Шууд Chart

МИ-8-тай осолдсон хүмүүсийн биеийн байдал хэвийн байна

2015-12-25 18:01:24

Цэргийн нисэхийн 337-р ангийн албан хаагчид МИ-8 нисдэг тэргээр шөнийн төлөвлөгөөт сургуулилт хийж байгаад өнгөрсөн лхагва гарагийн орой ослын буулт хийсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ ослын улмаас тус онгоцны портмеханик амь насаа алдсан бол эмнэлэгт эмчлүүлж байгаа 10 хүний хувьд шаардлагатай бүх эмчилгээг цаг алдалгүй хийж байгаа. Яаралтай хагалгаанд орсон 2 хүний нэгнийх нь биеийн байдал харьцангуй сайжирсан бол харин нэг өвчтөний биеийн байдал хүндэвтэр хэвээр байна. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бусад хүмүүсийн хувьд гэмтлийн дараах сөрөг үр дагавар хожуу илэрдэг тул 7-10 хоногийн хугацаанд ажиглана гэсэн мэдээллийг өглөө.

Нас барсан портмеханикийн хувьд үхэлд хүргэх шалтгаан нь ямар гэмтэл болохыг одоо шууд хэлэх боломжгүй, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болно. Харин эмнэлэгт хүргэгдсэн 10 хүний хувьд бүх шаардлагатай эмчилгээг хийж байгаа. Эмнэлгийн нөөцөнд байхгүй, өөрсдөө олж ир гэж гадуур эм тариа захихгүй байгаа. Одоогоор энд эмчлэх боломжгүй гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн оноштой хүн байхгүй. Анхны тусламжийг цаг алдалгүй сайн үзүүлж чадсан нь эмчилгээний чанарт шууд нөлөөлж байгаа гэсэн мэдээллийг Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлага өгч байна.

Ослын буултын улмаас гэмтэл авсан хүмүүсийн хамгийн ахмад нь 50 гаруй настай бол залуу нь 20 гаруй насных гэж байлаа. Бүгд цэргийн нисэхийн 337-р ангийн албан хаагч юм. Ослын гэмтэл хожуу илэрдэг тул хөнгөн гэмтэлтэй хүнийг нь ч гэсэн эмнэлэгтээ заавал хэвтүүлэн биеийн байдлыг нь ажиглаж байгаа. Үүнээс гадна сэтгэл зүйн хямрал, гэнэтийн цочролоос ч одоо болтол гараагүй хүн байгаа гэдгийг хэлж байсан.

Ми-8-ын энэ хэрэг дээр хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хүмүүсээс байцаалт аваад эхэлчихсэн. 337-р анги нь энэ осолдсон МИ-8-тай нийлээд дөрвөн онгоцтой. Ми-8 нь харьцангуй дээр үеийнх буюу 1984 онд үйлдвэрлэгдсэн, хуучин онгоц бололтой. Техникийн дүгнэлт гараагүй тул үүнээс боллоо гэсэн шалтгааныг одоо хэлэх боломжгүй. Нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ ч мэдэгдлээ. Элдэв мэдээлэл гарахаас сэрэмжилж, Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын эмнэлэгт одоо ч харуул хамгаалалттай хэвээр байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

МИ-8-тай осолдсон хүмүүсийн биеийн байдал хэвийн байна  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй