч өндөр байх аж.

Зохион байгуулагчдын хувьд сонгомол дээд, дунд, шүдлэн ангиллын түрүү магнайд тус бүр 40 сая төгрөг, мөн тус бүр Prius 30 автомашинаар байлна. Сонгомол дээд, монгол их морь, монгол соёолон, монгол хязаалан насны байг “Hipay” болон “Монголын Морин Тойруулгын Клуб” хамтран ивээн тэтгэж байгаа бол сонгомол дунд насны байг Монгол Улсын Тод Манлай Уяач Б.Далай, сонгомол шүдлэн насны уралдааныг “EFES CUP” группийн захирал О.Мөнхбат ивээн тэтгэж байгаа юм.

Их морь, соёолон, хязаалангийн түрүү магнай тус бүр 40 сая төгрөг, 2023 онд үйлдвэрлэгдсэн Foton ачааны машинаар байлна. Тодруулбал, зургаан насанд нийтдээ 240 сая төгрөг, 3 приус, 3 Foton ачааны машин бэлэглэх юм байна. Морин уралдааны бүртгэлийн хураамж нь 1 сая төгрөг бөгөөд хураамжаа 100 хувь шагналын санд зарцуулна. Зохион байгуулагчид нэг ч төгрөгийн хураамж, шимтгэл авахгүй юм. “Монголын морин тойруулгын клуб” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 240 га газар дуудлага худалдаагаар авч, 4.8 км-ын урттай морин тойруулгыг барьж, анхны уралдаанаа эхлүүлэхээр бэлтгэж ажлаа ийнхүү хангаад байна.

Одоогоор 5000 үзэгчийн суудал бэлтгэсэн бөгөөд байгальд ээлтэй зөөврийн ариун цэврийн байгууламжуудыг суурилуулсан. Мөн 20 орчим хоол, зоогийн газар, кофе шопын худалдаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээтэй байна.

Монголчууд ийнхүү анх удаа морин тойруулгын уралдааныг дэргэдээс нь тухлан үзэх боломжтой боллоо. Мөн тус уралдааны урьтал болгон энэ лхагва гарагт “UB CUP 24” шүдлэн байдас, үрээний уралдааныг тус морин тойруулга дээр зохион байгуулахаар болжээ.


Монголын анхны холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24“ уралдаан эхлэхэд бэлэн боллоо   
Үзсэн: 1714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-07 16:54
бооцоо. тавьж. блох уу
Зочин [127.0.0.xxx] 2024-05-07 16:52
Зүгээр шүү дэмжиж байна. Одоо ийм тойруулагат уралдаж дэлхийн жишигт хүрэх болсон баяр хүргэе. Яг хаана болох вэ. Мэдмээр байна.
Зочин [127.0.0.xxx] 2024-05-07 16:09
Goy hoy
Зочин [127.0.0.xxx] 2024-05-07 16:01
Сайхан хэрэг байна байнга уралдаж баймаар байнаа

Бидэнтэй нэгдээрэй