Шууд Chart

Спорт клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой

2024-05-22 13:50:50

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болгон зохион байгуулна.

Тодруулбал, Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компанитай танилцах боломжтой.

Мөн урлаг соёлынхон 11:00-20:00 хүртэл олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн, төв цэг дэх DJ үзүүлбэр, хоолны өдөрлөг болно.

Иргэд бүтэн өдрийг Сүхбаатарын талбайд энэ мэт үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөх боломжийг зохион байгуулагчид бүрдүүлжээ.

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнд нэвтрүүлсэн технологийн шийдлүүдийн талаар “Хай пэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ мэдээлэл өгөв.

Бүртгэлийг цахимжуулахаас гадна 10, 21, 42 км-т гүйж байгаа тамирчдын энгэрийн дугаарын ард RFID чип байршуулж, хөлийн шагай хэсэгт зүүх боломжтой RFID бугуйвчийг өгсөн. Гүйлтийн замын дөрвөн цэгт RFID хэмжих гудсыг байршуулснаар тухайн тамирчны гүйлтийн хугацааг мэдэх боломжтой болж буй юм. Мөн гүйлтийн замд байрлах зурагчид энгэрийн дугаарын зургийг авч, хиймэл оюун ухааны тусламжтайгаар таниулан гүйж буй тамирчны Hipay аппликэйшнд бүртгүүлсэн мэйл хаяг руу зургийг нь илгээх боломж бүрджээ.


Спорт клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй