Ховд аймгийн ХХААГ-ын дарга Б.Сандагсүрэн аймгийн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, улс, бүсийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго, тулгамдсан асуудлуудын талаар танилцууллаа.
Тухайлбал, орон нутгийн төсвөөр ТЭЗҮ-ийг нь хийж, бэлэн болгосон баруун бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнг байгуулах асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд шийдэж өгөөч гэдэг санал тавив.
Ховд аймгийн Мал эмнэлгийн ерөнхий газрын хувьд ажлын байрны орчин нөхцөл, техник тоног төхөөрөмж сайн, лабораторийн хүчин чадлыг сайжруулсан гэдгийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл танилцуулгадаа дурдлаа.
Уулзалтын үеэр хоёр байгууллагын анхан шатны нэгжид ажиллаж буй мэргэжилтнүүд тулгамдаж буй асуудал, санал, шийдлээ салбарын сайдад уламжлав. Тухайлбал, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын анхан, дунд шатны нэгжийн үйл ажиллагаа, ажиллагсдын нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, нийгмийн асуудал зэрэг сэдвээр санал солилцсон.
Сайд Ц.Идэрбат Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн 33 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ногддог. Хөдөө аж ахуйн салбар асар их нөөцтэй ч бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Үүний нэг шалтгаан нь малын эрүүл мэнд, тухайлбал малын гоц халдварт өвчин. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үнэ цэнгүй болж, хаягдаж байгаа нь үүнтэй холбоотой.
Тиймээс малын эрүүл мэнд, дархлаажуулалтад онцгой анхаарч байгаа гэдгийг хэллээ.
Энэ хүрээнд хувийн мал эмнэлгүүдийг бэхжүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээл олгох боломжийг нээж өгөх, тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны стандартыг сайжруулах, сумдын мал эмнэлгийн тасгуудыг дэмжих, “Нэг мал эмнэлэг” төслийг хэрэгжүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг олон асуудлаар сайд байр сууриа илэрхийлж, яамнаас баримталж буй бодлогыг танилцууллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрүүд, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төслүүд, “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөр болон ирэх долоодугаар сарын 22-ноос хэрэгжиж эхлэх Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн талаар мэдээлэл хүргэж, баруун бүсийн эдийн засгийн боломж, хөдөө аж ахуйн салбарын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг экспортын чиг хандлагатай хөгжүүлэх талаар санал солилцов.
-Ховд аймгийн ХХААГ Захиргаа удирдлагын хэлтэс, Мал аж ахуйн хэлтэс, Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хяналтын хэлтэс гэсэн 4 хэлтэс, нийт 22 орон тоотойгоор ажиллаж байна. Тус аймгийн 17 сумын Хөдөө аж ахуйн тасагт нийт 51 мэргэжилтэн ажиллахаас одоогоор 34 мэргэжилтэн ажиллаж байна.
-Ховд аймгийн мал эмнэлгийн газар Мал, амьтны эрүүл мэнд, хяналт, хорио цээр, баталгаажуулалтын хэлтэс, Захиргаа, санхүүгийн хэлтэс, Мал эмнэлгийн лаборатори гэсэн бүтэцтэй нийт 19, сумдын мал эмнэлгийн тасаг 28, нийт 47 орон тооны ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

| Ц.Идэрбат Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын ажилчидтай уулзлаа | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.