
Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд, ТОП-20 индексийг халж, оронд нь FTSE болон MCSI зэрэг дэлхийд нэр хүндтэй индексийг нэвтрүүлэхээр холбогдох байгууллага ажиллаж байна. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн Бодлого зохицуулалт хариуцсан дэд захирал Г. Саруултай ярилцсан юм.
- Манай хөрөнгийн зах зээл өмнө нь ТОП-75 индекийг ашигладаг байсан ч, хожим ТОП-20 индексийг ашиглах болсон. ТОП-20 индекст багтаж буй компаниудыг хэрхэн шалгаруулдаг юм бол?
- Гадаадын хөрөнгийн биржүүд гол төлөв 500, 225, 200 гаруй томоохон компаниудаа индекстээ багтааж, эдгээр компанийн хувьцааны ханш өсч, буурахаас хамаарч тухайн хөрөнгийн захын өөрчлөлтийг тодорхойлж байдаг. Манай хөрөнгийн зах зээл өмнө 75 компанийг индекстээ багтааж, ТОП-75 индексээр хөрөнгийн захын өөрчлөлтийг харуулдаг байсан. Тэгвэл, 2000 оноос индекст багтдаг компаниудын тоог цөөлж, хөрөнгийн биржэд бүртгэлтэй хувьцаат компаниудаас зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвхийг харгалзаж ТОП-20 индекст оруулдаг болсон.
Жилд хоёр удаа ТОП-20 индексэд багтаж байгаа компаниудыг шинэчилж байна. Ингэхдээ, нэг талаас тухайн компанийн зах зээлийн үнэлгээ, нөгөө талаас арилжааны өдрийн дундаж гүйлгээг харгалзаж, индекст оруулж байгаа юм. Зах зээлийн үнэлгээ гаргахдаа, тухайн компанийн хаалтын ханшийг нийт хувьцаагаар нь үржүүлдэг. Тэгээд хагас жил тутам компанийн зах зээлийн үнэлгээг гаргаж байна.
Харин арилжааны өдрийн дундаж гүйлгээ гаргахдаа, тухайн үнэт цаасны сүүлийн хагас жилийн арилжааны дүнг, арилжаа явагдсан өдөрт хувааж гаргадаг. Ийм шалгуураар компаниудыг ТОП-20 индексэд оруулдаг. Эдгээр компанийн ханш буурвал ТОП-20 индекс буурдаг. Харин өсвөл ТОП-20 индекс маань өсдөг. Ингэж л зах зээлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Гэхдээ удахгүй энэ индексийг халах гэж байгаа.
- ТОП-20 индексийг халж, оронд нь FTSE индексийг нэвтрүүлнэ гэсэн мэдээлэл өмнө гарч байсан. Энэ нь биеллээ олж байна гэсэн үг үү?
- Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд, энэ зах зээлийн үйл ажиллагаа, хууль дүрэм журам, техник технологийг сайжруулах шаардлага тулгарч байсан нь үнэн. Тиймээс ч, үүнийг хийх компанийг сонгон шалгаруулахаар олон улсын нээлттэй тендерийг Төрийн өмчийн хорооноос зарлаж, үүнд Лондонгийн хөрөнгийн бирж шалгарсан.
Шалгарсан биржтэй 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Төрийн өмчийн хороо “Стратегийн түншлэл”-ийн гэрээ байгуулсан байдаг. Энэ хүрээнд хийгдэх ажлыг нарийвчлан тусгасан “ажлын мастер” гэрээг Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж хамтран 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр байгуулсан юм. Бид Лондонгийн хөрөнгийн биржтэй гурван жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөөнд FTSE индексийг монголд оруулж ирэхээр төлөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, FTSE индексийг тооцох аргачлалаар монгол хөрөнгийн биржийн индексийг тооцож гаргах юм. Нэгэнтээ хөрөнгийн зах зээлээ хөгжлийн шинэ шатанд гаргах гэж байгаа учраас, одоо ашиглагдаж байгаа ТОП-20 индексийг халж, оронд нь дэлхийд нэртэй хүндтэй FTSE индекс оруулж ирэх шаардлага байгаа.
- Ирэх онд FTSE индексийг оруулж ирж, монголд нутагшуулна гэж ойлголоо. MCSI индексийг хэзээ оруулж ирэх юм бол. Давхар энэ индексийг оруулж ирнэ гэж төлөвлөж байгаа биз дээ?
- Их Британийн FTSE групп хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо судалгааны чиглэлээр тэргүүлэгч байгууллага. Тус групп олон орны бирж дээрх хувьцааны индексийг арилжааны эцэст болон бодит цагийн горимоор тооцоолон гаргаж, зах зээлд мэдээллэдэг. Энэ групптэй хамтран ажиллах гэрээг аравдугаар сарын 18-ны өдөр байгуулж, индекс боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Дээр дурдсанчлан, хоёр тал хамтран монголын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүдийг олон улсад танигдсан FTSE индексийн аргачлалаар тооцох юм.
Дэлхийд танигдсан, найдвартай индексийг монголын хөрсөнд нутагшуулж, “FTSE-MSE” индексийг ирэх оны хоёрдугаар улирлаас хэрэглэхээр төлөвлөж байна. Үүний дараагаар Морган Стенлей компанийн зохиосон MCSI индексийг оруулж ирэхээр ажиллаж байна. Ойрын үед яриа хэлэлцээрээ эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёр том индексийг монголд оруулж ирэхээр ажиллаж байна. Энэ үеэс ТОП-20 индексийг ашиглахаа болино.
Хэдийгээр манай ТОП-20 индексийг монголчууд мэддэг боловч, энэ индексийг гадаадад мэддэг хүн тун цөөхөн. Яг энэ индексийг дагаж хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулалтын сан байхгүй гэж хэлж болно. Тиймээс томоохон хөрөнгө оруулалтын сангууд дагадаг гэдэг утгаар нь FTSE болон MCSI индексийг оруулж ирэхээр ажиллаж байгаа юм. Энэ хоёр индексийг нэвтрүүлбэл, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд орж ирж, арилжааны идэвх сэргэж, үнэт цаасны хөрвөх чадвар нэмэгдэнэ гэж үзэж байна.
- “FTSE” болон “MSCI” индексийг дагаад томоохон хөрөнгө оруулалтын сангууд явж байдаг гэлээ. Энэ хоёр индексийг дагалдаад манай улс руу хэдий хэмжээний хөрөнгө оруулалт чиглэх бол. Мэдээж тооцоо судалгаа хийсэн байх?
- FTSE бол европчуудад илүүтэй танигдсан, том индекс. Энэ индексийг дэлхий дээр 3.5 их наяд долларын санхүүгийн хөрөнгө оруулалт дагадаг гэх судалгаа бий. Гэхдээ FTSE-г оруулж ирвэл, дээрх хөрөнгө тэр чигээрээ монгол руу орж ирнэ гэсэн үг биш л дээ. Ойролцоогоор 1-1,5 тэрбум доллар дагалдаж орж ирэх боломжтой гэж тооцож байна. MCSI индексийг Морган Станлей гаргасан. Энэ индекс азид илүү танигдсан, азийн хөрөнгө оруулалтын сангууд дагадаг индекс гэж хэлж болох талтай. Энэ индекс FTSE-ээс хоёр дахин том, 7.2 их наяд долларын санхүүжилт дагадаг. Үүний тодорхой хувь манайд ороод ирэх боломжтой. MCSI индексийг оруулж ирвэл, ази руу хөрөнгө оруулалт хийдэг сангууд дагаад манайд ороод ирнэ. Харин FTSE-г оруулж ирвэл, европ руу хөрөнгө оруулалт хийдэг сангууд ороод ирнэ гэж тооцсон. Нэг ёсондоо, европ болон ази руу орж байгаа хөрөнгө оруулалтын урсгалыг монгол руу чиглүүлэх бодлого гэж ойлгож болох юм.
- FTSE болон MSCI индексийг дагаад хөрөнгө оруулалтын сангууд орж ирлээ. Манай улс руу чиглэх хөрөнгийн урсгал нэмэгдлээ гэхэд, манай зах зээлд чанартай бүтээгдэхүүн байна уу. Өнгөрсөн хугацаанд 20 хүрэхгүй компани л жам ёсоороо анхдагч зах зээлд хувьцаагаа гаргасан байдаг шүү дээ.
- Одоо бол манай арилжааны мэдээг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаснаас л авах боломжтой. Хэрэв, энэ хоёр индексийг оруулж ирснээр монголын зах зээл дэлхий дахинд нээлттэй харагдаж эхэлнэ. Манай компаниудыг дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд харах боломжтой болно гэсэн үг л дээ. Энэ хоёр индекс манайхыг хөрөнгө оруулагчдад таниулах боломжийг нээж өгөх юм. Нөгөө талаараа, эдгээр индексийг дагаж хөрөнгө оруулалт хийдэг компаниуд, тухайн биржийн хувьцааг дуртай дургүй худалдаж авах ёстой болдог.
Манай дээр бүртгэлтэй компаниудын хувьцааг худалдаж авах хөрөнгө оруулагчид гараад ирэхээр, томоохон хөрөнгө оруулалтын давалгаа манай руу чиглэхээр байна. Энэ хэрээр дотоодын компаниуд бирж дээр хувьцаагаа гаргах сонирхолтой болох байх. Хөрөнгө оруулагчид нь бэлэн байхад, банкнаас өндөр хүүтэй зээл авах сонирхол буурч, бирж дээр хувьцаа гаргаж хямд эх үүсвэртэй санхүүжилт босгох хандлага нэмэгдэх байх.
