
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олон “Эдгэрэл-Итгэл найдвар” сэдэвт гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээ “Энэрэл” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран энэ сарын 27-29-ний өдрүүдэд Монголын уран зургийн галерейд нээгээд байна.
Үзэсгэлэнд 200 гаруй сэтгэцийн эмгэгтэй хүний 500 гаруй бүтээл тавигджээ. Зураг, гоёл чимэглэл, гипсэн бүтээл, оёдол, хатгамал, шүрэн урлал, шавар урлал, чимэг зүүлт, эсгий болон цаасан урлал, талх нарийн боов зэргээр хийсэн сонирхолтой бүтээлүүд дэлгэгджээ.
Бүтээлүүдийнх нь хажууд өөрсдийнх нь бичсэн шүлгийг тавьжээ. Сэтгэцийн эмгэгтэй хүн эрүүл хүмүүсээс ямар олон чадвараар илүү, эрүүл хүний санаанд ормооргүй гайхамшигтай бүтээлүүдийг хийж чаддаг болохыг энэхүү үзэсгэлэнгээс харж болох юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л. Насанцэнгэл, Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Алтанзул, ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Б.Пүрэвжав нар үг хэлж, тус төвийн сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ хариуцсан 10 мэргэжилтэн өөр өөрийн эмчилгээний төрлөөр хийсэн бүтээлээ тайлбарлалаа.
Орчин үед сэтгэцийн эмгэгтэй хүний хамгийн гол эмчилгээний нэг нь Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ байдаг гэж үздэг. Тэгвэл энэ үзэсгэлэн нь эдгээр хүнийг нийгэмд эерэг талаар сурталчилсан, иргэд болон шийдвэр гаргагч нарт тэднийг нийгэмд хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг мэдрүүлсэн том арга хэмжээ боллоо.
Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн бүтээлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна | ||
Үзсэн: 1936 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.