Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Даян дэлхийн байгаль орчны сангийн (GEF) хамтран хэрэгжүүлж буй “Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал өнөөдөр (2026.06.12) боллоо.
Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга Ш.Батбаяр нээж, төслийн хэрэгжилтийн ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцууллаа.
Тэрбээр Монгол Улсын хүн амын 70 гаруй хувь нь хот суурин газарт амьдарч байгаа бөгөөд хотжилт эрчимжихийн хэрээр агаар, орчны бохирдол, газрын доройтол, үерийн эрсдэл, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн хүртээмж зэрэг олон сорилт тулгарч байгааг онцлов. Иймээс хотуудын хөгжлийг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд хүртээмжтэй загварт шилжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэлээ.
“Ногоон, хүртээмжтэй хотууд” төсөл нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад хэрэгжих бөгөөд байгальд суурилсан шийдэл, тогтвортой хот төлөвлөлт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээг дэмжих зорилготой. Төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн 7.26 сая ам.долларын буцалтгүй тусламж болон Засгийн газар, түнш байгууллагуудын хамтын санхүүжилттэйгээр нийт 235 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжүүлнэ.
Хурлаар төслийн засаглалын бүтэц, чиг үүргийг баталж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, олон улсын болон үндэсний зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын хүрээг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төслийн үр дүнд 11.8 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, 39 мянга гаруй га доройтсон газрыг нөхөн сэргээх, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 75 мянга гаруй иргэний амьдрах орчны чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Тус төсөл нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өмнөхөн хэрэгжиж эхэлж буйгаараа онцлог бөгөөд байгальд суурилсан шийдлийг хот байгуулалт, хөгжлийн бодлогод нэвтрүүлэх чухал алхам болж байна.
| “Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийн удирдах хорооны анхдугаар хурал боллоо | ||
| Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.