Гэхдээ ийм болоход мэдээж цаг хугацаа шаардана. Индекс орж ирээд л, бүх хөрөнгө оруулалтын сангууд манайд орно гэсэн үг биш л дээ. Эхлээд хэдэн сан орж ирнэ. Дараа нь магадгүй 200 сая орж ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын сангууд орж ирэхэд кастадион банк тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой байгаа.
- Мэдээж хөрөнгө оруулалтын сангууд оруулж ирэхэд кастадион банк хэрэгтэй. Гэвч манайд энэ бол цоо шинэ ойлголт. Үйлчилгээ нь нэвтрээгүй байгаа шүү дээ?
- Кастодиан гэдэг нь харилцагчийн үнэт цаасыг хадгалах чиг үүрэг бүхий санхүүгийн байгууллага юм. Одоо хөрөнгө оруулагчид Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд шууд дансаа нээлгэж, үнэт цаасаа хадгалдаг бол, кастодиан банкууд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хөрөнгө оруулагчид энд үнэт цаасаа хадгалж, тус банк нь харилцагчдын үнэт цаасыг нэгтгэн ҮЦТТТХТ-д хадгалах зарчимд шилжих юм.
Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид үнэт цаасаа зайлшгүй кастодиан банкинд хадгалах шаардлага тавьдаг, тиймээс хөрөнгө оруулагчдыг татахын тулд кастодиан банкууд үйл ажиллагаагаа явуулж эхлэх шаардлагатай байгаа. УИХ өнгөрсөн тавдугаар сарын 24-ний өдөр Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлснээр кастодиан банкны үйлчилгээ хөрөнгийн зах зээлд нэвтэрнэ.
Энэ үед манай арилжааны банкууд кастодиан банкны үйлчилгээ явуулж болох юм. Гэхдээ мэдээж санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан байх ёстой. FTSE болон MCSI индексийг оруулж ирэх үед, кастодиан банкны үйлчилгээ нэвтэрсэн байна байх гэж бодож байна.
- FTSE компаниас индекс тооцохоос гадна, зах зээлүүдийг тодорхой шалгуурын дагуу ангилж, зэрэглэл олгодог гэж сонссон. Тэр талаар тодруулахгүй юу?
- Энэ индексэд багтдаг орнуудын зах зээлийг хөгжлийн түвшингээр нь 4 ангилдаг. Манай улс одоогоор ямар нэг ангилалд багтаагүй явж байгаа. Гэхдээ “хөгжиж буй” зах зээл гэсэн статуст багтахаар ажиллаж байна. Одоогоор хөгжиж буй статустай оронд 15 улс байгаа. Үүнд багтаж, эдгээр оронтой энэ зэрэгцэхийн тулд, мэдээж тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Тухайлбал, төлбөр тооцооны систем нь Т+2, T+3 тогтолцоотой байх.
Үнэт цаасны зохицуулагч байгууллага нь сайн ажилладаг байх, зах зээлийн мэдээлэл нь нээлттэй, ил тод, шударга тунгалаг байх ёстой гэсэн олон шалгуур тавьдаг. Эдгээрийг өнгөрсөн хугацаанд бүгдийг нь зах зээлд нэвтрүүлсэн. Тухайлбал, Т+3 гэсэн төлбөрийн систем, барьцаа хөрөнгийн механизмийг зах зээлд нэвтрүүллээ. Гэвч, манайхан хөгжиж буй орны статуст багтаж чадаагүй. Яагаад гэхээр, гадаадын хөрөнгө оруулагчид, монголд хөрөнгө оруулахад ямар нэгэн саад бэрхшээлгүй байх ёстой гэсэн шалгуурыг хангаж чадаагүй юм.
Тухайн үед буюу 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр “Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийг манайхан гаргасан. Энэ нь FTSE-ийн “хөгжиж буй” зах зээлийн ангилалд багтахад саад учруулсан гэхэд болно. Гэхдээ саад учруулж байсан хуулийг саяхан хүчингүй болгож, оронд нь Хөрөнгө оруулалтын тухай хууль гаргаж, энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Давж чадахгүй байсан даваагаа давах бололцоог энэ хууль олгосон учир манай улсын статусыг дараа жил дахин хэлэлцэх үед, хөгжиж буй статустай орны тоонд ногоон гэрлээр орж чадна гэж бодож байна.
Ярилцсан А. Энхтуул /Хурд агентлаг/
Г.Саруул: FTSE индексийг монголд нутагшуулбал дагалдаад 1.5 тэрбум доллар орж ирэх боломжтой | ||
Үзсэн: 3351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.