Шууд Chart

Нохой гасалсан тэр өдөр...

2022-07-27 11:38:30

- Бэсрэг тэмдэглэл -

... Одоо ч заримдаа коридороор алхаж явахад бид хэдийгээ дайраад унагах нь холгүй залуус мэнд усгүй давхилдаж байдаг болж. Хуучин тийм байгаагүй юм. Бид ажилд ороод удаагүй нов ногооноор байхдаа ахмад редакторууд урдаас ирж явбал хүндлээд навтасхийх нь холгүй байж. Тэгэж л өсгөж хүмүүжүүлжээ. Тэрний муу гэж болоогүй байх. Тээр жил Дорнодын Цагаан-Овоод явж байхад зургаан сарын дундуур мөн их халж байж билээ. Буриад айлын чингэлэгтэй тэргэн дор хоёр, гурван нохой амь хоргодож урт улаан хэлээ газар шүргэтэл унжуулан гэдсээ хонхолзтол түргэн түргэн амьсгалаад эгээ л амь тавихаас наагуур болж билээ.

Тэгэж л халдаг зун байсан. Бид хэд Цагаан Дамдин гуайнд суугаад цай ууж байв. Баатар өвгөн тэр халууныг нэг их ажирсангүй тээ. Дуугүй л цайгаа оочиж зуны шатам халууныг гэрийн онгорхой хаалгаар харсан болж жишим ч гүй сууна. Уг нь би яриа авъя гэж очсон ч өвгөн хөдөлсөнгүй ээ. Хөгшин нь харин "Хол яваа юм бол хоол идээд яв аа" гэснээр борц нүдэж дуусаад гурилаа хутгаж эхэлсэнсэн. Зураглаач Сүхбалсан маань удаан дуугүй сууснаас эвгүйрхсэн үү гаръя л гэлээ.

Гэрийн сүүдэрт урамгүй гудайв. Тэгээд хэлж байна. "Золоо камер аваад ир" гэлээ. Удалгүй бид гурав хаяаг нь шуусан гэрийн баруун хананы завсраар тэдний найман настай божгор бор хүүгийн орж, гарах зургийг сэмээрхэн авч эхэллээ.  Хэн ч хар авсангүй. Хүү жаахан байж байгаад шуртхийн орохдоо эмээгийнхээ ард байх тавагтай боорцогноос шувуу шиг шүүрч атгаад гарахдаа хөнгөн цагаан савтай зөөхийнд сурмаг гэгч хоёр дүрж хутгаад л зурам шиг хурдан хөдлөөд гарч байв.

Ийм байдлаар хүү хэдэнтээ орж боорцог авч гэрийн гадаа бор гэдсээ божийтол идсэн билээ. Удалгүй тогоотой хоол болоход хөгшид биднийг дуудав. Зуны халуунд буцламгай халуун "лапша" идэх хэцүү ч шинэ борцны хамар сэнхийлгэх үнэрт хоолны амт арааны шүлс эрхгүй асгаруулж бид хөлсөө шудран хоолоо идэв. Өвгөн хэлж байна. "Наад дэггүй бор чинь эмээгийнхээ нүдийг хариулж байгаад энэ түмпэнтэй боорцогтой өдөржин найзална шүү дээ. Сурамгайг нь хараа биз. Харин та нар зураг аваад байх шиг билээ. Хөдөөний амьдрал энэ шүү дээ. Ийм л юм авбал сонин. Би хичнээн ярих билээ" гэснээ юм боддог сэддэг хүн өөр л юм харж байна. Сайн байна гэснээ "За тэгээд би юу ярих билээ гарах уу" гэсэн юм. Бид хэд баярласандаа арай л халуун хоолтойгоо ухасхийж босоогүй билээ. Сайхан ярилцлага хийсэн санана. Одоо эргээд бодоход Сүхбалсан маань аргагүй хашир хүн тулдаа чимээ шуугиангүй тэрүүхэн хэсгийг бодож авснаар бид хэд гацаанаас гарсан. Ер нь хол хөдөө гадаа явж байхад туршлагатай хүнийхээ үгийг заавал сонсох нь өлзийтэй. Одоогийн залуу дарга нар мэддэгээ гайхуулах гээд тэгдэг үү, бас сүрээрээ дарах гэж тэгдэг үү хүний үг тулхтай сонсохоо больжээ. Өтлөхгүй юм шиг л загнаж байдаг. Бодлын богиноос уу, хүн төлөвшөөгүйнх үү нэг л юм байгаад байдаг юм.

2015 он.

Нийтэлсэн: Г.Золжаргал

Нохой гасалсан тэр өдөр...  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй